Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү, Мэндсайхан сайд аа!

Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү, Мэндсайхан сайд аа!

Засгийн газрын зарим сайд “даац” муутай байгаа нь үнэн. Намаржин ээлж дараалаад ажлаа унагаж харуулсан. Шатахуун тасарсанд УУХҮ-ийн сайд, шахмал түлшний хомсдолд Эрчим хүчний сайд буруудсан. Тэгэхээс ч аргагүй юм. Салбарынхаа гол ажлыг навсайтал унагасан сайдыг магталтай биш, муулах нь тодорхой юм.

Ер нь тэгээд COVID-19 цар тахлын энэ хүнд үед Засгийн газар овсгоотой, зангарагтай сайд нараас бүрдэх ёстой юм байна гэдгийг хүндрэл бэрхшээл болгон сануулж байна.

Учир нь удахгүй бид нэг сайдын хариуцсан салбар яаж балрахыг харж мэдэхээр болоод байгаа юм.

Хил хаалттай хэд хонолоо. Хоёр хөрш өөрсдийнхөө дотоод дахь  COVID-19-ийн тархалт, улс төрийн байдлаас шалтгаалж хилээ хаацгаажээ. байгаа гэх мэдээллүүд бий. Цаашдаа хэр удахыг бүү мэд. Өнгөрсөн өдрүүдэд бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг сайн мэдэрч байна. Зөвхөн хүнсний тухайд гэхэд бүх төрөл дээр хоёр хөршөөсөө хамааралтай болчихсон юм байна. Санаснаас өндөр хувьтай шүү. Ногоо гэхэд төмс, луувангаас бусад нь Хятадаас орж ирдэг юм биш үү. Жилд 240 мянган тонн төмс хурааж, дотоодоо хангадаг. Тэгэхээр хил хаагдаад л, төмснөөс бусад “нарийн, бүдүүн” ногоонууд алга болчихож байна.

Тэгэхтэй зэрэг “..Мах гурил хоёртойгоо байхад болно доо” гэж уужирцгааж байв. “...Монгол хүн амныхаа билгээр” гэж... Үнэн л дээ. Гэвч 3.4 сая монгол хүний хэд нь мах, гурил хоёртойгоо байхад болоод байх юм, бүү мэд. Өлсөж үхэхгүй нь тодорхой байх. Тэгээд ч угаасаа нүүдэлчин монголчууд болж л таарна даа.

Гэвчиг, хил энэ хэвээр хаалттай, за тэгээд нээсэн ч гэсэн мах, гурил хоёр маань тасарч магадгүй таагүй мэдээ чих дэлсээд удлаа. Өнгөрсөн хавраас зүүн аймгуудаас эхэлсэн малын гоц халдварт шүлхий, адууны ям зэрэг өвчин хэдийнэ баруулжээ. Эндээ нуугаад байсан ч хилийн чанадад аль хэдийнэ мэдчихсэн дэлхий даяар зарлаж байх юм. Хэдхэн хоногийн өмнө Хятадын “Xinhua” агентлаг Монголд халдварт өвчин гарсан талаар мэдээллээ.

Тус агентлаг Монгол Улсын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт халуурах, өнгөц тунгалгийн зангилаа томорч, арьс салст бүрхэвчийн олон зангилаа үүсэх шинж тэмдэг бүхий малын халдварт өвчин дэлгэрч, хорио цээрийн байдалд шилжсэн. Хятад улстай хиллэдэг дээрх аймгуудын малын дунд халдварт өвчний тархалт өндөр байна. Малын халдварт өвчний улмаас тус улсын махны экспорт зургадугаар сараас хойш зогссон тухай мэдээлсэн байна.

Манай улс 70 сая толгой малтай. Жилд 180 гаруй мянган тонн мах хэрэглэдэг. Нэг монгол хүн жилд 90 кг мах иддэг. Ийм судалгаа бий.

10-аад хоногийн өмнө З.Мэндсайхан сайд “...Засгийн газрын хуралдаанаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах талаар ямар бодлого баримталж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ жил махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Иймд махны экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй” гэж мэдэгдсэн. Малын өвчнөө дийлэхээ болиод аргаа барахдаа ийм шийдэл гаргасан мэтээр ярьсан байж мэдэхээр л байна. Нөгөө талаар бид өнгөрсөн хавраас хойш шүлхийтэй малын мах идсэн болж таарах гээд байна уу. Одоо нөхцөл байдал хүндэрч, махнаас өөр идэх юмгүй болохоор өвчин хуучны асуудал нь юу болох вэ.

За, нөгөө талд монгол хоолны хос материалын нэг болох гурил бас асуудал дагуулна гэх мэдээлэл бас байна. Сайд өөрөө болохоор “...Мөн ургац сайн байгаа. Одоогийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай явж байна. Нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан. Энэ жил тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор  гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Иймд 100-150 мянган тоннтой тэнцэх шаардлага хангасан улаан буудайг буюу илүү гарсан нөөцийг Засгийн газар эх үүсвэр гарган худалдан авч, газар тариалангийн үйлдвэрүүдийг дэмжих шийдвэр гаргалаа” гэж галтай цогтой мэдэгдсэн.

Монгол Улс ирэх жилд 100 орчим мянган тонн гурил, 180 мянган тонн орчим гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээр тооцоо гарсан. Энэхүү жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 300 гаруй мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай болоод байгаа юм.

Гэхдээ нэг асуудал гарч ирсэн. Мөнөөх л хаалттай хилээс болж буй бололтой. Архины үйлдвэрүүдэд спирт гаргаж авах улаанбуудай хэрэгтэй болжээ. Тариаланчид эхнээсээ архины үйлдвэрүүдэд нийлүүлэхээр ярьж тохирч байгаа гэж байна. Хэвлэлээр ч өөрсдөө яриад эхэлсэн байна лээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы шууд хариуцах ажилд ийм хүндрэл учирч мэдэхээр боллоо.

Мань эр яахав дээ, энэ том салбарт очоод Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байхаас нь Засгийн газарт чимээ аниргүйхэн сууж ирсэн. Одоо харин байдал эвгүйтэж эхэллээ. Нарийн ногоо, бусад хүнсний хомсдолын тухайд хил гааль, болохгүй бол Хятад өмнөөс нь бурууг үүрчихнэ. Мах, гурил хоёр бол яалт ч үгүй З.Мэндсайханы хариуцлага. Дээрх асуудал босоод ирэхээр малын өвчнийг яаж нууж өдийг хүргэснээс эхлээд нүүрээ хийх газар олоход хүнд л болох байх. Гээд яахав дээ, ямбыг нь эдэлж өнөөг хүрсэн юм чинь...

Ер нь бол хүнсний асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал юм. Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь болдог.

Тиймээс хил хаалттай, дээр нь мах, гурил хоёр дээр асуудал үүсвэл ч...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.