Хэн, юу хэлэв

Хэн, юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт улс орны нийгэм, эдийн засаг, улс төртэй холбоотой халуун сэдвүүд өрнөлөө. Тэр дундаа монгол мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, долларын ханш толгой дээр гарах дөхөв. Өдөр өдрөөр өссөн долларын ханшнаас болж, бүсээ чангалсан байсан улсын төсөв ганхаж, ард иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Мөн улс төрийн тогоонд болсон нэг халуун үйл явдал нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал байлаа. Уг хурлын үеэр 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хүлээлгэсэн Ардчилсан намын дараагийн даргыг сонгох байсан юм. Гэсэн ч хуралд Ардчилсан намын лидерүүд ирээгүйгээс болж, энэ асуудал дахин хойшлогдож, дараагийн даргыг сонгох хүртэл З.Энхболд намаа даргалахаар боллоо. Тиймээс дээрх асуудалд хэн ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Д.Бямбасүрэн: Монголын хөрсөнд буусан төрийн бодлого алга

/Монгол Улсын Ерөнхий сайд асан/

-Улс орныхоо эдийн засгийг бүхэлд нь эрүүл ухаанаар хараад дүгнэхэд маш хүнд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Улсын төсвийг урд өмнө байгаагүй маш өндөр алдагдалтайгаар баталлаа. Долларын нөөц сүүлийн арван жилд доод хэмжээндээ хүрлээ. Эдийн засгийн өсөлт бодитойгоор дүгнэхэд огт байхгүй болчихлоо. Энэ нь олон жилийн турш гажуудсан бодлогоор явсны гай нь одоо илэрч байгаа хэрэг. Хямрал, эдийн засгийн уналт гэхээсээ улс орон дампуурлын ирмэгт тулсан гэхэд хилсдэхгүй дүр зурагтай боллоо. Тод илрэл нь сүүлийн үед төгрөгийн ханш үсрэнгүй унаж байна.

Долларын ханш маш хурдтай өсч байна. Засгийн газар нь яаралтай арга хэмжээ ав гэсэн үүргийн дагуу Монголбанк их хэмжээний доллар гаргаж тогтворжлоо гэж зарлалаа. Энэ байдлаараа удаан явах аваас долларын нөөц нэг сар ч хүрэхгүй дуусна. Түүнээс гадна өр төлбөр маш их нэмэгдлээ. Мөн төсвийн алдагдал дээд цэгтээ хүрсэн. Энэ хоёр хавхнаас бид яагаад ч зайлж чадахгүй гэдгийг эрх баригчид сайн ойлгохгүй явна. Сонгуулийн үеэр ард түмэндээ үнэн байдлаа огт хэлээгүй. Сайн сайхан байгаа, бүх зүйл болно бүтнэ гэж л хий хоосон амласаар.

Иргэд бодит байдлыг харж, мэдэрч байгаа ч тэдний амлалт, хэлсэн үгийг сонсож, итгэж, найдан хүлээсээр. Дампуурлын ирмэгт тулсан, хүнд байдалтай эдийн засаг амар сэргэхгүй. Ийм нөхцөл байдалтай байгаагаа ард түмэндээ үнэнээр нь хэлэх нь хамгийн зөв гарц. Монголын эдийн засгийн асуудал, цаашдын төлөв байдлыг монголчууд бид л өөрчилж шинэчилнэ. Хэн нэгэн гаднаас ирээд сайжруулахгүй, сайхан зүйл хийхгүй гэдгийг бүгд мэддэг л баймаар.Энэ асуудлаа үндэсний асуудал болгож, гарах арга замаа ярилцах ёстой.

Гал унтраах төдий интервенц хийгээд, хойшоо, урагшаа гүйж зээл, мөнгө хайх нь өр төлбөртэй, хүүнд нь живж буй эдийн засгийг бүр л намагт шигдүүлж орхино. Харамсалтай нь УИХ, Засгийн газар эдийн засагтаа бодитой хандаж чадахгүй байна. 2008 оноос хойш найман жил өнгөрлөө.Энэ хугацаанд хямралын олон үе шатаар монголчууд алхлаа. Зөв бодлого, дорвитой гарц хайхын оронд хямралаас гарах арга зам, зээл, бонд гэсэн үгийг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Эдийн засгаа өөд татах цэгцтэй бодлого бид гаргаж чадсангүй.

