Тэрбумтан сайд

Тэрбумтан сайд

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн хавар өөрийн  залгамж халааг тодруулсан нь Тогтмолын Мөнхсайхан байв. Тэр үед мань хүн Улсын төв нэгдүгээр эмнэлгийн даргын албыг хашиж байлаа. Эрүүл мэндийн салбар ч коронавирусын үед сайн ажиллаж байна гэсэн магтаалд умбаж байсан цаг. Гэсэн атал салбарын сайд нь дараагийн сайдаа тодруулан зарласан нь сонин. 

Удалгүй 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль эхэлж, 22 хоног бужигнасны эцэст МАН 62 суудал авч Засгийн газраа байгуулах, сайд нарыг томилохоор бужигнаан эхэлсэн. Энэ дунд  “Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд болох гэнэ” гэсэн шум эртнээс сонсогдсон юм. Харин Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал, мэс заслын их эмч, Баянзүрх дүүргээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг олон нийтийн зүгээс  нэр дэвшүүлж байлаа. Түүний зэрэгцээ Т.Мөнхсайхан болж магадгүй гэж зарим  хэвлэл бичиж байв. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс 2016 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан Б.Цогтбаатарыг томилохоор  шийдвэрлэсэн. Гэвч  маргааш нь “Сайд байх боломжгүй хүн юм байна”  хэмээн буцаасан. Ингээд  Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд боллоо гэсэн мэдээ, “Сайдын суудлыг тэрбумаар худалдаж авсан уу” гэсэн асуултын тэмдэгтэйгээр олон нийтийн дунд түгсэн. Ямар тохироо, наймаа явсныг дэргэдээс нь  харсан биш.. Сайд болсон, болгосон хоёр хоорондоо юу ярьсныг сонссон биш, хэн мэдлээ. Ямартай ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дөрвөн тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн хэмээн улс даяар шуугиулсан, улсын төв эмнэлгийн захирал залуу сайд болсон нь үнэн. Эмчийн мэргэжлээр ажилласан, залуу хүн яаж ийм хөрөнгөтэй болсныг мэдээж шалгадаг байгууллага нь шалгаад ашиг сонирхлын зөрчилгүй учраас томилгоо хийгдсэн биз. 

Т.Мөнхсайхан 1983 онд төрсөн, 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч,  2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад  2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирал болсон. Тухайн үед халаа сэлгээ хийлээ, хамт олныг бужигнууллаа гэсэн яриа мэр сэр гарч байсан удаатай. Ингээд удалгүй 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захиралаар томилогдсон бол нүд ирмэхийн зуур албан тушаалын шатаар өгсч Эрүүл мэндийн сайд боллоо. 

Сайд болохын өмнө Улсын төв нэгдүгээр эмнэлгийн захирлын албыг хашихын зэрэгцээ  Үений дурангийн нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн. 2006-2019 онд ГССҮТ-д ажиллах хугацаандаа Монголд анх удаа  үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг нэвтрүүлж  нутагшуулсан гэгддэг.  Монголын түлэнхийн санг байгуулснаар жилдээ 0-5 насны 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас бардаг байсныг 90 хувиар бууруулж, төлбөрийн боломжгүй бага насны хүүхдүүдийн зардлыг тус сангаасаа гарган эмчилдэг гэсэн мэдээлэл бас гарч байв. 

УНТЭ-т ирээд тэрээр  “Салбарын хөгжилд хамтдаа” гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Эмнэлгийн ачааллыг бууруулсан, их засврын ажлыг эхлүүлж чанартай хийлгэсэн гэдэгт  үйлчлүүлэгчдийн зүгээс ам сайтай байдаг юм билээ. Одоо тэр эмч нар нь ч, эмнэлгийн байгуулага нь ч өр зээлнээс салдаггүй, бараг  70-80 хувь нь цалингийн зээлтэй амьдардаг хүндхэн салбарын  “Тэрбумтан сайд” нь боллоо. 

Салбараа болоод эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх бол, яг түүнтэй адил өр зээлтэй, дээр нь өвчин зовлонтой байгаа иргэдээ хэрхэн энэрч халамжлах вэ гээд олон асуулт Т.Мөнхсайхан сайдын өмнө байна. Хэрхэн шийдэж, олон нийтийн хүлээлтэд ямар хариу өгөхөөс түүний чадвар харагдах болохоос  өмнө байсан “сайн эмч”, “үений хагалгааг нутагшуулсан” гэсэн магтаал тийм ч удаан  малгай болохгүй нь ойлгомжтой. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.