Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Аман мэдээллээр Эрээн талд нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл байгаа аж.

Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэгээс тодрууллаа. Тэрээр “Боомтыг хааж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ өчигдөр оройноос хойш машин авахгүй байна. БНХАУ-ын жолоочоос Ковид19 батлагдсан учир хаасан гэх албан бус мэдээлэл байна. Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна. Энэ асуудлыг боомтын зөвлөлүүд хоорондоо хэлэлцэж байгаа байх” гэлээ.

Энэ талаар Замын-Үүдийн Улс Хоорондын тээвэр эрхлэгч жолоочоос тодруулсан юм. Тэрээр “Монгол талаас Эрээнд очсон тээврийн жолоочоос коронавирус илэрсэн учир боомт хаасан. Хэдий хугацаанд хаахыг манай талаас мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй. Хятадууд л шийднэ. Багадаа 10 гаруй хоног болох байх. Ингэхээр хоёр сард нэг удаа орж ирдэг байсан машин гурван сард нэг удаа орохтой үгүйтэй л болно. Өмнө нь сард тав явдаг байсан. Түүнчлэн жолооч нар ханш өсгөж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Ийм боломж огт байхгүй. Жолооч нар Шаргын овоо гэх газраас цааш оруулахгүй байгаа. Замын-Үүд рүү ч орж чадахгүй байгаа бид үнэ өсгөх боломжгүй шүү дээ” гэлээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.