Процессыг хараад байхад төр барьж буй хүмүүсийн тархинд хуучны Гоолингоогийн пянз хийсэн аятай л байх юм. Нөгөө пянзаа л хийгээд,өнөөх дуугаа дуулах нь хэнд ч хэрэггүй. Төр барьж буй нам, гишүүд, эрх мэдэлтний хариуцлагын талаар ярих цаг нь аль эрт болоод байна. Энэ асуудлыг ярихгүйгээр бусад асуудлаа ярина гэдэг амаргүй, хэцүү зүйл. Эх орныхоо талаар ийм мэдээлэл сонсох үнэхээр хэцүү. Монгол Улс дампуурлын ирмэгт тулна гэж хэзээ ч би төсөөлж байсангүй.

Яагаад ийм байдалд хүрэв. Эрх барьсан энэ хоёр намын хуудуутай, бодлогогүй ажлын үр нь энэ. Үүнээс яаж гарах вэ, ямар арга зам байна вэ гэж олон хүн бодож бас асуудаг. Төрийн эрх мэдлээ танил тал , бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашигладаг хүмүүсийг сольж байж л бид хүнд байдлаас гарна. Төрийн толгойд авлигачид бөөс адил арзаганаж байгаа цагт бид хөгжихгүй. Гэрэл гэгээтэй зүйл өнөөдөр хэлэхэд маш хэцүү.

Улс орны эрх ашгийн төлөө ажиллах, зөв шийдвэр гаргах зүрх сэтгэл эрх баригчдад ус агаар мэт дутагдаж байна. Үндэсний төрт ёс, олон улсын геополитикийн орчин, монгол хүний сэтгэхүйн онцлог, ёс заншил, өв уламжлал, Монголын хөрсөнд буусан төрийн бодлого алга. Өөрөөр хэлбэл, Монголоо таньсан бодлого бидэнд үгүйлэгдэж байна. Монголчуудын ирээдүй, эрх ашгийг бид л өөрсдөө хамгаалж, бүтээн байгуулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Л.Болд: АН-ын төлөө би дуустлаа явах болно

/УИХ-ын гишүүн/

-Ардчилсан нам хувиа хичээсэн, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан, өөрийн номлолоор улайран дарангуйлах гэдэг цөөхөн хүний үйл хөдлөлөөс болж одоогийн хөшүүн байдалд орчихоод байна. Энэ нам Монгол төрийн тулгуур багануудын нэг гэдгийг хамгаас сайн мэддэг эдгээр нөхөд ялагдлаасаа, буруудлаасаа сургамж авч сэхээрэх, ухаарч эргэцүүлэх шинжгүй болоод удаж байна даа. Ардчилсан нам фракциудад хуваагдсан, тэд нь аливааг урагшлуулахгүй мөргөлдөөд сөргөлдөөд байгаа гэдэг чинь зүгээр л нэг хий яриа шүү дээ. Жинхэнэ зөв бүтэцтэй, намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг фракци харин ч улс төрийн хүчний эрүүл төлөвшил, зөв хөгжилд нэмэртэй байх учиртай.

Монголын төрийг дампууруулж, улс төрийг булингартуулж, эдийн засгийг сөхрөөж байгаа нам дамжсан, улс төрийн бүлэглэл Монголд  үүсээд бүх зүйлийг хянаж зохицуулж тохируулдаг болсон учраас АН ч ийм хөшүүн байдалд удаан хугацаагаар оршсоор байна. Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм.

Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна. Монголын төлөө зүтгэх улстөрчийн замналыг албан ёсоор хоёр жилийн өмнө зарласан минь ч ийм учиртай. Улс төр бол миний амьдралын зам гэж зарласан нь цөөхөн дөө, ний нуугүй хэлэхэд.

Ингэж хэлэх амаргүй шүү дээ. Ялагдал гэж байна, хэн ч биш болж гудамжинд лааз өшиглөж ч мэднэ шүү. Ялагдахаас үл айн улстөрч хэмээн зарласан амандаа хүрч эх орон, эгэл олны төлөө зүтгэдэг АН-ын төлөө би дуустлаа явах болно. Ерөөсөө АН өнөөдөр хүнээр бол хүнд өвчин тусчихсан хэвтрийн байдалд байгаагаа хүлээн зөвшөөрч эрчимтэй, зөв эмчилгээ хийх хэрэгтэй байгаа юм.

