УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна

УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна

МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ.

“...Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчид 1-10 хүртэл оноогоор хариулт өгсөн байна. Ингэхэд түүний оноо өнгөрсөн есдүгээр сарынхаас 0.2 пунктээр унаж, 5.2-оор үнэлэгджээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд долдугаар сард хэрхэн үнэлсэнтэй давхцаж байна. Түүний үнэлгээ наймдугаар сард 5.1 болж 0.1-ээр буурсан. Харин есдүгээр сард 5.4 болж өссөн. Энэ нь Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байх магадлалтай аж. Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжсэн иргэдийн 23 хувь нь “...Шударга”, 20 хувь нь “...Гадаад харилцаа” 17 хувь нь “Ажилч хичээнгүй” гэж хариулжээ. Харин шүүмжилсэн иргэдийг 26 хувь нь “...Ажлаа хийж чадахгүй байна”, 25 хувь нь “...Худлаа попордог”, 18 хувь нь “...Хариуцлагаас зугтдаг” гэжээ.

Холимог тогтолцооноос сонгогдсон 126 гишүүнтэй анхны парламент долдугаар сард үйл ажиллагаа эхэлж байхдаа 5.0 оноо авч байв. Наймдугаар сард 4.8, есдүгээр сард 4.6 болж буурсаар энэ аравдугаар сарын судалгаагаар 3.9 болж буужээ.

Энэ УИХ-ыг дэмжсэн иргэдийн 45 хувь нь “...Ажлаа сайн хийх байх” гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл шүүмжлэгсдийн 36 хувь нь “...Шинээр бүрэлдсэн тул сайн мэдэхгүй байна”, 29 хувь нь “...Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 20 хувь нь “...Хуралдаа суухгүй байна” гэж хариулсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 2024 оны долдугаар сард, УИХ-ын сонгуулийн дараахан 6.1 оноотой байв. Энэ нь наймдугаар сард 5.9, есдүгээр сард 5.7 болж буусан байна. Харин аравдугаар сарын судалгаагаар 0.1 пунктээр нэмэгдэж 5.8 болжээ. Түүнийг дэмжсэн иргэдийн 22 хувь нь “...Авлигын эсрэг ажиллагаа”, 18 хувь нь “...Эдийн засгийг сэргээх бодлого”, 12 хувь нь “...Удирдах чадвар сайтай” гэсэн бол шүүмжилсэн иргэдийн 35 хувь нь “...Үнийн өсөлт”, 18 хувь нь “...АН-тай нийлж засаг байгуулсан”, 14 хувь нь “...Эрүүл мэндийн үйлчилгээний доройтол” гэсэн шалтгаануудыг дурджээ.

Х.Нямбаатар Хотын дарга болоод 11 сар болж байна. Ирэх сард нэг жил болно. Анх 2023 оны арваннэгдүгээр сард 3.5 оноотой эхэлж, түүнээс хойшх арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард  2.9, 2.6 хүртэл унаж байв. Харин  хоёрдугаар сараас 2.9, гуравдугаар сард 3.0, дөрөвдүгээр сард 3.2, долдугаар сар, наймдугаар сард 4.2 хүрээд, есдүгээр сард 3.7 болж буусан байна. Гэхдээ энэ аравдугаар сарын судалгаагаар 4.1 болж, 0.4 пунктээр нэмэгджээ. Х.Нямбаатарыг дэмжсэн иргэдийн 26 хувь нь “...Замын засварыг сайн хийж байгаа”, 19 хувь нь “...Хот тохижилт”, 15 хувь нь “...Замын түгжрэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа” гэжээ. Шүүмжилсэн иргэдийн 32 хувь нь “...Түгжрэл”, 16 хувь нь “Бордюр сольж буй явдал”, 15 хувь нь “...Хувийн машинтай хүмүүсийг таксинд явуулахгүй шийдвэр” гэж хариулсан байна.

Эдгээрээ гадна эдний судалгаанд “Үйл ажиллагаа нь таалагддаг болон таалагддаг улстөрчид” гэдэг номинац бий. Судалгаанд оролцож буй иргэдээс тус бүр гурван улстөрч нэрлэхийг хүсдэг.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 22 хувиар тэргүүлж, араас нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 хувь, УИХ-ын гишүүн Х.Баттулга 18 хувь, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 14 хувь, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 13 хувь, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хотын дарга Х.Нямбаатар нар 12 хувь, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 11 хувь, Шадар сайд Т.Доржханд 10 хувийн санал авчээ.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг нэрлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг судалгаанд оролцогчдын 16 хувь нь нэрлэж, тэд тэргүүлсэн байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарыг 15 хувь нь нэрлэснээр удаалжээ. Тэдний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг 14 хувь, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг 13 хувь, УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нараг 12 хувь, Шадар сайд Т.Доржхандыг 11 хувь, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарыг адилхан есөн хувь нь нэрлэжээ.

УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслүүдийн үйл ажиллагааг үнэлэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш хамгийн муу оноо өгсөн байна.

2024 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараахн МАН 5.7, АН, ХҮН намууд адилхан 4.8, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН 3.9 оноо авч байжээ. Тэгвэл МАН наймдугаар сар, есдүгээр сард 5.5 оноотой байснаа сая аравдугаар сард 5.3 болж буужээ. АН наймдугаар сард 4.5, есдүгээр сард 4.3, аравдугаар сард 4.2 болон бууж байна. ХҮН нам наймдугаар сард өмнөх сарын 4.8 оноогоо хадгалсан. Харин есдүгээр сард 4.1, аравдугаар сард буугаад 3.9 болсон байна. Үндэсний эвслийнх наймдугаар сард 5.0, есдүгээр сард 4.3, аравдугаар сард 4.1 болж буурчээ. ИЗНН ч наймдугаар сард 3.4, есдүгээр сард 3.1, аравдугаар сард 3.0 болсон байна. Үндсэндээ УИХ-д суудалтай улс төрийн намуудын рейтинг сонгуулиас хойш сар бүр унасаар хамгийн доод хэмжээндээ хүрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