УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гарагт болж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, хуулийн хэлэлцүүлэг бүтэн өдрийн турш үргэлжилсэн ч санал хураалтыг хойшлуулснаар өндөрлөв. Тэгэхээр энэ долоо хоногийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Чуулганы хуралдааны үеэр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэн дэмжиж, хэн эсэргүүцэв. Мөн төсөлд ямар асуудлыг хэрхэн тусгасныг тоймлон хүргэж байна.
Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын босго тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Гэвч ямар ч босгогүй чуулганд орж ирж байна. Ингэж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хоёр хөршид ядуу хүмүүс олон бий. Гэтэл энэ хуулиар ердөө нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулахад л манай улсад байнгын оршин суух эрхтэй болох нь л дээ. Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Хуулийн төслийг мушгиж ойлгоод байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хөрөнгө оруулах зорилгоор виз авахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Саяын хэлээд байгаа заалт нь өмнө байсан хуульд байсан л заалт. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил цаашаа яаж явах вэ гэдгийг нэн тэргүүнд ярих нь зүйтэй. Бүх зүйлээ хаагаад зөвхөн өөрсдөө, дотроо амьдарч бас болно. Гэхдээ хөгжихгүй ш дээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Мушгиж яриагүй л дээ. Хуулийг нь уншихаар хамтарсан компани байгуулахад хөрөнгө оруулалтын босго байхгүй байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Бид нар ямар коммунист нийгэмд амьдраад байгаа юм уу. Бизнес эрхлэгчдэдээ боломжийг нь нээгээд өгье л дөө. Тэд өөрсдөө сонголтоо хийг л дээ. Яагаад заавал бид зааж өгөх ёстой юм. 100 мянган ам.долларын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ. Энгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэхгүй. Бизнесийн эрх чөлөөг нь хаагаад энэ улс хөгжих үү үгүй ш дээ. Бүх юм аа хаачихсан хойд Солонгосоо хар л даа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бизнесийг нь хаах гээд байгаа юм биш. Гаднаас орж ирж байгаа цагаачдад боломж олгох хууль байх ёсгүй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Даваасүрэн гишүүн ээ, битгий ингэж попорч мушгиад бай. Юм болгоныг хаана, бооно. Энэ бодлого чинь Монгол Улсыг хорлоно шүү гэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Энэ хууль үнэхээр учиртай дутагдалтай байна. Эдийн засгийн хөгжлийн яамныхаан, Ч.Хүрэлбаатар сайд аа. Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ улс орнууд босгыг зааж өгсөн байдаг. Гэтэл энэ хуульд алга. Энэ нь өөрөө аюул дагуулна. Хөрөнгө оруулагчийн дүрээр цагаач иргэд нөмрөх вий.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Хэдүүлээ цээжнийхээ пянгаар ярьмааргүй байна. Дүргүй зүйлээ болохоор үлгэр зохиогоод ярьчихдаг байж болохгүй шүү, энэ улс орныг хөгжүүлмээр байна аа Х.Болорчулуун сайд аа гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
- Засгийн газарт ганц гайгүй сайд байдаг Ч.Хүрэлбаатар. Сүүлийн үед хөөрхий их ч муулуулж байна. Хамгийн их муулуулж янз бүрээр хэлэгдэж байгаа хүн бол хамгийн зөв зүйтэй л хүн байдаг юм шүү дээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадын хөрөнгө оруулалт агаар ус шиг л хэрэгтэй байна шүү дээ. Ямар юмных босго нэхээд байгаа юм. Хадны мангаа, танк манкаар айлгадаг аа одоо боль л доо. Энэ хуулийг Засгийн газрын гишүүд нь яагаад эсэргүүцээд байгаа юм. Тэр сайдуудаа огцруул л даа. Соль. Юугаа хийдэг юм. Та чинь Шадар сайд биз дээ. Тэгээд л Шадар сайдынхаа өмнөөс янз янзын юм яриад байж болдог юм уу.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ганбат гишүүнтэй санал нэг байна. Таныг иймэрхүү үг хэлэх болов уу гэж харж байсан. Үнэхээр бид аливааг өөрөөр харах болсон. Түүнээс биш нөгөө нэг танк ярьсан, цус ярьсан, айлгах тактик авч хэрэгжүүлсэн. Ийм журмаар Монгол Улс явмааргүй байна. УИХ-ын гишүүдээсээ эхлээд бид аливааг жаахан эрүүлээр хардаг болмоор байна. Хулгайчдыг мафийн эздийг, хөшигний араас бүгдийг зохицуулж, хэрэг нь гараад ирэхлээр гадагшаа гараад зугтаад явчихдаг хүмүүсийг тал талд хамгаалмааргүй байна. Энэ дотор” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
