58 кг-ын жинд дэлхийн суут бөх Японы тамирчин Каори Ичог ялж шуугиан тарьж явсан. Жин өгсч, 63 кг-д барилдаад, энэ жилийн улсын аваргаар дэлхийн хошой аварга, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг ялж түрүүлж, дахин шуугиан тариад байгаа П.Орхоныг энэ удаагийн дугаартаа урьж, ярилцлаа.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсч оролцож, С.Батцэцэг гавьяатыг ялж, түрүүллээ. Яагаад жин өгсч барилдахаар шийдэв?
-Өөрийнхөө байгаа жинд л тааруулж улсын аваргад оролцож байгаа юм. Олон кг хаяж, жин хасахгүй байя гэж шийдсэн. Өнгөрсөн жил 58 руу орох гэж олон кг хасч, цөөнгүй тэмцээнд оролцсон. Сүүлдээ Олимпийн наадмын үеэр ядралт их авсан, сэргэж амжаагүй. Тэр алдаагаа давтахгүйн тулд, нөгөө талаар байгаа жиндээ л оролцоё гэж шийдээд 63 кг-д барилдчихлаа. Мэдээж энэ жингийн гол өрсөлдөгч, дэлхийд нэртэй тамирчин С.Батцэцэг эгчтэйгээ финалд таарсан. Ямар ч байсан чадах чинээгээр барилдана гэж дэвжээнд гарсан. Амжилттай барилдаж, ялж, улсын аварга болж чадсандаа баяртай байгаа.
-Мэдээж С.Батцэцэг гавьяаттай финалдана гэж тооцож барилдааныхаа тактикийг боловсруулсан байх?
-Би 63 кг-д хоёр дахь тэмцээндээ оролцсон нь улсын аварга. Оны өмнө гадагшаа явж нэг тэмцээнд оролцоод ирсэн. Жиндээ дасах зорилгоор явсан. Гэхдээ нэг их олон тойрог барилдаж чадаагүй. Тийм болохоор сая улсын аваргад оролцохдоо барилдаан бүртээ анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж барилдсан. Шинэ жинд оролцож, барилдаж байгаагүй хүмүүстэй барилдсан болохоор хянуур байхгүй бол болохгүй шүү дээ. Мэдээж үдээс хойшийн барилдаан хамгийн чухал нь байлаа. Багш нартайгаа ч зөвлөлдсөн байсан. Тэр дагуу л барилдаад ялсан.
-Хамгийн гол нь тэр мундаг бөхийг оноогоор цэвэр ялсан шүү дээ. С.Батцэцэг гавьяат бэлтгэл жаахан тааруу байв уу. Эсвэл багш нарын чинь боловсруулсан тактик 100 хувь биелчихэв үү?
-Аль аль нь л таарсан байх. С.Батцэцэг гавьяатын бэлтгэл ч жаахан муу байсан болов уу. Бидний боловсруулсан, төлөвлөсөн тактик ч сайхан таарсан гэж бодож байна. Хоёр талаасаа л таарчихлаа.
-Одоо цаашид 63 кг-д барилдаж, олон улсын тэмцээнд оролцоё гэж бодож байна уу?
-Тэгнэ. Нэгдүгээр сарын сүүлчээр Орост Иван Ярыгины “Алтан гран” при тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцох гээд л бэлтгэлээ хийгээд байна. Тэнд л шинэ жингийнхээ шилдэг бөхчүүдтэй барилдаж үзнэ дээ. Энэ тэмцээн бол зэрэглэл өндөртэй, өрсөлдөгч ихтэй болдог, шалгуур сайтай барилдаан. Тэгээд ч Оросын 63 кг-д шилдэг бөхчүүд олон бий. Олимпийн наадамд тавдугаар байрт шалгарсан бөх ч байгаа. Тэдэнтэй л барилдаж үзэж, өөрийнхөө бэлтгэл, чадварыг шалгана даа.
