УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл өчигдрөөс Төрийн ордон хаалгаа нээж, гишүүд ажилдаа орлоо. Тодруулбал, өчигдөр 11:00 цагт байнгын хороод, 15:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдлаа. Хэсэг хугацаанд амралтаа авсан гишүүд ажилдаа хэрхэн ирцтэй ирснийг хүргэе. Энэ удаагийн нэгдсэн чуулганы хуралдаанд товлосон цагтаа ирсэн гишүүд байсангүй. Ихэнх нь таван минутаас нэг цаг хүртэлх хугацаанд хоцорч ирэв. Харин Ж.Батзандан, О.Содбилэг, Г.Солтан, Ч.Улаан, Д.Ганболд, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, С.Эрдэнэ нарын гишүүд тасалсан бол Ш.Раднаасэд, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын гишүүд чөлөө авчээ.Байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн олны анхаарал татсан асуудлыг тоймлон хүргэе.
Б.Пүрэвдорж: Тэтгэврийн насыг 65 болгон нэмэхийг АН эрс эсэргүүцэж байна
Байнгын хорооны хуралдаанаар олон нийтийн анхаарал татсан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн нь энэ сарын 23-нд Засгийн газрын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл байлаа. УИХ-ын хаврын чуулганаар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотголыг яаралтай батлах тухай асуудал үүсч, төсвийн тодотголд хэд хэдэн асуудлыг тусгасан билээ. Түүний нэг нь тэтгэврийн насыг нэмэх асуудал байсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ ба тэтгэврийн насны зохистой тэнцвэр хангагдаагүй байгааг сайжруулах зорилгоор тэтгэврийн насыг хүн амын насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2037 онд 65-д хүргэхээр тусгасан. Гэвч уг шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцэж байсан юм. Үүний үр дүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр АН-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн хаврын төсвийн тодотголоор тэтгэврийн насыг 65-д хүргэсэн. Тэтгэврийн насыг нэмж байгаа шалтгаанаа хэлээч гэхэд дэлхийн жишигт хүргэж байгаа гэж тайлбарласан. Дэлхийн жишигт цөөхөн орон 65 насаар тогтоосон байдаг. Гэхдээ ихэнх нь Европын орнууд бий. Тэд бол иргэдийнхээ нийгэм эдийн засгийн асуудлыг бүрэн шийдвэрлэдэг орнууд. Иргэд нь өндөр насладаг. Тэд тэтгэврийн мөнгөнд ойролцоогоор 2000 орчим евро өгч байгаа. Гэтэл манай улсын иргэдийн тэтгэврийн мөнгө дунджаар 300 мянган төгрөг байна. Тэтгэврийнх нь мөнгийг дэлхийн жишигт хүргээгүй байж, насыг нь дэлхийн жишигт хүргэх гэсэн нь буруу шийдвэр болохыг харуулсан. Олон ахмадууд 40 гаруй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд дөрөвхөн жил түүнийгээ авах ийм л нөхцөл байдалд хүрлээ. Яагаад дөрвөн жил гэж хэлсэн гэвэл, Манай улсын иргэдийн дундаж наслалт 69.5. Олон хүн 65 нас хүрэлгүй хорвоог орхиж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төлчихөөд тэтгэврээ авч чадалгүй өнгөрсөн олон тохиолдол бий. Ер нь хөдөө орон нутгийн иргэдтэй уулзалт хийгээд явахад хүмүүс дургүйцэж байна билээ. Зарим залуус босч ирээд үг хэлж байна лээ. Б.Пүрэвдорж гишүүн ээ би нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Яагаад гэвэл би 65 нас хүрэхгүй ч байж мэднэ. Түүний оронд Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууц аваад өнөөдрйин ханшаар 800 мянган төгрөгөөр түрээсэлвэл тэтгэврийн 300 мянгаас илүү мөнгө авна гэж хэлсэн. Тиймээс 65 нас хүртэлх гэдэг шийдвэр тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байхад хүргэж байна. Энэ шийдвэр эргээд нийгмийн даатгалын санг дампууруулах хариуцлагагүй шийдвэр болсон. МАН-ын гишүүд сонгуулийн үеэр иргэдтэйгээ уулзаж явлаа. Нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан болов уу. Тиймээс сонголтын асуудлыг оруулж ирж байх шиг байна. Энэ сонголтоор зогсч болохгүй. Тиймээс 60 настай тэтгэвэрт гарах талаар АН-ын бүлэг хатуу байр суурьтай байна гэдгийг хэлье” гэв. Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Гадаад зээл долоон их наядад хүрсэн гэв
УИХ-ын нэгдсэн чуулганы эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” төслийг хэлэлцлээ. Уг төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн тайланг олон улсын стандартад заасны дагуу бүтэц бүрэлдэхүүнээр тайлагнасан болно. Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд улсын болон орон нутгийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл санхүүгийн тайланг нэгтгэлээ. Засгийн газрын нэгтгэсэн тайланд нийт 31.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24.8 их наяд төгрөгийн өр төлбөр, түүнээс мөнгөн хөрөнгө 2.9 их наяд, авлага 4.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 5.6 их наяд, үндсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөг тайлагнагдсан байна. Нийт өр төлбөрийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 7.6 их наяд, Засгийн газрын хүлээх дотоод үнэт цаасны өглөг дөрвөн их наяд, гадаад үнэт цаасны өглөг 5.4 их наяд, гадаад зээл долоон их наяд төгрөг байна” гэв. Энэ үеэр гишүүд дараах асуултыг асууж, хариулт авлаа.
