Б.Цэцгээ: Баруун бүсийн таван аймагт байт харвааны хөгжлийн үндсийг тавихаар ажиллаж байна

Б.Цэцгээ: Баруун бүсийн таван аймагт байт харвааны хөгжлийн үндсийг тавихаар ажиллаж байна

Монголын байт харвааны холбооноос байт харвааг олон нийтийн спорт болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтынхоо хүрээнд БСШУСЯ-ны зөвшөөрөлтэйгөөр нэгэн төслийг эхлүүлжээ. Энэ талаар Монголын байт хавааны холбооны ерөнхий менежер Б.Цэцгээтэй ярилцлаа.  

-Байт харвааг олон нийтийн спорт болгон хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд баруун таван аймагт шинэ төсөл эхлүүлсэн тухай сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тийм ээ. Бид ЕБС-ийн сурагчдыг байт харвааны спортоор хичээллүүлэх төсөл хэрэгжүүлэхээр БСШУСЯ-нд хандсан. Энэ маань дэмжигдсэнээр баруун бүсийн таван аймагт төслөө эхлүүлэх зөвшөөрөл авсан юм. Тиймээс энэ сарын эхээр цоо шинэ төслийн ажилдаа орчихоод байна.

-Том ажил эхлүүлжээ. Баяр хүргэе. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Баярлалаа. Энэ сарын эхээр байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, дэд ерөнхийдлөгч С.Эрдэнэболд нар маань баруун бүсийн аймгууд руу яваад ирсэн. Ингэхдээ баруун бүсийн таван аймгийн удирдлагууд, Биеийн тамир спортын газрын дарга нартай уулзаж, төслөө эхлүүлэхээр батламжуудаа гардуулаад ирсэн.

-Дээрх таван аймгийн хүүхэд залуучууд байт харваагаар хичээллэж эхэлнэ гэж байна. тэдний сургах багш аймгуудад байгаа юу?

-Энэ хамгийн чухал хэсэг нь. Учир нь багш сайн байж хүүхдүүд сайн сурна. Тиймээс дээрх таван аймгаасаа арван багшийг Улаанбаатар хотод урьж авчран хүүхдүүдйг хэрхэн сонгож авах, тэдэнтэй яаж хичээллэх, анхан шатны суурь хэрхэн олгох зэрэг бүх сургалтуудад хамруулна. Уг сургалтыг энэ сарын 20-30-ны өдрүүдэд МУБИС, Биеийн тамир спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн баруун бүсийн аймгаас ирсэн 10 багшийн байр, хоолны зардлыг Монголын байт харвааны холбооноос гаргана.

-Цаашид Монголын байт харвааны холбооноос хамааралтай үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү?

-Энэ төслийг эхлүүлснээр баруун бүсэд байт харвааг хөгжүүлэх суурь үндсийг тавьж байна гэж үзэж байгаа. Үүнээс цаашлаад Биеийн тамир, спортын газар мөн аймгийн Засаг даргын хэмжээнд цаашид үргэлжлүүлэн, хамтарч ажиллах болно. Таван аймаг маань бүгдээрээ салбар хороодтой болсон. Өмнө нь гурван аймагт нь салбар хороо байсан бол сая Говь-Алтай, Ховд аймгуудад салбар хороодоо шинээр нээсэн.

Мөн баруун бүсийн аймагт томоохон боломж бүрдсэн. Тухайлбал, баруун бүсийн аймгийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийг Завхан аймагт байгуулсан. Завхан аймгийн Засаг дарга Батсайхан гуай өөрөө байт харвааны реалити шоунд оролцож байсан, өөрөө абйт харваагаар харваж чаддаг хүн бий.

Тиймээс бид тэр хүн, тэр баазыг түшиглэн бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Байт харвааны спортыг хүмүүс өртөг өндөртэй спорт гэж ойлгодог. Нум сум, хэрэглэл материалыг төслийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Нэг аймагт арван иж бүрэн нум сум, таван аравч гардуулна. Багш нарыг сургах сургалт явж байх хооронд бид хэрэглэл материалаа захиалаад, багш нарыгаа ирээд явахад нь түүнийгээ сертификатын хамт гардуулж өгөх юм. Нэг ёсондоо сургах арга, хэрэглэл материал, багш боловсон хүчинтэй нь цогц болгоод явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Баруун бүсийн таван аймагт хүүхдүүд байт харваагаар суралцах боломж зэрэг бүрдэх нь. Харин цаашид бусад аймгуудад төсөл хэрэгжих үү?

-Бидний стратеги төлөвлөгөөгөөр ирэх жил зүүн бүсийн таван аймагт төслөө үргэлжлүүлэн хэржүүлнэ. Мөн л шат дараалсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа.

-Монголын байт харвааны холбооноос хүүхэд, залуучуудад чиглэсэн өөр ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсад 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг анх удаа зохион байгуулах гэж байгаа. Энэ ажлын хүрээнд бид орон нутгийн хүүхдүүдийг өргөн хэмжээгээр тус наадамд оролцуулах, тэдэнд ийм томоохон арга хэмжээ, тэмцээнүүдэд оролцох боломж өөрсдөд нь ч байгаа шүү гэдгийг ойлгуулж, спортод хайртай болгоход төвлөрч ажиллана.

Мөн Монголын байт харвааны холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэхүү тэмцээнд оролцох хүүхдүүдээ үе шаттайгаар сонгон шалгаруулж, тэдэнд тусад нь нэг багш томилоод “Ногоон наадам”-даа оролцуулахаар он гармагч Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

-Тантай уулзсаных манай тамирчдаас 2020 оны олимпийн эрхээ авсан тамирчин байгаа эсэхийг тодруулмаар байна. лимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлсэн гэж дууллаа?

-Олимпийн эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-26-ны хооронд Тайландад болно. Энэ бол олимпийн эрх олгох хамгийн анхны тэмцээн болж байна. Манай тамирчид өнөөдөр Тайландыг зорьсон. Уг тэмцээнд найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт явсан. Монголын байт харвааны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд энэ сарын 19-нд тамирчдынхаа араас Тайландыг зорино.

Олимпийн эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд явсан тамирчдын нэрс

Эрэгтэй: Ж.Гантөгс, Б.Отгонболд, Адьяасүрэн,

Эмэгтэй: Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг

Компаунтын төрлөөр: Шандан, Ганзориг

Хангарьд цом12 сарын 1-6ны оронд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.