Байт харвааны ОУХМ Б.Отгонболд 2020 оны олимпийн эрхээ авлаа

Байт харвааны ОУХМ Б.Отгонболд 2020 оны олимпийн эрхээ авлаа

Тайландын Бангкок хотноо болж буй байт харвааны Олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Баатархуягийн ОТГОНБОЛД “Токио-2020” Олимпийн наадамд оролцох эрхээ өчигдөр авлаа.

Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор гуравдугаарт бичигдэж, эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр хожсон. Гуравдахь шатанд Б.Отгонболд Тайландын харваач Танапат Патайраттай 5:5 -аар тэнцэж, нэмэлт сумаар ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд манай харваач Вьетнамын Ду Ан Чутай цэц сорьж, мөн л 5:5-аар тэнцэж, нэмэлт сумаар ялагчийг тодруулахад манай хүн 8 , вьетнам тамирчин 10 онож, 5:6 оноогоор хожигдлоо.
Хагас шигшээд Ираны хоёр, Вьетнамын хоёр харваач шалгараад байгаа тул нэг улсаас нэг л тамирчинд эрх олгох журамтай болохоор шөвгийн наймд шалгарсан харваачдаас хамгийн өндөр оноотой ( нэг үгээр тавдугаар байр гэсэн үг) манай Б.Отгонболд ийнхүү дээшээ огшин, Олимпийн эрх хүртэх гурван тамирчны нэг болох нь тодорхой юм.

Монголын байт харваачид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан уламжлалтай.
2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпийн эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй байсан ч Aзи тивийн олимпийн эрх олгох тэмцээнээс ийнхүү эрхээ авч, Олимпийн наадамд Монголын харваачид ес дэх удаагаа цэц мэргээ сорих боллоо.
“Токио-2020” Олимпийн эрх авах сүүлчийн боломж нь манай харваачдын хувьд 2020 оны зургадугаар сарын 22-28-нд Германы Берлинд болох Олимпийн эрх олгох тэмцээн юм. Уг тэмцээнд манайх багийн болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд эрх авахын төлөө өрсөлдөнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.