З.Нарантуяа: Орлого, зарлагын мэдээлэл үнэн бодит уу
-Үндэсний аудитын газрыг Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн гүйцэтгэлд бодитойгоор бие даасан байгууллагын хувьд ажиллах байх гэж найдаж байна. Ялангуяа УИХ-ын Зарлагын хяналтын хороонд хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал яригдах ёстой. Хоёр зүйлд юу гэж бодсон бэ гэдгийг асууя. Нэгдүгээрт, орлого, зарлагын нэг нь давсан, нэг буурсан тоонууд хэр бодитой байна вэ. Би үүнийг үнэхээр орлогынхоо төрлийг нэмээд орлого олчихлоо, илүү давуулчихлаа, хэмнэлт гаргаад зарах ёстойгоосоо дутуу зарчихлаа гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл 2016 оны төсвийн тодотголоос харвал бид орлогоо нэг их наяд 584 тэрбум төгрөгөөр хасч тодотгосон. Үүний нэг их наядыг татварын орлогоо авч чадахгүй гэх шалтгаанаар бууруулсан. 578 тэрбум төгрөгийг татварын бус орлого, боломжгүй орлого гээд бууруулсан шүү дээ. Одоо болохоор 405 тэрбумаар давуулчихлаа гэж ярьж байна. Та нар Зарлагын хяналтын хороонд орж ирэхдээ ийм задаргаа гаргаачээ гэж хүсч байна. Бидний бууруулж тодотгосон 1.5 их наяд дотроо зүйл ангиар ялгаад энэ 405 чинь аль аль руу нь орсон юм бэ. Авч чадахгүй гэсэн зүйлүүд яагаад эргээд ороод ирсэн байна. Яаж авч чадсан юм бэ гэдгийг харуулах хэрэгтэй байна. Түүний дараа бид үнэхээр бодит орлого уу, цаасан дээр тоо тавиад нэгнийгээ хуурах гэсэн оролдлого уу гэдгийг харж чадна. Хоёрдугаарт, олон зөрчлийн талаар ярьж байна. Үүнд тайлбар хийхдээ ихэвчлэн өмнөх Засгийн газрын үед гарсан гэлээ. Хамтарсан Засгийн газар болон хамтраагүй Засгийн газрын алдааг ялгаад гаргаад ирээч.
Х.Баделхан: Төрийн өмчит компаниудын өр Монгол Улсын жилийн орлоготой тэнцэж байсан
-Өнгөрсөн онд Засгийн газар солигдох үед төрийн өмчийн компаниуд маш их өртэй гарсан. Зургаан их наяд буюу Монгол Улсын жилийн орлоготой тэмцэх хэмжээний өртэй байсан. Өрийг байгуулах талаар Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. УИХ-ын тогтоолоор заалт өгсөн юм. Өнөөдрийн байдлаар уг ажлын хэрэгжилт ямар байна вэ. Төрийн өмчит компаниудын өрийн төвшин хэр буурсан бэ. Өнөөдрийн өрийн төвшин ямар хэмжээнд байна вэ.
ҮАГ: “Шивээ овоо” компани худалдан авсан 0.4 тэрбум төгрөгийн материалаа данс бүртгэлд тусгаагүй
Төрийн өмчит хуулийн этгээдийн бараа материалын үлдэгдэл 599.9 тэрбум төгрөг байснаас 304.3 тэрбум төгрөгөөр оны сүүлийн хагаст буурууллаа. 295.6 тэрбум төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй аудитын тайлангаар тайлагнагдсан. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит компани бараа материалын дансанд бүртгэлтэй 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг дугуйг үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон. “Шивээ овоо” төрийн өмчит компани худалдан авсан 0.4 тэрбум төгрөгийн бараа, материалыг данс бүртгэлд тусгаагүй гэсэн зөрчлүүдэд аудитын тайланг хязгаарлаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.