Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдрийн Засгийн газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Яг одоо гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдэд хандан үг хэлж, зарим нь асуулт асууж байна.

Д.Тэрбишдагва:

-Элчин сайд гэдэг их хариуцлагатай ажил. Гэтэл энд бөөнддөг асуудал байна. Өнөөдөр Европ, Арабын Элчин сайд нар гарч ирж байна. Гадны улсад эх орноо төлөөлнө гэдэг бүхэл бүтэн Монгол Улс тэнд байгаа гэсэн үг. Үнэндээ энэ Элчин сайд нараас бүгдээс нь асуух юм байна. Энэ хүмүүс онцгой тусгай даалгавартай явах ёстой. Эдийн засгийн хямралтай үед ямар даалгавартай явах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бид гэрээ хийж чадахгүй ч улс болгоноос авч чадах юм байна. Тэр улсын зардлаар монгол залуусаа өндөр мэргэжилтэй болгох, үйлдвэрийн эзэд, ажил олгогчдыг бэлдэх асуудал дээр тусгай даалгавар өгөх ёстой. Гадаадад байгаа хүмүүс яаж ажиллаж, амьдарч  байгааг хараад эндээ ирж хэрэгжүүлэхэд бэлдэх хэрэгтэй.

Ц.Мөнх-Оргил:

/Гадаад харилцааны сайд/

-Бид удирдах ажлын дадлагыг харж нэр дэвшүүлсэн. Нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд удирдах ажил хийж байсан туршлагатай. Элчин сайдаар зөвхөн димломатч гэлтгүй улс төрийн хүмүүсийг оруулах хэрэгтэй байна. Энэ удаа найман димломатч, хоёр улстөрчийг нэр дэвшүүлсэн. Мөн гадаад хэл чухал. Болгар, чех зэрэг хүн ярьдаггүй газруудад хэл устай хүмүүс явуулж, ажлаа урагшлуулах нь чухал. Тиймээс томилсон Элчин сайд нарыг яаж дүгнэдэг вэ гэдэг дээр мэдээж хүн болгон дээр хийсэн ажлынх нь тайланг авч үзээд томилдог. Оросын холбооны улстай харилцаа ийм болчихлоо гэдэг дээр ганц Элчин сайдаас хамаарахгүй бүгдээс нь хамаарна. Харилцааны асуудлыг Элчин сайдаас асууна гэдэг учир дутагдалтай. 130 оронд 130 гаруй мянган хүн ажиллаж байна. Тиймээс эдгээр Элчин сайдуудад иргэддээ анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.

Л.Болд:

-Д.Тэрбишдавга гишүүнийг дэмжиж байна. Миний хувьд Элчин сайд нарт хүн болгон үгээ хэлэх ёстой гэж бодож байна. Тухайн улс орон ямар онцлогтой юм, юунд анхаарал хандуулж, юуг хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол монгол төрийн протоколд үлдэнэ. Баримт болно. Тэгэхээр бүгдээрээ 2-3 минутад хариулах хэрэгтэй. Самбуу гуай, Гунгаадорж гуай үнэхээр сайн ажиллаад ирсэн. С.Баяр, Т.Ганди нарын ажлын бүтээмж нь мэргэжлийн Элчин сайдуудаас илүү байсан. Ер нь төрийн ажлын туршлага, төрөө төлөөлөх жин гэдэг гадаад харилцаанд чухал юм билээ. Зөвхөн хэлний мэдлэгийг нь хязгаарлах бодлого сүүлийн жилүүдэд явсан. Энэ бол буруу. Би дэмжээгүй. Өнөөдрийнх бол болж байна. Улс орон янз бүр байгаа. Зарим нь зөвхөн мэргэжлийнх гэдэг. Зарим нь бүр мэргэжлийнх гэдэггүй. Ц.Мөнх-Оргил сайд дараа дараагийн Элчин сайдын томилгоон дээр анхаарах хэрэгтэй. Үнэхээр бид бөөнддөг. Энэ бол маш дулимаг байгаад байгаа юм. Элчин сайд нарыг сонсох хэрэгтэй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.