Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

Ганцхан жишээ: Тавантолгойн ордын

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 98 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т оршино.  Тавантолгойн орд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Түүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс гэдэг. Үүгээрээ дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө 10-т багтана. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг нийлүүлдэг Хятадын хойд хэсгийн үйлдвэрүүдэд хамгийн ойр нь Тавантолгойн орд байдаг. Гээд бодохоор энэ ордын үнэ цэнэ улам өснө. 
Гэхдээ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн гол орлогыг “бүтээгч” энэ стратегийн орд нийтийн мэдэлд бүгдээрээ очоогүй. Улсад шилжүүлэхдээ “өрөм”-ийг нь аваад үлдчихсэн гэдэг.
Анх Тавантолгойн орд газ­рын 86 хувийг нь төр, 14 хувийг нь “Энержи ресурс” консерциум эзэмшиж бай­сан. 2007 онд С.Баяр Ерөн­хий сайд болонгуутаа тус консерциумын мэдлийн ху­вийг авсан. Тухайн үед энэ талаар   “Энержи ресурс” консер­циумын 15 хувийг эзэмшиж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд­ “Муу хэлүүлээд байгаа тэр “Энержи ресурс” нь Та­ван­толгойн лицензийг өнөөд­рийг хүртэл хадгалсаар, гад­ныхны зууш болохоос хам­гаалсаар ирсэн байгаа юм. Тэгэхээр аль нь эх оронч байна вэ гэдгийг цаг хугацаа, нөхцөл байдал харуулаад өгч байгаа юм биш үү. Хоёр­дугаарт, юм хийж бүтээж байгаа хүмүүс дандаа шүүмж­лэлийн бай болдог гэдгийг харууллаа. Нийгэмд нэг ч төгрөгийн баялаг бүтээ­гээгүй хүмүүс бидний нэр хүндийг аль болохоор гутаах, хийсэн бүтээснийг нь сүүдэр­түүлэх гэж хичээсээр ирлээ. Мэдээж энэ бүхний ард тодор­хой хүмүүсийн улс төр, эдийн засгийн сонирхол бай­на. Тэдний хажууд “Энержи ресурс” консерциумд нэгд­сэн компаниуд жинхэнэ эх орончид байжээ гэж бодож байна. Учир нь лицензийг нь хууль номын дагуу авсан уу гэвэл авсан. Гадаадын хү­мүүс сонирхож байсан уу, сонирхож байсан. Хамгийн гол үр дүн нь энэ лицензийг зарж үрэгдүүлж, богино хуга­цааны ашиг хийгээгүйд л байгаа юм. Бид лицензийг аваад найман жил хэнд ч өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, охиноо хадамд гаргах гэж байгаа эцэг шиг л лицензийг нь хадгалж, харамлаж, тат­варын мөнгийг нь төлөөд, өрөөлд ч ашиглуулалгүй, зарж наймаалахгүй явсаар өнөөдрийг хүргэлээ.


Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, гадна дотныхон энэ ордыг сонир­хоод ирмэгц ёстой л нөгөө тамын тогооны үлгэр гээч болов. Ерөнхий сайд “Энержи ресурс”-ийнхэнд “сайхан хад­галж ирлээ, баярлалаа” гэж хэлсэнд нь талархаж байгаа” гэж байв.
 Гэвч Тавантолгойн орд тэр чигтээ улсад шилжээгүй талаар УИХ дээр ч ярьж байв. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр үеэр ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт “УИХ-ын тогтоолд өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа Тавантолгойн лиценз нь өөрөө 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдгийг зориуд цохон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа энэ  100 хувь төрийн мэдэлд байгаа компанийхаа хувьцааг иргэддээ Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу эзэмшүүлэх, дээрээс нь Хөрөнгийн бирж дээр арилжаална. Ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолд тусгасан. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой” ХК   Цанхийн талбай дээр яг төв хэсэгт нь үйл ажиллагаа явуулдаг. “Ажнай” групп хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр тэнд 2007 онд лиценз авсан “Дацэкү” гэсэн компани байгаа. 2007 онд энэ талбайг, Тавантолгой орд газрыг төрд буцааж авахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компани гэсэн ийм гурван аж ахуйн нэгж Тавантолгойн орд газар дээр үйл ажиллагаа явуулж  байна. Энэ компаниуд бүгдээрээ 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз авсан. Шинэчилж авсан. Яг Ашигт малтмалын хуулийн үзэл баримтлалын дагуу бол төрийн өмчид байх ёстой. Тэр үзэл баримтлал яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж байгаа  70 мянга гаруй га дээр л бүрэн хэрэгжсэн. Энэ гэрээг “Ашигт малтмалын тухай хуулийн төрийн өмчид 50 хүртэл хувь нь байна” гэсэн заалтын дагуу бид нар гэрээнд гарын үсэг зурсан. 2007 онд С.Баяр даргын Засгийн газрын үед авсан.  Яг энэ “Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь  төрийн мэдэлд байна” гэсэн энэ заалтын дагуу авсан” гэж байв. 
Тэгвэл энэ нь хуулийн зөрчилтэй болохыг Монголын Улсын төрийн аудит, хууль хяналтын байгууллагууд тогтоож, дүгнэлт гаргаж, зөвлөмж зааварчилгаа өгсөөр иржээ. 
Үүнээс гадна “Стратегийн ач холбогдол бүхий нэг орд газарт дунджаар 1-8 хуулийн этгээд 2-26 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах боломжийг хомс болгож, нэг нь нөгөөдөө саад болох нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал, Шивээ-Овоо ХК-ний уурхайн одоогийн ашиглалтын талбай болох 91 га газрыг тойруулан “Шинэ Шивээ”, “Аргамаг трейд”, “Дуулгат халиун” зэрэг компаниудад хайгуулын лиценз олгосноос ашиглалтын талбайг өргөтгөх боломжгүй болсон байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” ХК, “Тавантолгой” ХК-иуд цаашид үйл ажиллагаагаа өргөтгөхөд бэрхшээл учрах нөхцөл бүрджээ” гэх дүгнэлтийг ч хийж байжээ. Ганцхан жишээ хүргэе.

 

 

2006.2.9

 Тавантолгойн нүүрсний ордын ……. солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 17 дугаар тушаалаар зургаан сарын хугацаагаар нөөцөд авсан. 

2006.7.8

Нөөцөд авсан тухайн талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар өргөдөл өгчээ. Түүнийг ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ. Тухайн үед ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн байгаа юм. 

2006.7.20

Гэвч ГУУКА-ны дарга 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержи ресурс” ХХК-д өгсөн байна.

2006.8.2

Аж ахуйн үйл ажиллагааны лицензийн тухай хуулийн дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл Өмнөговь аймгийн ЗДТГын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байна.

2006.8.17 
“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА-ны дарга Т.Занаширийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын лиценз олгосон нь “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох” тухай 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчжээ.

2006.8.28
ГУУКА-ны даргын 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ.

2006.11.8 
Дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байв.

2006.9.1
Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг “Дайцүки” ХХК-д ГУУКА-ны даргын 891 дүгээр шийдвэрээр шилжүүлжээ. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, “Дайцүки” ХХК-д олгосон эдгээр ашиглалтын лицензийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг тухайн үед нь хууль, хяналтын байгууллагаас анхааруулж байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