Ардчилсан парламенттай болсон 26 жилийн түүхэнд анх удаа Төрийн тэргүүнээ сонгохоор дахин санал хураалт явуулах гэж байна. Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 1.978.298 нь сонгогчийн саналын хуудсанд бичүүлснээс 1.318.511 нь саналаа өгчээ. Үүнээс “сонголтгүй сонгууль” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн 18 мянган сонгогч байсан бол, 600 мянга гаруй сонгогч огт саналаа өгөөгүй юм.
Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн авсан санал гурван тал руу хуваагдсанаас үүдэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасны дагуу 50+1 гэсэн шалгуурт хүрч чадсангүй. Эхний шатны санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга илт давуу байж, өрсөлдөгч хоёроосоо 100 мянга гаруй хүний саналаа илүү байсан ч босго хувьдаа хүрч чадаагүй учраас ийн сонгууль хоёр шаттай болох нөхцөл бүрдлээ. Олон талаар эдийн засгийн хохирол учруулах энэхүү дахин санал хураалтыг хийхгүй байх боломж харамсалтай нь алга. Хуульд зааснаас нэр дэвшигч хоёр ямар ч сурталчилгаа байхгүйгээр 13 хоногийн дараа буюу ирэх долдугаар сарын 9-нд дахин өрсөлдөхөөр болж байна. Харин гадаадад ажиллаж амьдарч буй иргэд долдугаар сарын 4-нд дахин санал өгнө.
Хэрвээ дахин санал хураалтад ирц хангалттай байж, нэр дэвшигчийн аль нэг нь 50+1 санал авч чадахгүй бол энэ сонгууль хүчингүй болж шинэ сонгууль болох нөхцөл байдал үүсч буй юм. Хэдэн төгрөг урсах, хэний буруу вэ гэдгийг дараа дараагийн нийтлэлээр хөндөх нь зөв биз. Харин энэ удаад дахин санал хураалт яагаад баяр наадмын өмнө, бүр болоогүй амралтын өдөр болж байгааг СЕХ-ноос асуумаар байна. Сонгуулийн тухай хуульд дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зарлана гэж заачихсан. Ажлын өдөр гэсэн хуулийн заалт ч бий.
Тэгэхээр долдугаар сарын 10-наас өмнөх аль ч өдөр зарлах боломжтой гэсэн үг. Хүмүүсийн амралт эхлээгүй, ажилтай байхад санал авах тусмаа л ирц хангалттай бүрдэж, шинээр сонгууль хийхгүй, хэдэн арван тэрбум төгрөг салхинд хийсгэхгүй зохион байгуулах боломжтой. Үүнийг олон жил СЕХ-ны үйл ажиллагааг удирдсан Ч.Содномцэрэн дарга юу юунаас илүү мэдэж байх учиртайсан. Эсвэл мэдсэн ч мэдэн будлихыг хүсэв үү. Мэдээж санал өгөх хуудас дахин хэвлэх, машиныг шинээр програмчлах гэх мэтээр хугацаа шаардах ч үгүй ядахдаа ажлын өдөр зохион байгуулаад, ажилдаа ирэхдээ цагаан хуудсаа харуулж нэг өдрийн цалингаа бодуулах гэх мэтээр хариуцлагын асуудлыг ярьвал болохгүй гэх зүйл огтхон ч алга. Амралтын өдөр хийх тусмаа л иргэд агаар салхинд гарч амрахыг урьтал болгодог.
Цаашлаад баяр наадам эхлэхийн өмнөх өдөр нийслэлд үлдэх хүн байхгүй гэдгийг олон жил сонгууль хийсэн улс төрийн намууд мэдэж баймаарсан. Долдугаар сарын 9-нд тухайлбал, нэлээд олон аймаг, сумын улсын баяр наадам товлогдчихсон байжээ. Хуушуур хийх зөвшөөрлөө авчихсан, бараа бүтээгдэхүүн зарах иргэд ч ажлаа товлочихсон байж. Гэтэл дахин санал хураалтаас болж нэлээд олон аймгийн наадам цуцлагдаж байгаа бололтой. Төрийн буруу шийдвэрээс болж нөгөө талд асар их мөнгө хий дэмий салхинд үрэгдэх нь. Мөн энэ өдөр нийслэлийн залуусын хүсэн хүлээдэг амьд хөгжмийн “Playtime” наадам хотоос зайдуухан болох гэнэ лээ.
Сонгуулийн насны хамгийн идэвхгүй хэсэг бүлэг бүгдээрээ энэ наадмыг үзэхээр явна. Тэр тохиолдолд дахиад л санал хураалтын ирц хүрэхгүй болж шинээр сонгууль зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Эсвэл мөн л олон өдрийн бэлтгэл, ажлыг нь хойш татуулж цуцлахад хүрэх биз. Нэгхэн хоногийн дараа наадам эхлэх гэж байхад сонгууль өгөөд явах хүн тэр болгон олдохгүй гэх мэтээр наадмын өмнөх сонгууль бүх талаараа буруу тийш эргэх нь ээ.
