ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын цагаар өглөө 04:00 цагт хуралдаж, хөтөлбөрөө баталлаа. Хөтөлбөр гурван жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Мөн зөвхөн ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжинэ. Эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ. Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн.
Хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан байгаа. Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллах болно. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу. Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье” гэсэн юм.
Мөн тэрбээр ОУВС-ийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах бэлэн төсөл хөтөлбөр байгаа юу гэх сэтгүүлчийн асуултад “Ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ярина гэвэл олон төсөл хөтөлбөр ярих болно. Засгийн газар бүрэн эрхээ эдэлж эхлэхэд ажилгүйдлын төвшин 11.4 хувьтай байсан. Бид ажилгүйдлын төвшинг 2018 онд найман хувиас хэтрүүлэхгүй байх зорилго тавьсан” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.