ОБЕГ: БЗД-ийн онцгой байдлын даргыг ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан

ОБЕГ: БЗД-ийн онцгой байдлын даргыг ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан

Энэ сарын 03-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын албан хаагч Э.Мөнхжаргал агсны амиа алдсан шалтгаан, нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр ямар асуудал болсон, албан үүрэгт нь хамааралгүй ажил гүйцэтгэж явсан эсэх, мөн талийгаач өөрийн буруутай үйлдлээс болж амиа алдсан уу гэдэгт албан ёсны хариулт өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ талаар ярихдаа “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах, хүн ардын амь нас эрүүл мэндийг хүрээлэн буй орчны гамшиг, болзошгүй осол аваараас сэргийлэх, аврах хамгаалах хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг алба. Энэ хүрээнд үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүх шатны шуурхай штаб, хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэх гэх мэтээр цаг наргүй ажиллаж байгаа.

Манай албан хаагчдын ажлын онцлог байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шаардлагатай тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажилладаг. Нийслэлийн хэмжээнд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулаад угаарын эрсдэл үүсэхээс урьдчилсан сэргийлж, угаарын хийн хордлого, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хийсэн. Энэ аяны хүрээнд самбар байршуулсан.

Харамсалтай нь арванхоёрдугаар сарын 03-ны өдөр аяны хүрээнд Улиастайн эргэдэг уулзварт байрлуулсан самбарыг буулгах явцдаа Нийслэлийн онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн албан хаагч золгүй байдлаар амиа алдсан. Энэ самбар цагдаагийн байгууллагатай хамааралгүй. Юуны өмнө Онцгой байдлын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талийгаачийн гэргий, ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Шадар сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас хяналт шалгалт зохион байгуулсан.

Улмаар зарим албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тодруулбал, тухайн үед үүрэг чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн тухайн үед самбар буулгах үед хамт ажиллаж байсан албан хаагч цагдаагийн байгууллагад шалгуулж буй учраас шалгалтын эцсийн хариу гарах хүртэл ажлаас нь түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дүгээр заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байгаа гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.