- Хуулийг шүүмжилж байгаа дүрүүд маш ойлгомжтой. Эд нарын хийж чадах улс төр нь л энэ юм чинь. Нөгөө л нэг хадны мангаагаар айлгадаг. Монголчуудад юу ч үлдэхгүй гэж ярьдаг. Төмөр замаар танк орж ирдэг гэдэгтэй яг адилхан гадныхан орж ирээд хамаг юмыг нь хамна гэж ойлгодог. Энэ үлгэрээ дахин ярьмааргүй байна. Үнэхээр эдийн засаг, орныхоо тусгаар байдлыг боддог л юм бол үүнийг жинхэнэ утгаар нь дэмжих хэрэгтэй. Эсэргүүцэж байгаа хүмүүс хоёр том хөрш яриад л улс орноо хаалттай байлгах юм яриад байна. Эсрэгээрээ бид нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэнэ. Энэ хуулийг дэмжсэн хүмүүсийг өмнө нь хэвлэлээр харлуулах ажиллагааг явуулж байсан. Тэр ч давтагдах байх. Тэгэхээр ийм асуудлаас болж битгий шантраарай.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл их удаж байж орж ирлээ. Их ч хүлээлээ. Төртэй хамтарч бизнес хийгээд сурчихсан нэг салбарыг эзлээд суучихсан хүмүүс түүнийгээ хамгаалах гээд зүтгээд байгаа харагддаг. Шулуухан л ярьчихаж байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
- Байгалийн баялагт тулгуурласан үндсэрсэг популизмын уршгаар бид гадаадын хөрөнгө оруулалтаа тогтвортой барьж чадахгүй байна. Одоо энэ байдлаа засах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг тагнуулын болон аюулгүй байдлын шалтгаанаар үгүйсгэдэг байж болохгүй.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Монгол Улс бол ардчилсан улс. Тийм учраас хүмүүс өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Гадны хөрөнгө оруулалт огт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Зөвхөн хятадаас авахгүй гэж үздэг хүмүүс бий. Зөвхөн гуравдагч орноос авна ч гэсэн байна. Гэхдээ хөрөнгө оруулагч нарыг ялгаж, ялгаварлахгүй. Мөн тэднийг гутаан доромжлох асуудал байж болохгүй.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би Банкны тухай хуулийг санаачлан өргөн барьсан. Гэтэл Засгийн газар эхлээд намын бүлгээр хэлэлц гээд буцаасан. Уг нь хуулийн төсөлд банкны хувьцаа эзэмшигчийг нэг биш хоёр байж болно, мөн хугацааг сунгах асуудал орсон. Үүнийг би шаардаад байгаа юм биш. Гадны дотны байгууллагууд нь шаардаад байгаа. Гэтэл Засгийн газраас бүлэг хэлэлц гээд буцаагаад байна. Би УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхтэй. Миний хуульд хэн ч саад хийх ёсгүй. Энэ асуудалд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөөч. Одоогоор таван банк нээлттэй болсон. Энийг яг хэлэлцэх юм уу яах юм. Яг хариугаа өг " гэв. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Банкны тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэе" гэлээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ч.Хүрэлбаатар сайд аа. УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр хэлэлцдэг тийм дэг байхгүй л дээ. Засгийн газраас өргөн барьсан бол бүлэг хэлэлцэж болно. Энэ бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байгаа хэрэг. Мөн хуулийг анх өргөн барихад банкийг нээлттэй болгохыг 2027 он гэж заасан. Гэтэл зарим гишүүн улстөржүүлж сонгуулийн өмнө байх ёстой гэсэн. Энэ нь эргээд эдийн засгийн байдлыг тогтворгүй болгож байна. Хуулийн төслийг яаралтай хэлэлц" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)