ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав. Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдлаа. Тэрбээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа. Мөн Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар туслах боломжтой талаараа дурьдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив.
Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх болон Монгол Улсаас дэлхийн зах зээлд тус улсаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах гэх мэт саналууд тавьж ярилцсан юм. Мөн хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болж, эхний уулзалт өндөрлөсөн. Улмаар Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Өргөтгөсөн хуралдаанд мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон манай улсын Ерөнхийлөгч илтгэгчээр оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарт баяр хүргэе. Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ. Энд ирээд би энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх гэсэн юм. Ингээд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.Белозеров нартай “Восточный” боомтыг үзэх боломж олдлоо.
Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Миний мөрөөдөл бол далайд гараад, манайд байгаа газрын баялаг, бусад бүтээгдэхүүнийг бусад оронд дэлхийн үнээр зарах том боломж олох юм. Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна. Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн В.Путин болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье.
Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй. Өчигдөр бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцааны тухай болон Алс Дорнодын бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцлаа. Хориг тавьж аюулгүй байдлыг сахихаас гадна яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцсан. Танд баярлалаа. Мөн надтай адилхан шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баярлалаа.
Бид хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-д олноороо ажиллаж байгаа монголчууд болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахихад яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг ч үргэлж үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцлаа. Ингээд энэхүү форумд оролцож байгаа зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүсье, баярлалаа” гэлээ.
Дорнын эдийн засгийн форумд оролцон үг хэлсэн төр, засгийн тэргүүнүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “ОХУ бол Ази, Европ хоёр тив дамнан оршдог орон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Монголоос Алс Дорнодод очих нь ОХУ-ын Европын хэсэгт очихоос илүү ойр байна гэлээ. Бас Хакасаас Алс Дорнод руу 8000 км-ийн цаанаас нүүрс тээвэрлэж байхад Монголоос 4000-аад км-ийн цаанаас нүүрс тээвэрлэх нь илүү дөт гэлээ. Ингэж улс орнууд хамтарч ажиллахад Алс Дорнодод ложистикийн салбарыг илүү хөгжүүлэх нь чухал. Энэ нь дэлхийн эдийн засагт ч чухал” хэмээн хэдэнтээ онцолж байлаа. Хэлэлцүүлэг энгийн найрсаг байдалд өрнөсөн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.