Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт өчигдөр боллоо. Өдөрлөгт эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани оролцож, иргэдэд ажлаа тайлагнав. Энэхүү үйл ажиллагааг нээж, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргаад байна.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгууллаа. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орууллаа.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин станцын ажил өрнөж байгаа бөгөөд 2017 онд ашиглалтад оруулах зорилгын хүрээнд одоогийн байдлаар угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв. Мөн сүүлийн үед дэлхий нийтээр агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж буй. Тэгвэл эрчим хүчний салбарынхан агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өрхийн зардлыг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай 110 мянга гаруй хэрэглэгч хамрагдсанаар нийт 3.363.7 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцлов. Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын хоёр хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил явагдаж байгаа гэнэ. Одоогоор барилга угсралтын ажил 90 хувьтай байгаа аж.
Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийн бэлтгэл ажил гээд их бүтээн байгуулалт өрнөж буйг салбарынхан онцолж байлаа. Эрчим хүчний салбар Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө багагүй хувь нэмрээ оруулжээ.Тухайлбал, гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай байсан нийслэлийн захын гэр хорооллын нийт 22 байршлын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллажээ.
Ард иргэдийн зүгээс олон жилийн турш хүсэлт болгон тавьсан энэ ажлыг үргэлжлүүлж, 2017 онд нэмж 6000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөн нийтдээ 43 багц тендерийг зарласан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэлсэн гэнэ.
Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим халаалтын зуухыг татан буулгаж, тус уурын зуухнаас халаалтаа авч байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж эхэлжээ.
Мөн Хөвсгөл нуурын жуулчны баазуудыг төвлөрсөн эрчим хүчээр хангах хүрээнд Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг хийж буй гэх мэтчилэн Эрчим хүчний салбарынхан энэ өдөр иргэддээ хэлэх үг, хийсэн ажилтай байсан юм. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд төсөл хөтөлбөр болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмж танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар мэдээлэл өгч, цогц үйлчилгээ үзүүллээ. Тус өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.