Монгол Улс эдийн засгийн хямралд өртөж, хэзээ хэзээгүй дампуурах дээрээ тулчихаад байгаа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд дампуурах орнуудын жагсаалтад багтчихсан байна. Эдийн засгийн өсөлт тэр чигтээ зогсоод, бүр дефляци үүсчихлээ. Хэдийгээр улирлын чанартай гэж байгаа ч энэ янзаараа эдийн засаг унаад, иргэдийн худалдан авах чадвар буураад байвал тийм ч сайн үр дүнд хүрэхгүй л байх. Ядаж байхад бондын эргэн төлөх хугацаа хэзээ хэзээгүй дөхчихөөд байдаг. Гэтэл Засгийн газраас дорвитой арга хэмжээ огт авсангүй.
Төсвөө сахилга баттай болгож, хэмнэж болох бүхнээ хэмнэе гэж байсан ч тэгсэнгүй. 20, 30 сая төгрөгийн цалинтай дарга нарынхаа “бүс”-ийг жаахан чангалъя гэж байснаа ч больсон. Баахан татвар авах гэж байснаасаа ухрав. Учир нь орон нутгийн сонгууль болох гэж байгаа болохоор тэр. Гэтэл өнөөдөр сонгуульд санаа зовоод сууж байх үе мөн үү. Ядахад яр гэгчээр хэзээ хэзээгүй “муужирч унах” гэж байгаа эдийн засгаа сэхээхийн оронд дээрээс нь “алх”-аар цохьчихлоо. Учир нь Засгийн газар өнгөрсөн даваа гарагт 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн бонд худалдаанд гаргалаа.
Бондын арилжааны хүрээнд 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, жилийн 15.7 хувийн хүүтэй 50 мянган ширхэг үнэн цаас гаргаж, таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 16.4 хувийн хүүтэй үнэт цаас борлуулж, 10 тэрбум төгрөг зах зээлээс татах аж.
Мэдээж үнэ өртөг нь ч тодорхой болчихсон. Ингээд л Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд банкуудад байгаа мөнгийг зээлж аваад, иргэд л хөөрхий болж үлдэх нь. 15 тэрбум төгрөг гэдэг Засгийн газрын хувьд бага л байх. Төсвийн алдагдлыг их наядаар ярьж байхад. Харин банкны салбараас энэ хэмжээний мөнгө гараад явчихбал юу болох билээ. Гараад явчихвал гээд байх юмгүй, гарна.
Өнөөдөр банкууд найдвартай зээлдэгч хайгаад, бүх зээлээ бараг хаачихаад байгаа. Үнэндээ бол зээл өгнө гэж байгаа шалгуураа өндөрсгөхөөр хэн ч зээл авч чадахгүй байгаа. Ялангуяа орон сууц авах гэсэн иргэд. Энэ үед Засгийн газар бонд гаргахаар банкууд авах нь гарцаагүй. Эрсдэл багатай, хүү өндөртэй зээл. Ингээд л банкны сектораас 15 тэрбум гараад явчихаар тэртээ тэргүй иргэд, аж ахуйн нэгжид олгохгүй шахуу байгаа зээл чинь улам л ховрын бараа болно биз дээ. Засгийн газар ийм л буруу алхам хийлээ.
Монголбанкнаас гаргасан тоон мэдээллийг иш татъя. 2016 онд гараад банкууд нийт зээлийнхээ 37.5 хувь буюу ихэнхийг нь хэрэглээний зээл маягаар өгсөн байна. Харин худалдааны чиглэлд нийт зээлийн 22.7 хувийг өгч. Уул уурхай, барилга гээд томоохон салбарт бараг зээл өгөөгүй. Эдийн засаг тэлж байсан 2013 оны дөрөв, 2014 оны нэгдүгээр улиралд хэрэглээний зээл 60 хувиар өсч байж. Барилгын салбарт өгсөн зээл гэхэд 2014 оны нэгдүгээр улиралд 30 орчим хувиар өссөн байдаг. Уул уурхай ч ялгаагүй, 50 орчим хувиар өссөн. Худалдааны салбарын зээлийн өсөлт 40 хувьд хүрч байжээ.
