Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч парламентад суудалтай гурван намын өрсөлдөгч өнөөдөр СЕХ-нд бүртгүүлэхээр бичиг баримтаа өглөө. Өглөө 09.40 цагт МАН-ын нэр дэвшигч М.Энхболд бүртгүүлэхээр хандсан бол морин цагт МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нар ар араасаа нэр дэвших хүсэлтээ өгсөн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагалдан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд асан, намын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал болон УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нарын хүмүүс хамт байлаа. Бүртгүүлэхээр хандсаны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр, “Энд цугласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд хуулийн дагуу тус тусдаа нэр дэвшигчээ тодруулж, нэр дэвшигчдийнхээ материалыг өнөөдөр СЕХ-нд бүртгүүлэхээр өгч байна. Сонгууль шударга болоосой. Бүртгэлийн ажлыг хуулийн дагуу хийгээсэй. Ард түмэн шударга сонгуулийг хүсч байна. ард түмэн өөрөө сонгох сонгууль болоосой гэж хүсч байна.
Би Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчөөр та бүхнийхээ итгэл дэмжлэгийг авч ажиллаж байсан хүн. Тэр үедээ өөрийнхөө мэдлэг туршлагыг эх орноо хөгжүүлэхийн төлөө ашиглаж, нэгэн мөр сэтгэлээр ажиллаж байсан. Тэр үед хийж байснаа үргэлжлүүлэх, сүүлийн үед бий болсон алдаа дутагдлаа засах түүхэн үүрэг хариуцлага надад ноогдож байна. Нам маань намайг нэр дэвшүүлснийг талархан хүлээж авсан. Хоёр нэр дэвшигчтэйгээ шударга өрсөлдөж, ард түмнээ сонгуулах аяныг эхлүүлэхийг хүсч байна. СЕХ хэн нэг улс төрийн нам, зүтгэлтэний шахалтад орохгүйгээр энэ сонгуулийг анхаасаа шударга хийгээсэй. Мордохын хазгай битгий байгаасай” хэмээлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.