АН: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

АН: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван асуудлаар өчигдөр хуралдлаа. Тус бүлгийнхэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат “Шилэн дансны тухай хуулиар иргэд Монгол Улсын төсөвт хяналт тавих боломж бүрдсэн. Төрийн байгууллагуудын данснаас таван саяас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн бол түүнийгээ мэдээлэх үүрэгтэй. Зарим нь үүнийг биелүүлэхгүй байгаа. “Монголросцветмет” нь төсвөөс санхүүждэг, төрийн өмчит үйлдвэрийн газар. Гэтэл тус үйлдвэрийн орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамааралгүй гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай. Бусад оронд төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан бол ард түмнээсээ уучлалт гуйж, албанаасаа огцордог. Энэ мэт ёс зүйгүй үйлдэл гаргасан гишүүндээ ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газраас шударга ёс эрэх хэрэггүй гэж дүгнэхэд хүргэж байна” хэмээв. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн, УИХ-аар хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ын бүлгийнхэн үзжээ. Тодруулбал, шүүхийн хэвтээ тогтолцоог бүрдүүлж, бие даасан байдлыг нь бататгасан, Улсын дээд шүүхийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд тусгах саналтай байгаа аж. Мөн Улсын дээд шүүхийн чиг үүрэгт нийцүүлэн шүүгчдийнх нь тоог тогтоох болон танхимын бүтэцтэй байх, эсэхийг нарийвчлан тусгах нь зүйтэй гэжээ. Түүнчлэн шүүгч, тэр дундаа Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг тодорхой болгож, тэднийг бэлтгэх, сонгон шалгаруулах ажиллагаанд Монголын хуульчдын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Үүнээс гадна Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг нэмэлт бүтцийг бий болгохгүй байх, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийнх нь зөвлөгөөнөөс сонгож томилох нь зүйтэйг АН-ынхан хэлэв.

Мөн тодорхой хэрэг, маргааныг шүүгчид хуваарилах болон хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй байдлаар буюу сугалааны аргаар тодруулах боломжийг Шүүхийн тухай хуульд нарийвчлан тусгах нь зөв гэж тэд үзжээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу шүүгчийг томилж, огцруулж буй одоогийн зохицуулалтыг нэн яаралтай хүчингүй болгох нь зүйтэй гэдэгт АН-ныхан санал нэгджээ.

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Үүнд ойлгомжгүй, тодорхойгүй заалт олон байгаа учраас хуулийн төслийг сайжруулах шаардлагатайг АН-ынхан хэлэв. Тухайлбал, хот, аймгийн хоорондын уялдааг хэрхэн зохицуулах, дагуул хотуудыг ямар стандартаар хөгжүүлэх, газар олголтыг нь хэн шийдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.