Танилц: Лионель Мессигийн иран хувилбар

Танилц: Лионель Мессигийн иран хувилбар
-Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр эцэг нь түүнийг гэрээсээ хөөж байжээ-
 
Юуны өмнө нэг асуулт уншигчиддаа тавья. Зураг дээрх хоёр эрхмийн аль нь жинхэнэ Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Месси вэ. Хорвоо дээр усны дусал шиг адилхан хүмүүс бишгүй олон бий. Тэгвэл авьяас чадвар, хүч чадлаараа дэлхий дахинаа танигдаж чадсан олны танил эрхэмтэй ялгахын аргагүй адилхан  төрхөө өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан хүмүүсийн  нэг төлөөлөл нь зураг дээрх цайвар өмсгөлтэй залуу. 
Түүнийг саяхныг хүртэл төдийлөн олон хүн мэддэггүй байв. 
Харин Ираны баруун этгээдийн Хамедан хотод нэг хэсэгтээ л эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх  үндэслэлээр цагдаагийн байгууллагад баривчлагдах үедээ тэрбээр дэлхий дахинд, мөн манай спорт сонирхогчдод ч танигдаж орхисон хэрэг. Одоо түүний орлого жинхэнэ Лионель Мессиг гүйцэхгүй ч, амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээнд нэмэгдэж, гадаад төрхөө мөнгө болгох алхмаа эхлүүлээд байгаа юм. 
Лионель Мессигийн төөрөлдсөн ихрийг Реза Парастеш гэдэг. Тэрбээр 25 настай бөгөөд түүнийг энэ сарын 8-нд хотын гудамжаар алхаж явахад нь хамтаа сельфи хийхийг хүссэн хүмүүс бүчиж, замын хөдөлгөөн саатаж, эмх замбараагүй байдал үүссэний улмаас олон нийтийн хэв журам зөрчсөн гэх шалтгаанаар цагдаагийнхан баривчилжээ. 
Хүмүүс түүнтэй зургаа авхуулахыг  хүссэн нь ч учиртай. Гэхдээ бүх зүйл түүний ааваас л болжээ. Хэдэн сарын өмнө хөлбөмбөгийн улаан фанат  гэж нэрлэж болохуйц эцэг нь түүнд Испанийн Барселона багийн 10 дугаартай өмсгөлийг өмсүүлэн бичлэг хийж, бас болоогүй түүнийгээ спортын сайтад илгээснээс үүдсэн хэрэг. 
Түүний аав “Франц пресс” агентлагт “Нэг шөнө  сайт руу бичлэг явуулчихсан юм. Гэтэл маргааш өглөөнөөс нь эхлээд л утас тасралтгүй дуугарч, сэтгүүлч нар ярилцлага авъя гээд л шалж эхэлсэн” гэж ярьжээ. 
Эхэндээ үүссэн нөхцөл байдалд Реза төдийлөн дасч өгөхгүй байсан ч, сүүлдээ энэ байдал нь таалагдаж эхэлсэн гэнэ. Тэрбээр үсээ Месси шиг болгож, гадагш гарахдаа Барселонагийн өмсгөл өмсөх болсон байна. Гэтэл бүр хэвлэл мэдээллээс ярилцлага авъя гэсэн хүсэлтүүд тоогоо алдаж, хэд хэдэн загварын агентлагаас түүнд загвар өмсөгч, брэндийн нүүр царай болох санал иржээ. 
Реза Парастеш “Одоо хүмүүс намайг Ираны Месси гэдгээр таньдаг учраас түүнийг дуурайх болсон. Зөрж өнгөрсөн бүх хүн л гайхаж хардаг” хэмээн хэвлэлд ярьсан байна. 
Лионель Мессигийн Иран хувилбарт хэзээ ч мартагддаггүй нэг хөгжилтэй дурсамж байдаг гэнэ. 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны шигшээ Аргентины багтай таарч л дээ. Тус тоглолтод шийдвэрлэх мөчид Месси гоол оруулж, Ираны баг ялагдаж байсан юм. Үүний улмаас Иран шилдэг 16 багт багтаж чадаагүй аж. Гэтэл хөлбөмбөгт туйлын дуртай эцэг нь галзууртлаа уурлаж, шууд л Реза руу утас цохин “Өнөө шөнө гэртээ битгий ирээрэй. Яагаад Иранаас амжилтыг нь булааж байгаа юм бэ чи” хэмээн дуугаа өндөрсгөн загнаж гарчээ.  
Гадаад төрх адилхан байдлаараа тэрбээр ийнхүү хэлмэгдэж, гэртээ очих эрхгүй хүртэл болж байсан гэнэ. Лионель Месси ялалт байгуулахад түүний буруу гэж юу байх билээ. 
Реза Парастеш одоо Барселонагийн жинхэнэ Месситэй уулзаж, аз таарвал түүний орлон тоглогчоор ажиллахыг мөрөөдөж байгаа аж. 
Тэрбээр энэ тухайгаа “Хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн гэсэн түүхийг бүтээсэн шилдэг тамирчны хувьд хэт олон ажил овоорч, ганцаараа амжуулж чадахгүй үе байж л таараа. Харин би тэр завгүй үед нь түүнийг орлож чадна” гэжээ. 
Олны танил, шилдэг тамирчинтай усны дусал мэт адилхан түүний мөрөөдөл биелэх эсэх нь тун ч сонирхолтой. Цаашдаа тэрбээр гадаад төрхөө ашиглан мөнгөөр бороо оруулах нь тодорхой биз ээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.