-63 кг руу жин өгсөхөөр С.Батцэцэг гавьяаттай л өрсөлдөх нь. Энэ шилдэг бөхийн нас залуу байна, ур чадвар сайтай. Тийм болохоор нэг жинд хоёр шилдэг бөх чихэлдээд, нэг нь дарагдаад үлдэх юм биш биз дээ гэсэн бодол төрөөд байна?
-Мэдээж жин өгсч байгаа болохоор энэ шилдэг бөхтэй л өрсөлдөж таарна. Дотоодын уралдаан, тэмцээнд хүртэл. Ирэх зургадугаар сард дэлхийн аваргын урьдчилсан сорилго тэмцээн болно. Түүнээс өмнө ч гэсэн нэлээд хэдэн тэмцээн бий. Тэр болгонд оролцож, бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийнэ дээ. Ер нь бол олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээлттэй. Иван Ярыгины “Алтан гран при” тэмцээнд оролцоё гэвэл хүссэн хүн болгон явж болно. С.Батцэцэг эгч бид хоёр хоёулаа ч оролцох боломжтой. Харин дэлхийн аварга, Олимпийн наадам гээд том тэмцээнд нэг тамирчин л явна. Гэхдээ нэг жинд өрсөлдөөн ихтэй, өрсөлдөгч сайтай байна гэдэг чинь ашигтай. Өрсөлдөөн ихтэй жингээс л амжилт гарна гэж би боддог. Тиймдээ ч хамгийн өрсөлдөөн ихтэй жинг сонгоод л орчихлоо. Миний хувьд тэрэнд ялагдчихвал яана аа, энийг хожихгүй бол гадагшаа явж чадахгүй нь гэж бодохгүй байгаа. Хамгийн гол нь өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийнхөө бэлтгэлийг урьд өмнөхөөсөө илүү сайн хийгээд явахад болох байх. Тэгээд С.Батцэцэг эгч бид хоёр бараг л насны зөрүүгүй. Надаас гурван насны л эгч байх. Ер нь бүх жинд л 2-3 сайн тамирчин байгаа. Хэн илүү бэлтгэлээ сайн хийж, өөрийгөө дайчилж чадсан нь улсаа төлөөлөөд том тэмцээнд явна. Хамгийн гол нь дотооддоо л өрсөлдөөн сайн байх хэрэгтэй. Би Олимпийн жин сонгоод орсон. Эцсийн зорилго Токиогийн Олимпийн наадам. Би явж чадахгүй бол яана аа гэсэн бодол надад байхгүй. Өөрөө л сайн хичээж, өөртөө итгэх хэрэгтэй гэж бодож байна.
-Энэ жил ямар тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Энэ сард Орос руу “Алтан гран при”-д явна. Мөн Азийн аваргад оролцох бодол байгаа. Түүнээс өөрөөр төлөвлөсөн зүйл алга л байна. Багш нартайгаа ярилцана. Хэдэн сард ямар тэмцээн болохоор байх нь уу. Аль үед нь өндөр ачаалал авах нь зөв юм. Тэр болгоныг зохицуулж байж л тэмцээнд явна. Харин зургадугаар сард дэлхийн аваргын сорилтод орно. Тэндээс хэн нь эрхээ авсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлтгэнэ дээ.
-Ур чадварын хувьд хэнээс ч дутахааргүй сайн бөх гараад ирлээ. Шилдгүүдийг ялж чадаж байна. Гэхдээ дэлхийн аварга болох, цаашлаад түүнээс өндөр амжилт гаргахын тулд чухам юу дутуу байна гэж боддог вэ?
-Техник тактик, хүчний бэлтгэлжилт, ерөнхий бэлтгэл гээд бүгдийг нь Энхтөр, Хосоо, Цогоо багш нар маань хоорондоо ярилцаж байгаад л хийлгэдэг. Тийм болохоор гурван багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийгээд явж байхад хүнээс дутна гэж бодохгүй байгаа. Дэлхий аваргад барилдах эрхээ авчихлаа гэж бодоход бэлтгэлийг маань хангалттай зохицуулаад өгчихнө гэдэгт багш нартаа итгэдэг. Надад бүх нөөц боломж гээд бүхий л зүйл байна. Дээрээс нь 63 кг-д барилдаж байгаагүй болохоор надаас илүү надтай барилдах хүмүүст эвгүй өрсөлдөгч болж болно шүү дээ.
