Хөгжлийн тухай хэн, юу хэлэв?

Хөгжлийн тухай хэн, юу хэлэв?

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах асуудлаар санал хурааж, гишүүдийн 70.4 хувь нь дэмжсэнээр батлагдлаа.  Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлтээ ирүүлсэн билээ. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуульд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан.  Уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн бөгөөд парламент дүгнэлтийг хүлээн авч Үндсэн хуульд нийцүүлж батлав. Үргэлжлүүлэн чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталсан юм. Монгол Улсын хөгжлийн тухай хэн юу хэлсэн талаар тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Монголоос бусад бүх оронд цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа олон мянган хүн ажиллуулдаг бүтэц ховор. Тийм ч учраас алдагдал их, хулгай их байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Үндэсний аюулгүй байдал нэрийн дор аливаа асуудлыг нууцалж байгаад хулгай хийдэг болсон. Хиймэл дагуул нэрээр 700, 800 тэрбумыг нууцалж байгаад яах гэж байгаа юм. 

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Үндэсний хиймэл дагуулын төсөл бол 15 жилийн хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Францаас хамтарч хэрэгжүүлэх гэж байгаа төсөл. Баталгаа гаргах учраас төсвөөс 15 хувийг нь шийдэж байгаа.  Бусад зардал нь хөнгөлөлттэй зээл. Хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа.  Цаашдаа нарийн асуудал учраас хамаагүй ярьж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Нүүрсний үнийг 2024 онд 115 ам.доллараар тооцож байсан бол 2025 онд 129 ам.доллар болгосон. Олон улсын шинжээдийн дүгнэлтээр нүүрсний үнэ ирэх жил унах төлөв байна гэж гарч байгаа шүү.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-14 мега төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аль хэдийнэ баталсан, төсвийнхөө боломжоор төлөвлөөд явах учиртай. Ирэх жилийн хувьд 14 мега төсөл бүгдээрээ байх боломжгүй, эндээс төсөв дээр орж ирж байгаа 3-4 төсөл байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Төсөв дээр “Атрын- IV аян, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Шинэ хоршоо” зэрэг  хөтөлбөрт нийтдээ 4.5 их наядын зээл олгогдоно гэсэн байна.  Үүнд 337 тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгох нь. Үүнийг хэн авах гээд байгаа юм.

 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Эрчим хүч хөгжлийн гацаа болсон. Ирэх оны төсөв эрчим хүчин дээр фокусалсан төсөв орж ирнэ гэж бодтол зам дээр фокуслаад ороод ирлээ. Бага хөрөнгө оруулалт шаардах эрчим хүчний төслийг төсвөөрөө шийдээд явж болдоггүй юм уу.

 

Ийнхүү Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төслийг батлахаасаа өмнө дараах заалтуудыг нэмж орууллаа.

  • Улс төр дахь мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг хориглож, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтын нүүрсний экспортын терминалыг барих ажлыг эхлүүлнэ.
  • Ховд аймгийн Булган сумын Байтаг боомтыг байнгын ажиллагаатай боомт болгоно гэдгийг багтаасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