Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа "Мөсөн өргөө"-ний бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн ням гарагт “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны спортын бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцав. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хороонд /“Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд/ баригдаж буй спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтууд хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд энд битүү дээвэртэй мөсөн ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байгаа юм.

Энэ үеэр “Степпе Арена” ХХК-ийн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ордны төслийн санаачлагч П.Цагаан “Мөсөн ордны шав тавьснаас хойш бүтээн байгуулалт 41 дэх хоног дээрээ нарийн төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгаа бөгөөд товлосон цагтаа ордноо нээхээр барилгачид цаг наргүй, аюул осолгүй ажиллаж байна. Ингэхэд төр засгаас шалтгаалах импортын татварыг чөлөөлөх, хүнд сурталтай холбоотой саад бэрхшээл, давагдашгүй зүйл гарахгүй бол бид 14 сар 20 хоногийн дараа бүтээн байгуулалтаа дуусгахаар ажлаа өдрөөр төлөвлөн чармайж байна” гэж хэлэв. 

Ерөнхийлөгч Х.Баттулга спортын бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийж чадаж байгааг онцлон тэмдэглээд эдгээр барилга байгууламжийг бүтээн босгож, ашиглалтад хугацаанд нь оруулахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх зэргээр тал бүрээр дэмжих хэрэгтэйг хэлсэн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ийм ажлыг төр, засаг дэмжихгүй юм бол өөр ямар ажлыг дэмжих юм бэ. Эдгээр спортын бүтээн байгуулалтыг барих явцад төр, захиргааны аль ч шатны байгууллага хүнд суртал гаргахгүй байж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, бүх талаар дэмжих хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд анхааруулж байна. Би ирэх долдугаар сард  ирж, энэ бүтээн байгуулалтын ажлуудтай дахин танилцана” хэмээн онцоллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар дагалдлаа.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа гээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгаа асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхаарууллаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр спортын бүтээн байгуулалтаа амжилттай хийж байгаа барилгачдад амжилт хүсээд дээрх бүтээн байгуулалтуудыг хийхэд төр захиргааны аль байгууллага хүнд суртал, дарамт шахалт үзүүлэхгүй байх, мөн бүх талаар дэмжлэг үзүүлэхийг  холбогдох сайд дарга болон бусад албаныханд сануулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх спортын бүтээн байгуулалтуудын явцтай ирэх долдугаар сард дахин ирж танилцахаа мэдэгдэв.  

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр холбогдох салбарын сайд, дарга нартай хамтдаа ийнхүү спортын бүтээн байгуулалтуудтай газар дээр нь ирж танилцаж, барилгачдтай уулзаж зарим асуудлыг шийдвэрлэхээр болсонд барилгачид маш талархаж байгаагаа хэлж байлаа.   

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.