-Нэг шигшээд хамт барилддаг болохоор С.Батцэцэг гавьяатаас их зүйлийг суралцдаг байх. Чухам ямар чадварыг илүү их харж, суралцахыг эрмэлздэг вэ?
-Шигшээ багийн эгч нар маань надад маш их тусалдаг. Бэлтгэл хийх үеэр өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ зааж өгдөг. Хүн хүнд л өөр өөрийн онцлог байдаг. Хурдаар, хүчээр, эвээр барилддаг гээд тамирчин болгон ялгаатай. Тийм болохоор өөрийнхөө барилдаанд хамгийн хэрэгтэй гэснийг нь олж харахыг хичээдэг. Мөн тэр болгоныг нь асуугаад, зөвлөөд, суралцаад явдаг. С.Батцэцэг эгчийн хувьд маш тайван, барилдаандаа төвлөрч чаддаг. Оноо алдсан ч, хожигдож байсан ч тайван, өөрийнхөөрөө байж чаддаг. Намайг тэр чанараараа төстэй гэж багш нар мань хэлдэг. Би ямар ч тэмцээнд оролцохдоо ялагдаж явсан ч гэсэн дуусч байна даа гэж боддоггүй. Дандаа л боломж байгаа гэж бодож барилддаг.
-Одоо 63 кг-д шинэ залуу шилдэг тамирчид гарч ирж байна. Та хоёртэй өрсөлдөх хэмжээний?
-Зөндөө олон шинэ залуу тамирчид гарч ирж байна. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт дээшилж байгаа болохоор өрсөлдөөн ширүүсэх нь ойлгомжтой. Бусад жинтэй харьцуулахад харьцангуй олон тамирчинтай байна. 58 кг-д гэхэд улсын аваргаар тавхан бөх оролцож, тойргоор барилдсан. Тэгэхэд манай 63 кг-д 11 бөх оролцсон.
-Рио-2016 Олимпийн наадамд өнгөрөөд бараг л хагас жил болж байна. Гэхдээ монголчууд Олимпийн наадмыг мартаагүй. Тэр дундаа чөлөөтийнхний барилдааныг мартаагүй байх. 1-2 бөх найдвартай медаль авна гэж хүлээж байсан. Гэтэл медальд хүрч чадсангүй. Тэр дундаа П.Орхонд нэлээд найдсан байх. Ер нь юу болоод, ямар шалтгааны улмаас медальд хүрч чадсангүй вэ. Өөрөө өөртөө нэг дүгнэлт хийж байгаа байх?
-Харин тийм ээ, үнэхээр харамсалтай юм болсон. Ер нь бол олон жилийн турш жингээ хасч тэмцээнүүдэд оролцож байсан. Олимпийн өмнө бас хоёр тэмцээнд жингээ хасаад орсон. Тийм болохоор сэргэлт сайн авч чадаагүй байх. Уг нь манай эмэгтэй багийн дөрвөн тамирчны бэлтгэлжилт үнэхээр сайн байсан. Очоод цаг уурын өөрчлөлт, цагийн зөрүү гээд нөлөө их байсан болов уу. Явцын дундаа л ядарсаар байгаад, сэргэлт авч чадахгүй сонин болчихсон шүү дээ. Түүнээс биш медаль авах бүрэн боломжтой байсан. Хэдхэн сарын, хоногийн өмнө ялж байсан бөхчүүддээ л ялагдчихсан. Хувь хүний хувьд маш их харамсаж, одоо ч дотроос гарахгүй л байна даа.
