Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд энэ сарын 28-нд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, СЕХ-нд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлсэн юм. Энэ үеэр “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн А.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
- Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжсэн гэж та хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Танай холбоо сонгуулийг хүчингүй болгох байр суурьтай байгаа хэрэг үү?
-Сайнхүүгийн Ганбаатар Нам бус иргэдийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Дээр нь энэ хүн МАХН-ын гишүүн байгаагүй. Сарын өмнө л элссэн. МАХН-ын нэрээр манай холбоо дэвшүүлсэн хэрэг. Хэрвээ энэ хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нам бус хэвээр үлдэж, ард иргэдийн дуу хоолой болж чадна гэж үзсэн учраас манай холбоо МАХН-тай ярьж, иргэний нийгмийн төлөөллөө дэвшүүлсэн. Гэтэл сонгуулийн санал хураалт дуусахаас өмнө СЕХ мэдэгдэл хийх үед цаана нь программистууд МАН-ын даалгавраар хар машин гэх амьгүй техник дээр тоглолт хийж, манай нэр дэвшигчийн саналыг луйвардчихлаа. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Яагаад цагдаа, шүүхийн байгууллага нь хянаж, шалгахгүй байгаа юм бэ гэдэг нь сонин байна.
-МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын тухайд ямар нэг луйвар байхгүй, хамтарч шалгасан ч болно гэдгээ мэдэгдсэн шүү дээ?
- МАН-ынхан угаасаа ичихээ больсон улс шүү дээ. Бид олон жил сонгууль бүрээр сонсч байна. Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарын хүмүүс өөрсдөө хар машиныг шатааж явсан удаатай. Зураг хөрөг нь ч бий. Гэтэл өнөөдөр хар машиныхаа түлхүүрийг атгасныхаа дараа түүгээрээ дамжуулж, ард түмнээс сонгогдох ёстой төрийн тэргүүний суудлыг луйвардах гэж байна. УИХ-ын сонгуулийг луйвардахад нь бид дуугараагүй. Одоо больё. Ханаж цаддаггүй юм уу. Төрийн бүх албан тушаал тэдний мэдэлд байх ёстой юм уу. Монголын ард түмэн тэдний хэлдгээр гуйлгачин байх ёстой юу. Ард түмэн өөрийн гэсэн өв хөрөнгөө заавал гадныханд алдах хэрэг үү. Бид ноомой, даруу байж болохгүй. Өнгөрсөн сонгуульд нам бусчууд сэрсэн. Нам бус иргэд илүү их хувийг эзэлж оролцсон. Нийт сонгогчдын 80 хувийг намбусчууд эзэлдэг. Энэ сонгуульд намбусчууд өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болохоор саналаа өгсөн ч, дахиад луйвардуулчихлаа. Тиймээс СЕХ-ыг татан буулгах ёстой.
-Нам бус иргэдийн холбоо өөрөө иргэний нийгмийн байгууллага. Тэгсэн атлаа МАХН-ыг дэмжих нь өөрөө учир дутагдалтай юм биш үү?
-Хүн бүр л ингэж асуудаг юм. Нэгдүгээрт, С.Ганбаатар холбоог үүсгэн байгуулагчдын нэг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн нам бус байх ёстой. МАХН-аас Н.Энхбаяр дарга нэр дэвшсэн. Гэсэн ч, нэр дэвшүүлээгүй учраас МАХН-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүнээ тус намын нэрийн дор дэвшүүлсэн. Хуульд парламентад суудалтай намын төлөөлөл нэр дэвшинэ гэж заасан байдаг. Нам бус хүн нэр дэвшиж болохгүй. МАХН-аар дамжуулж байж, нам бус иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгч болох боломжтой байсан юм.
-СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Нам бус иргэдийн нэгдсэн холбооны зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагын нэгд, СЕХ луйвраа зогсоо, шийдвэрлэж чадахгүй бол татан буугд. Долдугаар сарын 7-нд санал хураалтыг явуулахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гурван нэр дэвшигчдийн дунд дахин явуулах ёстой гэсэн байгаа. Уг нь хуульдаа зөвшөөрдөг байсан бол нам бус иргэдийн дундаас сонгуульд нэр дэвших боломж байна. Тийм мэдлэг, чадвартай хүмүүс байгаа.
-Дахин сонгууль явуулахад дахиад хэдэн тэрбум төгрөг зарлагадах юм биш үү?
-Тэр хамаагүй шүү дээ. Гарах ёстой юм нь гарч байж Монгол Улс цэвэршиг. Өнөөдрийн ард түмний тархийг угаах юм нь тэр байдаг байхгүй юу. Ядуу ард түмний тархинд өндөр дүнтэй мөнгө хэлэхээр айгаад, бас улс орноо бодоод саналаа өгдөг. Гэтэл тэр саналаар нь луйвар хийж, хожоо болгоод байна. Шударга Ерөнхийлөгч сонгогдвол эрх баригчдын луйврын мөнгийг нь авчирч, гарсан зардлыг дарах л ёстой. Ард түмний нуруунд ийм хүнд ачаа байлгах ёсгүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.