Эрүүгийн хуультай холбогдуулан ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ

Эрүүгийн хуультай холбогдуулан ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 11-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. Гэвч ч уг хуультай холбоотой маргаан олон нийтийн дунд байсаар байгаа юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “эх орноосоо урвах” гэсэн заалтыг зөвхөн дайны үед эх орноосоо урвасан тохиолдолд хамаарна гэсэн  нь уг заалтыг огт байхгүй болгосонтой тэнцэж байна. Бусад тохиолдолд урвасан гэж үзэхгүй байх нь ноцтой асуудал хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Тагнуулын Ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна.

 Мэдэгдэлдээ “Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус обьектив талын үйлдлээр нь хоёр салгаж тусгасан бөгөөд уг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлээгүй.

Энэхүү өөрчлөлт нь олон улсын харилцааны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилсэн нийтлэг жишиг, тагнуулын байгууллагаас харьяаллын гэмт хэрэг, түүний дотор тухайн гэмт хэргийн гаралт, шалгаж шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа, шүүхийн практик болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт зэрэгт үндэслэсэн болохыг мэдэгдэж байна” хэмээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.