Г.Занданшатар: Ёс зүйг умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй

Г.Занданшатар: Ёс зүйг умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах  тухай хуулийн төслийн явцтай танилцлаа. Уулзалтад Ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцов.

УИХ-ын дарга өнгөрсөн жил  төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд  “Монгол төрийн босго өндөр байх хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчилсан нарийн зохиуцуулалттай хуулийг УИХ батлан гаргана. Төрийн албаны хуулиар улс төр, төрийн алба хоёрыг хооронд нь заагласан боловч мэдлэг чадвар дутмаг албан хаагчид танил тал, арын хаалгаар албан тушаалд томилогдох байдал байсаар байгааг иргэд шүүмжилж байгаа учраас олон нийтийн хяналттай болгож, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох нь зөв. Төрийн алба бол өндөр ёс суртахуунтай, боловсролтой, чадвартай зөв хүмүүсийн нэгдэл байх ёстой” хэмээн хэлж байсан. Тэгвэл жилийн дотор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилгын “код”-ыг бий болгох судалгааг хийлгэж, хуулийн төслийг намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

 

Төрийн алба  “тэрний хүн” гэсэн шошготой хүмүүсээр дүүрсэн  гэв

 

Танилцуулгын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ  “Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийн хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй болжээ. Тиймээс төрийн албанаасаа эхэлж ёс зүй,  сахилга хариуцлагыг бий болгон хуульчилж байна. Өөрөөр хэлбэл,  дүрэм, журмаар ёс зүй, сахилга хариуцлага зохицуулах ямар ч боломжгүй учраас ийн хуульчлан тогтоох хэрэгтэй байна.

Төр  хамгийн том бизнес эрхлэгч, ажил олгогч, худалдан авагч болжээ. Тиймээс төр хамгийн шилдэг нь байхаас өөр гарцгүй. Төрийн албаны шинэчлэл нь  хүнийг бус сэтгэлгээ, хандлага, бодлогыг нь өөрчлөх ёстой. Монгол хүний төлөө ажилладаг жинхэнэ төрийн алба хаагчийг бий  болгоход Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн зорилго чиглэх юм” гэв. Мөн тэрбээр “Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн,  тэрний хүн” гэсэн шошготой болжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар энэ буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай” гэлээ.

 

Иргэдийн 94.5 хувь нь хүнд суртлын уурхайг өөрчилье гэжээ 

 

Хуулийн төсөл нийгмийн амьдралаас ургаж гарсан бодитой санал, судалгаанд тулгуурласан гэдгийг  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Судалгаагаар иргэдийн дунд  төрийг дээдлэх үзэл суларсан гэсэн дүгнэлт гарсан. Төрийн албан хаагч бол иргэдэд үйлчлэх ёстой,  үйлчлэгчийн үүргийг гүйцэтгэх учиртай. Гэвч тэд  үүргээ гүйцэтгэхгүй байна. Бүгд сэтэр зүүсэн дарга нар, хүнд суртлын шат дамжлага бүхий уурхай болсон гэсэн шүүмжлэл нийгэмд газар авчээ. Төрийн аппаратууд үндсэн үүргээ гүйцэтгэх чадамж хомсдож байна. Үүнтэй уялдаад засаглал, үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үеэр  Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ёстой гэж үзсэн. 89.4 хувь нь төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албыг мэргэшсэн, мэдлэг  чадварт суурилсан байхыг дэмжиж, эрх зүйн орчныг бий болгох талаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Энэ бол өнөөдөр нийгмийн зүгээс тавьж буй шаардлага юм” хэмээн тодотгосон.

 

Б.Баатарзоригт: Төрийн албаны бүх шатанд  реформ хийнэ

 

ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг төрийн албаны шинэтгэл,  бодлого, түүнийг хэрэгжүүлэх чиглэлд олон талын оролцоотой өндөр түвшний уулзалт зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж байв. Тэрбээр хандлагын өөрчлөлтийг хийх, монгол хүний төлөө үйлчилдэг төртэй болохтой холбоотой санал  дүгнэлтүүдтэй байр суурь нэг байгаа гэдгээ илэрхийлээд “Мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, ёс зүй, сахилга хариуцлагатай байх шаардлага  бүх шатанд, бүх түвшинд тавигдаж эхэлсэн. Төрийн албаны шинэтгэлийг багц хүрээнд шийдээд явж байгаа ч нэг алдаа нь түүнийгээ олон түмэнд ойлгуулж, сурталчилдаггүй тал бий. Гэхдээ өнөөдөр дата буюу их  өгөгдөлд үндэслэн сонгон шалгаруулалтыг хийх судалгаанууд өнгөрсөн жилээс  хийгдээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад 4147 төрийн байгууллага бий. Энд ажиллаж буй хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. Албан тушаалын төрлөөр авч үзвэл  долоон хувь нь удирдах албан тушаалд ажилладаг. Насны ангиллаар төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс байдаг. Тэдний хүсэл эрмэлзэл огт өөр болж байна. Мөн Z үеийнхэн түрж орж ирж байна. Өмнө нь бүх байгууллагын хүний нөөцийн алба салангид явж ирсэн. Одоо бүх төрийн байгууллага, яам, тамгын газар системд холбогдсоноор төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх гэхчлэн бүх  чиглэлээр цахим   дэвшил гарч байгаа” гэлээ.

 

М.Оюунчимэг: Дунд шатанд үүссэн  завхрал, “бизнесийн бүлэглэл” ажил гацаадаг

 

Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр төрийн албаны бүх шатанд реформ хийх асуудал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдан гарч ирсэн судалгаанууд өнөөгийн төрийн албаны байгаа  нөхцөл байдлыг харуулж байгаа. Энд үнэхээр өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна. Нэг талаас төрийн албыг  мэргэшсэн тогтвортой байлгах үзэл, нөгөө талаас үнэхээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин, гадаад, дотоодод ажиллаж байсан өндөр боловсролтой залуус, дээр нь ёс зүй, сахилга  хариуцлагатай хүмүүсийг сонгон шалгаруулах гэсэн хоёр асуудал хоорондоо “зодолдож” байна. Өмнөх жишгийг харахад олон жилээр яваад ирсэн гай тарьдаггүй, гавьяа байгуулдаггүй, тэгсэн атлаа гараас нь юм гардаггүй хүмүүсээр төрийн алба дүүрчихсэн. Сайд, дарга нар ирж л байдаг, явж л байдаг, дагаад газрын дарга нар хааяа солигдож байдаг, нөгөө албанд байгаа хүмүүс нь дархлагдчихсан байх жишээтэй. Сая БОАЖЯ дээр л гэхэд ажил хийлгэхүй тамгаа аваад явчихдаг, дураараа халж сольж байна. Хувийн компани шиг байна гээд асуудлууд яригдаж байна. Ямар ч арга хэмжээ авдаггүй. Энэ бүх асуудал хууль батлагдсанаар эцэслэгдэх байх. Хэрэгжүүлэх механизм дээр хатуу анхаарах хэрэгтэй. Сая ТАЗ-ын дарга Б.Баатарзоригт хэлэхдээ инновац хийж байна, цахимжиж байна гээд ярьж байна. Бид ажил хийгээд байгаа атлаа хэрэгжүүлэх шатанд анхаарахгүй, хянахгүй байгаагаас алдаа гардаг. Намайг Өргөдлийн байнгын хорооны дарга байхад маш их өргөдөл, гомдол ирдэг. Шийдээд байхад дороосоо ирээд байдаг. Тэгэхээр дунд шатанд асуудал их байна. Тэгээд дарга, сайдыг солиод байдаг. Дарга, сайд ч бас сайн менежер байж чадахгүй байгаа тохиолдол бий. Эцсийн эцэст төрийн албанд “бүлэглэл” үүсчихсэн, танил тал, хамаатан садангаа авчираад тавьдаг эсвэл бизнесийн “бүлэглэл” үүрлэсэн явдлууд байгаад, шинэ хүн ороод  үнэн мөнийг олж,  шударга ёсыг сөхөж тавихаар шахаад гаргачихдаг. Шалгалтаар зохион байгуулалттай “унагадаг” гэх мэт бүтэлгүй зүйлүүд бодит амьдралд байгаад байна. Иймд хуулийн төслийг сайн боловсруулж намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Нийгэм ч ийм хүлээлттэй, асар их бухимдал үүсчихсэн  байна” гэв.

УИХ, ТАЗ, Ажлын хэсэг хамтран ирэх сард  Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах  тухай хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулах юм байна. Иймд төрийн албыг шударга, зарчимтай болгох хуулийн төслийг сурталчлах, иргэд, олон нийтэд ойлгуулахад гүүр болж ажиллахад хэвлэл, мэдээллийнхнийг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

2021.8.25 ЛХАГВА № 166 (6643)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.