-Каори Ичог оноогоор цэвэр ялсан. Түүний дараа Монголын мундаг тамирчин гараад ирлээ гээд өөрийн тань барилдааныг илүү нарийн судалсан байх. Хэрвээ Каори Ичог тухайн үедээ ялаагүйгээр Олимпийн наадамд явсан бол гэдэг бодол надад төрж л байсан. Хувь хүний л бодол шүү?
-Тамирчин болгон л судалгаа хийдэг. Бид ч гэсэн ямар бөхтэй таарч барилдах нь вэ гэдгээ тооцоод, судалгаагаа хийдэг. Түүнээс бол ялагдана гэж байхгүй л гэж бодож байна. Хувь хүний л асуудал. Миний бие тухайн үедээ ямар байсан гэдгээс шалтгаална. Ерөнхийдөө олон нөхцөл байдал байгаа л даа. Цаг уурын өөрчлөлт, цагийн зөрүү, жин их хасах гээд янз бүрийн шалтгаанууд байгаа. Гэхдээ яах вэ, нэгэнт л ялагдчихсан юм чинь, одоо харамсах хэрэг юун. Надад том туршлага болоод л үлдсэн. Хэрвээ Каори Ичог би ялаагүй байсан бол намайг Олимпийн наадамд оролцуулахгүй байсан байх. Дотоодын өрсөлдөөн их байсан. Олимпийн наадам хүртэл сорилтод ороод л яваад байсан. Хүмүүс л мэдэхгүй байгаа болохоос. Би Каори Ичог ялж байж л Олимпийн наадамд явах боломжтой болсон. Би тэгж л бодож байна.
-Ер нь манай чөлөөтийн жаахан муухан барилдсан. Цагийн төгсгөлд оноо алддаг, тактикийн барилдаан байхгүй юм шиг санагдсан?
-Угаасаа холбоо нь хэрүүлтэй, тамирчдын сэтгэл зүйл муу байсан болохоор яаж хичээгээд үйлс нь бүтэхгүй байгаа юм чинь. Би ингэж бодож ч нэг харамсах юм. Өөртөө ч их харамсаж байгаа. Ер нь бүх юманд л харамссан. Би Оросын бөхийг л хожих ёстой байсан юм. Дөрвөн оноо бөөн авна гэж бодохгүй хоёр оноогоо аваад явчихад л болох байсан. Оросын Валериа Коблова монголчуудтай барилдаан таардаггүй учраас их эмээдэг байхгүй юу. Би дөрвөн оноо алдчихсан байсан болохоор хурдан нөхье, бүхэл дөрвөн оноо авъя гэж бодсон. Түүн дээрээ алдаа гаргаад, дахиад баахан оноо нэмж алдаад барилдаан сонин болчихсон. Ер нь бол Оросын бөхийн бэлтгэл их сайн байсан. Тиймдээ ч финалдсан. Миний хувьд тэгшитгэлийн барилдаан хийсэн, арай илүү олон барилдсан учраас үдээс хойш их ядарсан. Ингээд л хоёр барилдаан хийгээд, нэг ялж, нэг ялагдсанаар медалиас мултарсан даа.
-Бэлтгэлийг өдөр болгон хийж байгаа юу. Эсвэл долоо хоногтоо тэдэн удаа гэсэн хуваарьтай байх уу?
-Олимпийн наадмаас эргэж ирээд шууд л бэлтгэлдээ орсон. Бусдаас дутуу байгаа юм байна, тэр дутуу бүхнээ хурдан нөхөх ёстой юм байна гэж бодоод л бэлтгэлдээ орсон. Одоо ч эрчимтэй хийж байгаа.
-Чөлөөт бөхийн холбооны асуудал үргэлжилсээр байна. Тамирчин хүний хувьд энэ асуудлыг юу гэж хардаг вэ. Чөлөөтийн холбоо тамирчид, дасгалжуулагч нартайгаа таарамжгүй байна гэдэг бөхийн хөгжил муу нөлөөтэй шүү дээ?