Түүнээс биш ном уншуулж, хоросол уух төдийхнөөр аргалаад илаар болчихгүй. Ингэж аргалаад хэвтрийн байдалд нь байлгаад байх сонирхолтой хүмүүс байгаа хэдий ч намын олон арван мянган гишүүд дэмжигчид маань эрүүл саруул, ирээдүйтэй, залуу намыг хүсэж байгаа.   Улстөрчийн хувьд би шинэчлэл, хөгжил, дэвшлийн талд байнга дуугарч, хөдөлж тэмцэх болно.  Надтай санал бодол, үзэл санаа нийлдэг олон арван хүмүүн бий гэдэгт гүнээ итгэдэг тул АН-аа муужралтын төлвөөс аварч чадна гэж бодож байна.

Ж.Бат-Эрдэнэ: Долларын хиймлээр хөөрөгдөж байсан хөөс өөрийн эрхгүй дарагдлаа шүү дээ

/УИХ-ын гишүүн/

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш их хэмжээний өр тавьсан. Векселийг шинээр гаргаж ирсэн бол концессоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй. Тэртэй тэргүй төрийн захиалгаар ажил хийсэн компани, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг зайлшгүй дарах л ёстой болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын тавьсан өрийг цэгцлэхээс аргагүй болчихоод байна. Тэгэхээр одоо хуучин хөрөнгө оруулалтаа дуусгах, өмнө нь авсан өр зээлээ төлөх гэх мэт “цэвэрлэгээний” ажил л хийж байна. Ингэснээр эргээд төсвөө зөв голдиролд нь оруулж, сахилга батыг хангах шаардлага үүсч байгаа юм.

Харин үүний дараагаар эдийн засгаа шинээр босгох бодлогыг л барьж таарна. Ерөнхийдөө ам.долларын нөөц буураад ирэхээр ханш нь өсдөг л дөө. Дээрээс нь зах зээлд ам.доллар орж ирэх бололцоо нь хаагдмал болчихоод байна. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Мөнгөний бодлогын хүрээнд ажлын хэсэг гаргаад ханшийг бууруулах талаар маш их ярьсан.

Монголбанк болон Банкуудын холбоотой уулзаж ярилцсан. Эдийн засгийнхаа ном горимыг эвдээд ам.долларын өсөлтийг барина гэвэл бид өөрсдөө маш их хэмжээний ам.доллартай л байх шаардлагатай. Сүүлийн өдрүүдийн ам.долларын ханшийн өсөлт бол хөөсрөл. Цаанаасаа гадаад худалдаа ихсээд импорт хийх шаардлага одоогоор харагдахгүй болчихоод байгаа юм.

Тэгэхээр хэрвээ импортын хэрэгцээ ихэсвэл ам.долларын эрэлт дагаж өсөх ёстой. Гэтэл импорт өсч өгөхгүй байна. Энэ бол ам.доллар хөөсөөр өссөний шинж. Суурь эдийн засгийнхаа үнэлгээн дээр хараад үзэхээр ам.долларын ханшийг барих гол зүйл нь орж ирж байгаа ам.доллар, нөгөө талдаа нөөц. Эдийн засгийнхаа өсөлтөөр ам.долларын ханш өсчихвөл түүнийг буулгахуйц хэмжээний нөөцтэй л байх хэрэгтэй.

Жишээлбэл, БНХАУ бол сүүлийн хэдэн жил интервенц хийж, их хэмжээний нөөц нийлүүлж байж ханшийн өсөлтөө дарж ирсэн. Их хэмжээгээр нийлүүлээд эхлэхээр хүссэн хүсээгүй ханш нь буурдаг. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдийн өсөлтөд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, валютын ченжүүдэд нэлээд хяналт хийсэн. Мөн ченжийн зарчмаар ажиллаад байгаа банкуудын үйл ажиллагаанд ч хяналт тавьсан. Ингээд ирэхээр хиймлээр хөөрөгдөж байсан хөөс өөрийн эрхгүй дарагдлаа шүү дээ.

Төсвийн сахилга батгүй байдлыг Олон улсын валютын сан хянадаг. Тэд биднийг хэт их зарлагаа бууруулахыг зөвлөж байгаа. Тэгэхээр бид “Стэнд бай” хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой. Үүний хажуугаар төсөвтөө сахилга батыг бий болгох нь чухал. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад бодит нөхцөл байдлыг ард иргэддээ сайн танилцуулах хэрэгтэй байгаа аж. Ингэж байж зардлуудаа танахгүй бол буруу ойлголт түгэх магадлал өндөр шүү дээ. Харин цаашдаа валютын сангаасаа тусламж аваад явах нь зүйтэй. Эдийн засгийг халамжийн бус эргэлтэд оруулах нь л чухал байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.