Нагоя башё үзэгчтэй эхэллээ

Нагоя башё үзэгчтэй эхэллээ

Японы сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөл их маргаан дундаас долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёг үзэгчтэйгээр явуулахаар шийдвэрлэсний дагуу тэмцээн өнгөрсөн ням гаригт эхлээд байна.

Хэдийгээр Японд коронавирусын цар тахал төдийлэн буурахгүй байгаа ч мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгийн лигийн тэмцээн үзэгчтэй болж байгаагийн учир Сүмогийн холбоо ийм шийдвэрт хүрчээ. Холбооны зүгээс бөхчүүдэд хувцасны өрөө, ордонд орж, гарахад бөөгнөрөл үүсгэхгүй хоорондын зайгаа барьж барилдахаас бусад цагт масктайгаа байхыг үүрэг болгожээ. Мөн 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд ердөө 2500 үзэгчтэй байх бөгөөд урд нь дөрвөн хүн суудаг байсан зайд нэг үзэгч байхаар тооцсон байна. Үзэгчид ордонд орохдоо амны хаалттай байх бөгөөд халуунаа үзүүлнэ. Бас дэмждэг бөхөө гарахад хашгирахгүй, зөвхөн алга таших үүрэгтэй юм. Энэ журам тэмцээн эхэлсэн өдрөөс хэрэгжиж байгаа. Эхний өдрийн байдлаас харахад тэмцээний өнгө нэг л сонин. Хаврын башё цуцлагдсан. Бас тойргийн барилдаанууд болоогүйдээ ч тэр үү бөхчүүд нэг л жавхаа муутай юм шиг. Бөхчүүдийн ихэнх нь жин хассан, зарим нь жин нэмсэн ч харагдана лээ. Аваргууд хэлж байна л даа. Их аварга Хакүхо:

-Тавдугаар сарын башё өнжсөн. Тойргийн барилдаанууд тасалдсан. Дэвжээ хооронд хамтарсан бэлтгэл хийгээгүй болохоор тэрний бэлтгэл сайн гэж харах боломж алга. Башёгийн эхний таван өдрийн дараа бөхчүүд төсөөрлөөсөө гарах байх. Миний хувьд ч тийм байна гэсэн бол Какирюү аварга:

-Байнгын бэлт­гэл­гүйдэж хугацаа их алдлаа. Барилдана гэхэд нэг л сонин. Өөрийгөө  хүртэл ямар байгааг барилдаж байж мэдэхээс гэж байлаа. Үзэгчдийн танил сүмочдоос Точиазан, Соококурай болон монголчуудаас Серо Өнөболд нар зодог тайлжээ. Харин цагтаа озеки цолтой барилдаж макүүчийд нэг удаа түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас сандамэ зиндаа хүртэл унасан ч шантралгүй барилдсаар сая дээд зиндаандаа эргэн ирж эхний өдөр сайхан барилдаж давлаа. Энэ башёгийн макүүчий зиндаанд манай таван сүмоч хүч үзэж байгаа. Эхний өдөр Хакүхо, Тамаваши, Тэрүнофүжи нар давж Крибияма Б.Лхагвасүрэн, ёкозүна Какирюү нар унасан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.