Харин түүнээс хойш тасралтгүй буурсаар, өнөөдрийн байдлаар бүхий л салбарт зээлийн өсөлт хасах руу орчихлоо. 2016 оны нэг, хоёрдугаар улиралд ипотек, худалдаа, хэрэглээний зээл л нэмэхтэй байна. Бусад нь бүгд хасах руу орчихсон. Ерөнхийдөө бараг л бүх салбарт багахан хэмжээний л зээл олгож байна. Өөрөөр хэлбэл, банкны маш өндөр шалгуурыг давсан цөөн аж ахуйн нэгж, иргэнд л зээл олгож байна гэсэн үг. Өмнө нь цалингийн зээл олгохдоо урт хугацаанд, ахиу мөнгө өгдөг байлаа, банкууд. Гэтэл 2016 оны эхний улирлаас эхлээд илт танаад эхэлсэн. Хугацааг нь багасгаж, зээл өгөх хэмжээгээ ч танасан. Ядаж байхад эдийн засаг хямрахын хэрээр банкны секторын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд байгаа.
Одоогоор нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл үүсчихсэн гэсэн. Энэ нь нийт зээлийн 8.6 хувийг эзэлж байгаа аж. Чанаргүй зээлийн эзлэх хувь ч 2013 оны хоёрдугаар улирлаас хойш тасралтгүй нэмэгджээ. 2009 онд эдийн засаг хямрахад чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувь хүрч байсныг эс тооцвол гайгүй байна. Гэхдээ л өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас даруй 1.5 хувиар өсчихөөд байгаа юм. Энэ нь ч гэсэн банкууд зээлээ хумихад нөлөөлж байгаа.
Ийм хүнд үед Засгийн газар дотоодоосоо 15 тэрбум төгрөг босгохоор бонд гаргаж байгаа нь ёстой аргаа барсан арчаагүй үйлдэл. Нэгэнт ингэтлээ зэлээ хумьчихсан банкууд одоо Засгийн газрын бондыг авчихаад, эрсдэлгүй сайхан зээл өглөө гээд сууж байна. Хэрвээ банкны секторт зээл маягаа өгөх бага сага мөнгө үлдвэл зээлийн шалгуураа дахиад нэмэгдэнэ. Сарын сая төгрөгийн цалинтай хүнд 500 мянган төгрөгийг жилийн хугацаатай зээлэх гэж “луу унжих” байх даа, хөөрхий.
Уг нь Засгийн газар дотоодынхоо банкинд байгаа хэдэн төгрөгийг зээлж аваад, иргэдээ “хамраар нь хатгуулах”-ын оронд гадаад зах зээлээс татах бодлого барих ёстой байсан. Тэгж чадвал нөхцөл байдал арай дээрдэнэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихсан, эхний зээлийн эргэн төлөлтөө хийх чадваргүй байхад манайд мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагч гэж байхгүй л гэх байх.
Гэтэл Засгийн газар төсөв мөнгөний бодлогоо цэгцлээд, сахилга баттай болгочихвол мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагчид зөндөө л байгаа. Үүнийг би биш мэдэх хүмүүс нь хэлж байна. Гэтэл Засгийн газар яав, ердөө л орон нутгийн сонгуулийн үр дүнд л анхаарлаа хандуулж байгаа. Юун төсөв хэмнэж, сахилга баттай болгох.
Харин ч байгаа хэдээ орон нутгийн сонгуулийн өмнө тараахад ч бэлэн байх шиг байна. Ийм байвал яаж өөдлөх вэ дээ. Зарим эдийн засагчид, тоймчид Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхой гээд байгаа. Үнэхээр тийм л юм бол хурдхан хамрагдчихаач ээ. Улс орны эдийн засаг дээшилж, тогтож байвал тэр орон нутгийн сонгууль энэ тэр чинь лөөлөө байна, эрх баригчид аа. Хурдхан “Стэнд бай” хөтөлбөртөө хамрагдаад, төсвийн замбараагүй байдлаа цэгцлээд өгвөл гадны хөрөнгө оруулагчид биднийг арай өөр нүдээр харах байх. Тэгээд “хэрүүлийн алим” болсон “хоёр” толгойгоо хөдөлгөөд, энэ улс орноо авармаар байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.