-Тамирчдын сэтгэлзүй, амжилт сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Энэ эв түнжингүй байдал тамирчдад үнэхээр муугаар нөлөөлдөг гэж бодож явдаг. Сая Олимпийн наадмаар яав. Өмнө нь баахан хэрүүл хийгээд л явсан, түүнээсээ ч болсон уу болж өгсөнгүй. Аль болох эвтэй байгаасай л гэж бодох юм. Уг нь эрэгтэй багаас амжилт гарах бүрэн боломжтой. Би Ц.Цогтбаяр багшийг Дэлхийн бөхийн холбооноос шийтгээд, Олон улсын тэмцээнд буланд суух эрхийг нь хассан юм болов уу гэж бодож байсан юм. Гэтэл сая улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр намайг барилдахад багшийг суулгаагүй. Тэр үед би их гайхаж л байсан. Өөрийн минь хоёр багш буланд суухаар их түшигтэй санагддаг. Барилдааны үеэр хэрэгтэй зөвлөгөө өгнө. Би уг нь багштайгаа л гарна гэж бодож байтал гаргаагүй. Болохгүй л юм байлгүйдээ гэж бодоод өнгөрсөн. Г.Мандахнаран гавьяатыг барилдах үеэр ч бас жаахан муухай юм болсон. Цогоо багшийг хөөж бариад байхаар Мандахаа ахыг хурцалсан байх. Дөрвөн оноогоор гурван удаа унагаад л цэвэр ялсан. Тэгээд ч Мандахаа ах хойд үеийнхнээсээ арай илүү. Барилдааны ур чадвар, техникийн тал дээр гээд бүх зүйлээрээ илүү болохоор илүүрхсэн барилдаан болоод л өнгөрсөн дөө.
-Монголын нөхцөлд тамирчид том тэмцээнд амжилт гаргаж байж амьдрал ахуй нь жаахан дээшилдэг. Харин тэр боломжид хүрч чадаагүй нь дэмжлэггүй хоцордог тал бий шүү дээ. Өөрийн тань хувьд ямархуу байна даа?
-Ар гэртээ анхаарч, гэр бүлээ аваад явж байгаа өч төчнөөн тамирчин байгаа. Өөр ямар нэг ажил хийдэггүй. Гол ажил нь тэмцээн уралдаанд оролцох байдаг. Гэтэл тамирчдын цалин мөнгө үнэхээр бага. Ар гэрээ авч явах хэмжээний биш. Тэглээ гээд яах вэ дээ, дуртай, сэтгэл зүрхээ зориулчихсан юм болохоор уйгагүй зүтгэдэг өчнөөн олон тамирчин байгаа. Миний хувьд ар гэрийнхэн, хамаатан садан, найз нөхөд маань маш их дэмждэг. Энэ нь амжилт гаргахад түлхэц болж өгдөг. Ар талдаа санаа зовохгүй тэмцээн уралдаанд явна гэдэг чинь сэтгэл зүйн хувьд амар байдаг. Би “Алдар” спорт хорооны тамирчин. Эндээсээ цалингаа авчихдаг. Шигшээ баг тарчихсан болохоор одоохондоо цалин авахгүй байгаа. Гэхдээ нэг, хоёр сардаа багтаад шигшээ баг бүрдчих байх.
-Хэд хүртлээ барилдана гэж боддог вэ. Эсвэл дэлхийн аварга, Олимпийн наадамд амжилт гаргачихвал гэр бүлийн амьдралдаа анхаарна даа гэж боддог уу?
-Одоохондоо яг тэгж төлөвлөж, бодсон юм байхгүй. Барилдана, бэлтгэлээ сайн хийнэ, амжилт гаргана л гэсэн бодолтой байгаа. Мэдээж гэр бүлийн амьдрал бусад зүйл болох цагтаа болно. Одоохондоо бол өөр янз бүрийн зүйл бодож, анхаарлаа сарниулж болохгүй шүү дээ. Зөвхөн бөхдөө, барилдаандаа, бэлтгэлдээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.