Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зүүн аймгуудад ажиллаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Хэнтий аймагт очиж, иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан байна.
Мөн тэрбээр “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана.
Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа дэмжих чиглэл барина. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг энэ дөрвөн жилд Засгийн газар хөгжүүлнэ” хэмээн хэлсэн байна.
Түүнээс гадна манай улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир, мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ олон туулай хөөж хоосон хоцрохын оронд яам бүр хоёроос гурван үйлдвэр л байгуулах төслөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг үүрэг болгосноо Ерөнхий сайд дурдав.
Хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.
Эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлажээ.
Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.