Хүнд даацын автомашины жолооч нарт хариуцлага тооцмоор байна

Хүнд даацын автомашины жолооч нарт хариуцлага тооцмоор байна

Дулааны улиралд л манай улсын эдийн засаг идэвхжиж хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад хүнд даацын, том оврын автомашины тээвэр ч өсөж хаа сайгүй хөндлөн гулд давхилдаж эхлэв. 

Хамгийн аюултай нь өнгөрсөн өвөл Дүнжингарав захын уулзвар дээр гарсан шиг олон хүний амь нас, эд хөрөнгө сүйтгэсэн харамсалтай осол гарахгүй гэх баталгаа алга. Шатамхай, онц аюултай ачаа тээвэрлээгүй байж болох ч хүнд даацын автомашин, энд тэнд сүндэрлэн босож байгаа барилга руу бетон зуурмаг тээвэрлэж яваа миксер, хог, шороо ачиж яваа “HOWO”   машины жолооч нарт их учир байна. 

Ялангуяа, хотын төвийг бодоход хөдөлгөөн арай сийрэг захын замууд дээр хар хурдаараа таваргах юм. Нэгэн иргэн цахим хуудастаа “Шороо ачсан нэг HOWO-нд шахуулаад золтой л замын хажуу руу үсэрчихсэнгүй. Хойноос сигналдаад гүйцэж түрүүлэхдээ огцом шахаад ороод ирлээ. Том тэрэг жолоодож яваа жолооч нар арай л  даварсан дээрэлхүү дүрэмгүй явах юм. Толиндоо харсан ч хараагүй  ч урдуур шахна,  огцом дарна” хэмээн бичжээ. 

Ийм дүр зураг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын замууд дээр нэлээд ажиглагддаг. Зарим нь хэд хэдэн суудлын тэрэг мөргөөд зогссон ч бий. Ялангуяа, хог ачсан том оврын машин, бетон зуурмагийн миксерүүд 60 км цагийн хурдтай явж байхад нэг их чанга дуутай сигнал дараад тоос шороо манаргаад харвасан сум шиг  давхиад явдаг тал бий.  Ийм нөхдүүд хэдэн ч хүний амь нас, эд хөрөнгө сүйтгэхийг үгүйсгэх аргаггүй юм. 

Хог ачиж яваа зарим том оврын автомашин ачаагаа дутуу бүтээснээс болж шуудайтай, хайрцагтай хогоо замаар нэг цувуулаад давхих нь харагдана. 

Сүүлийн үед Дүнжингарав захын уулзвар дээр гарсан ослоос хойш том тэрэгний сохор бүс гэж нэлээд ярьж, бичих болж. Гэвч энэ ослын дүгнэлт бүрэн гүйцэт гараагүй байгаа мэдээлэл бий. Тэгэхээр осол гаргасан том тэрэгний жолооч нар сохор бүсэд орсон учраас харагдаагүй гээд замдаа таарсан болгоныг  шудраад явах нь л дээ. Тэгээд бүх буруугаа ойрхон явсан жолооч нар, тэр сохор бүс гэдэг рүү чихээд өнгөрөх юм байна. Бас орон нутгийн замд яваа хүнд даацын, ачаатай тэрэгний жолооч нар бусдадаа найрсаг хандмаар байгаа юм. зам хөндөлсөөд зүтгүүлчихдэг. Өөдөөс ирж яваа машин нь бараг замаас гараад зөрдөг. Ийм нөхцөлд ард нь яваа жолооч нар гүйцэж түрүүлнэ гэвэл бүр худал. Уг нь алсын тээвэрт яваа хүнд даацын автомашины жолооч нар гэрэл дохиогоо ашиглаад ард, урд яваа машинуудад ямар нэг саад байгааг анхааруулж явдаг юм билээ. Тэгэхээр манай том тэрэгний жолооч нар амин хувиа бодохоос өмнө жаахан хүнлэг чанартай баймаар байна. Тэр сохор бүс гэдгээ харах камер, толь суурилуулж болохгүй гэж үү. Бас замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж сурмаар байгаа юм. Тээврийн цагдаагийн газар ч том тэрэгний жолооч нарыг шалгаж дүрэм журмыг нь баримтлуулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол хүнд даацын том оврын автомашины жолооч нар арай л дэндүү байна шүү. Хүнд даацын автомашины жолооч нарт хариуцлага тооцмоор байна. Уг нь замын хөдөлгөөнд бүгд л “Дураараа биш, дүрмээрээ соёлтой оролцмоор” байгаа юм даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 25. Пүрэв. №042 (5960)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