Ерөөс улс төрийн намуудын олон жилийн түүхэнд баяр наадмаар далимдуулж болохгүй бүтэхгүй бүхнийг хийж, хор хутгаж ирсэн түүх бий. Ард түмний анхаарал наадам цэнгээн, амарч зугаалахад чиглэсэн үеийг далимдуулж УИХ-аар дандаа болохгүй, бүтэхгүй хуулиа баталж байсан жишээ олныг нэрлэж болно. Тиймээс энэ удаад ч наадмаар далимдуулж сонгуулийн луйвар хийх вий гэсэн болгоомжлол ч улс төрийн намууд болон улстөрчдөд байгаа юм билээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболд “СЕХ өглөө 09:00 цагаас хуралдаж, түүхэнд байгаагүй буруу шийдвэр гаргасан байна.
Яагаад гэвэл, 8, 9-ний өдөр наадам эхэлчихдэг. Сур харваа эхэлчихдэг, дааганы уралдаан болдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бүх аймгийн наадам 8, 9-ний өдөр болохоор төлөвлөгдөөд, шийдвэр нь гарчихсан байна. Монгол Улс сонгууль явуулж эхэлснээс хойш түүхэндээ анх удаа наадмын өдөр саналт хураалт хийх балмад шийдвэрийг СЕХ гаргасныг эсэргүүцэж байна. АН Сонгуулийн хуулийн 16.2-т зааснаар ажлын өдөр явуулахыг шаардана. СЕХ аль дуртай өдрөө сонгууль явуулах эрх байхгүй.
16.2-оор сонгуулиуд аль нэг ажлын өдөр болдог. Ээлжит бус бусад сонгууль, дахин санал хураалтыг ч гэсэн 16.2-т нийцүүлнэ явуулна гэж Сонгуулийн хуулийн 20.3-т заасан байгаа. Тийм учраас наадмын өдөр явуулах гэж байгаа дахин санал хураалтаа нэн даруй, өнөөдөр өөрчил. СЕХ-ныхон МАН-ынханд долигнож болно. Гэхдээ ингэж хуулиа зөрчиж битгий долигно. Ялангуяа Болдсайхан гэдэг нөхрийг энэ шийдвэрт оролцуулж болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн. Тэр хүнээ хол байлгаж байж шийдвэрээ гаргаарай. Ажлын өдөр сонгууль явуулах шийдвэрийг би хэлээд байгаа юм биш. Хуульдаа тийм байна.
Тийм болохоор АН-ынхан ажлын өдөр дахин хураалтыг явуулахыг албан бичгээр мэдэгдэнэ, шаардана” гэсэн мэдэгдэл хийлээ. Эхний шатны санал хураалтад нэр дэвшигч нь ялсан АН-ын зүгээс ч ийм мэдэгдэл хийсэн. Гэтэл баяр наадамтай зэрэгцэн хийхийг ганцхан МАН дэмжээд сууж байгаа нь эрхгүй хар төрүүлж буй юм. Тэдэнд сонгуулийг наадамтай давхцуулах ямар нэгэн ашиг сонирхол байхыг үгүйсгэх арга алга.
Хуульдаа ажлын өдөр хийнэ гэж тусгачихсан атал наадмын өмнө хийж долоон тэрбум төгрөгийг салхинд хийсгэх хүсэл улс орноо боддог улс төрийн нам эвсэл, улстөрчдөөс гарч байгаа гэхээр л дахин санал хураалтад итгэх итгэл төрөхгүй байгаа юм. Хэдийгээр дахин санал хураалт хүртэл улс төрийн намууд болон нэр дэвшигчид сурталчилгаа хийх эрхгүй ч явган сурталчилгааг хориогүй. Тэр тусмаа хуульгүй юм шиг орон зай бол сошиал орчин. Тэнд нэгнээ гүтгэсэн харлуулсан, доромжилсон, улстөрчдийн фанатуудын нэгнээ үзэн ядсан хийрхэл ихсэх тусмаа л ирцэд улам бүр л нөлөөлнө. Залуус залхаж эхэлнэ.
Дахиад л хэдхэн ахмадууд саналаа өгсөн нэр зүүж, хэдэн арван цэцэрлэгийн мөнгийг хийх дэмий салхинд хийсгэх болчихоод байна, эрх баригчид аа. Ерөөс ард түмэн нь наадаж цэнгэж байхад төрийн тэргүүн, төр засгийн удирдлага сонго хэмээн тулган шаарддаг улс манайхаас өөр байхгүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Ийм л мэргэн шийдвэр гаргадаг төртэй учраас иргэдийн итгэл жилээс жилд буурч байгааг буруутгах аргагүй биз ээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.