П.Цагаан: Мөрөөдлийн “Мөсөн өргөө-гөө хамтдаа бүтээцгээе

П.Цагаан: Мөрөөдлийн “Мөсөн өргөө-гөө хамтдаа бүтээцгээе

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Яармаг хороололд баригдах “Мөсөн өргөө” ордны шав тавих ёслол уржигдар болсон юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон спортын алдартнууд, мөсөн спортоор хичээллэгчид, сонирхогчид оролцсон байна.  Ёслолыг нээж “Мөсөн өргөө” ордон барих төслийн санаачлагч, “Степпе Арена” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга  П.Цагааны хэлсэн үгийг товчлон хүргэж байна.  

Улаанбаатар хотын Дүүргүүдийн Өрсөлдөх чадварын судалгааны тайлангаас үзэхэд Нийслэлчүүд, хүүхэд, залуучуудын олноороо цуглаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах, алжаалаа тайлдаг спортын байгууламж талбай хүрэлцээгүй, хомс гэсэн дүгнэлт гарсантай Та бүхэн санал нийлэх биз ээ. Тэгвэл бид өнөөдөр энэ орон зайг бага ч гэсэн нөхөж, тэшүүрээр гулгадаг байсан ахмад болон дунд насныхан, мөн шинээр гулгаж суран Монголынхоо нэр алдрыг дэлхийд цуурайтуулах ирээдүйн тамирчид гээд үе үеийнхний хүсэл мөрөөдлийг биелүүлэх Мөсөн өргөөнийхөө шавыг тавих, барьж байгуулах газрыг дэлхий ээжээсээ Бурханч лам Пүрэвбат гуай болон Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуудаараа ёслуулан гуйж авлаа. Ивээлтэй байх болтугай.

Одоо Та бүхэнд хандаж энэхүү бүтээн байгуулалтын төслийн талаар маш товч хэдэн үг хэлье.

Энэ байгууламж олон талын зориулалттай, хэд хэдэн онцлогтой юм. Нэгд, энэ өргөө ордон бол Монгол Улсад анх удаа баригдаж байгаа

Олон Улсын Олимпын Хорооны стандарт, шаардлагыг хангасан хоккейн битүү ордон. Аль ч улиралд гулгаж болно гэсэн үг. Мөсөн хоккей Монголд шинэ гэртэй, өргөөтэй болох гэж байна. Хоёрт, энэ ордонд хоккей, уран гулгалт, шорт трейк зэрэг өвлийн спортын төрлүүдээс гадна мөсөн дэвжээ буюу талбайг нь 3-4 цагийн дотор өөр шалаар сольж, дээр нь сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг танхимын бусад спортын уралдаан тэмцээн явуулах боломжтой. Спортын ордон маань 2600 хүний суудалтай байх бөгөөд олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой байна. Гуравт, энэ ордонд соёл урлагийн тоглолт, арга хэмжээг хүлээн авах бөгөөд 3500 хүний суудалтай театр болж хувирна. Ийм учраас энэ барилга байгууламж бол Спортын ч ордон, Соёл урлагийн ч ордон байх юм.

Энэ Ордонд болох анхны тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд зохион байгуулах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн наадам. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс хойш 16 сарын дараа энэхүү ордон маань өргөн олонд өндөр үүдээ нээх болно.

Одоо Төслийг хэрэгжүүлэгчдийн талаар хэдэн үг нэмж хэлье.

Энэхүү бүтээн байгуулалтын төсөл Монголынх боловч үнэндээ олон улсын төсөл. Цогцолборын архитекторын өвөрмөц зураг, дизайныг Монголын АНАГРАМ компанийн залуу архитектурчид Канадын туршлагатай архитектурчидтай зөвлөлдөж гүйцэтгэсэн бөгөөд бүтээн байгуулалтад дотоод, гадаадын олон арван пүүс компани оролцоно. Тухайлбал: Энэхүү Өргөөний Мөсөн байгууламжийг дэлхийд алдартай Австрийн AST компани барьж байгуулахаар тендерт шалгараад байна.

Одоо энэхүү төслийн санхүүжилтийн талаар онцолж хэлэхэд, төслийг санхүүжүүлэгч нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, Монголынхоо гэрэл гэгээтэй ирээдүйд итгэдэг Үндэсний үйлдвэрлэгч компаниуд юм. Тухайлбал үндэсний том бүтээн байгуулагч МАК корпорац, эрдсийн хаягдлыг баялаг болгогч Ачит Ихт компани, спортын олон цогцолборууд барих том зорилготой UPC, “Степпе Арена” зэрэг компаниуд бөгөөд энэ төсөлд бусад компани, бүтээн байгуулагчид, иргэд хөрөнгө оруулж хамтран ажиллах нь нээлттэй гэдгийг онцолж байна.  Мөрөөдлийн “Мөсөн өргөө”-гөө хамтдаа бүтээцгээе.

Улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр ийм аварга төслийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа болон хойшид нэмэгдэж хамтран ажиллах, хөрөнгө оруулах бүх түншдээ Мөсөн өргөөг ашиглах хүмүүсийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хоккейн ордон барих санаачилгыг анхнаас нь тууштай дэмжиж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Шадар сайд байх үеэсээ дэмжсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт гүн талархал илэрхийлэхийн ялдамд бидний үйл ажиллагааг төр засаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, холбогдох байгууллага, албан тушаалтнууд тал бүрээр дэмжинэ гэдэг итгэж, хүсэж, найдаж байгаагаа нөхдийнхөө өмнөөс илэрхийлье.

Энд хүрэлцэн ирсэн хоккейн спорт, өвлийн спорт хөгжсөн орны Элчин Сайдын Яамдад Монгол Улсад өвлийн спорт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Мөрөөдөл биелүүлэх Мөсөн Өргөөн дотроо төлөвлөсөн хугацаандаа болзсон цагтаа уулзах азын ерөөл өргөн дэвшүүлье. Сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.