Сундуйн хүүгийн балаг дуусахгүй нь ээ

Сундуйн хүүгийн балаг дуусахгүй нь ээ

УИХ-ын сонгуулиар тойрог авч чадалгүй хоцорч, Улаанбаатарыг удирдах эрхийг намын даргаасаа шагналд авсан Су.Батболд нийслэл хотыг маань жинхэнэ утгаар нь самарч дуусах нь. “Аз жаргалтай Улаанбаатар” гэх амьдралд наалдахгүй уриа дэвшүүлэн хотыг удирдсанаас хойш хотын иргэд ёстой л хөл толгойгоо олохгүй бужигнаж байгаа. Монгол Улсын нийслэл хамгийн аз жаргалгүй хотуудын эгнээг өнөө хэр тэргүүлсэн хэвээр. Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрч, нэг сарын хугацаанд орсон хэдхэн удаагийн цаснаар ямархуу хүмүүс бидэнд аз жаргалыг мэдрүүлэх гээд байгааг мэдэрчихлээ.

Хотоо цаснаас нь салгаж дийлээгүй, давс нөөцлөх мөнгөгүйгээс нийслэлийн удирдлагууд маань өөрсдөө хүртэл цас цэвэрлэв. Эх орны энхийн манаанд зогсох учиртай цэрэг эрс маань хотын шавхайтай холилдож байсан нь саяхан. Мэдээж улс мөнгөгүй бол хэн хүнгүй л иргээний үүргээ биелүүлээд цас цэвэрлэхэд буруудах зүйлгүй. Гэтэл 10 гаруйхан хоногийн өмнө цас арилгах мөнгөгүй, цасны машин авах төсөвгүй хэмээн “гоншигонож” байсан хотын дарга маань төсвийн мөнгөөр тансаглаж байгаа сурагтай.

“Аз жаргалтай Улаанбаатар” гэх томхон хэмжээний хүлээн авалтыг нийслэлийн хамгийн үнэтэй гэгдэх ресторанд тэмдэглэж, МАН-ын нөлөө бүхий баахан улстөрч, гадны орны дипломат төлөөлөгчид уригджээ. Хамгийн инээдэмтэй нь энэхүү цэнгүүний үеэр ОХУ-ын нэгэн дипломатч манай нэртэй дуучин залууг хас тэмдэгтэй хувцас өмслөө хэмээн зодож орхижээ. Дуучин залуу өнөө хэр сэхээнээс гараагүй л байгаа. Харин хэдэн давхар  тансаг бялуутай, хамгийн үнэтэй архитай тэмдэглэсэн цэнгүүний үеэр гарсан энэхүү хэргийг хаа хаанаа нууцлахыг эрхэм дарга нар үүрэгдсэн гэх.

Энд дуучин залуугийн ч буруу алга. Үндсэрхэг үзэлтэй орос нөхрийг ч буруутгах аргагүй. Оросын түүхэнд Германы хас тэмдэг ямархуу хар бараан түүхийн бэлэгдэл байдгийг манай эрхэм дарга нар мэддэгсэн бол хэт үндсэрхэг үзэлтэй дуучин залууг урихгүй байлаа. Дуучин залуугийн хувьд ч монголын уламжлалт хас хээг л дээлэндээ оёж, эх оронч гэдгээ харуулснаас хэтрэхгүй. Харамсалтай нь энэхүү тэмдэг хэн хэнд нь сөрөг ойлголт өгснөөс ийм явдал болсон хэрэг.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэдхэн өдрийн өмнө төсвийн мөнгөөр баяр ёслол тэмдэглэхгүй байх үүргийг бүх дарга нарт өгсөн. Гэвч,хотын даргын хувьд энэ үүрэг ёс төдий байжээ. Улсынхаа нийслэлийн цасыг арилгаж дөнгөхгүй атлаа ямар мөнгөөр тансаглаж суусныг эрхэм дарга нараас асуухсан.

Хэдэн давхар тансаг бялуу, архины мөнгөөр хэчнээн ширхэг цас арилгадаг төхөөрөмж авах байсныг бодоод үзэхэд ч гэмгүй билээ. Улс орон даяараа цалингаа ч тавьж чадахгүй өлбөрч байхад МАН-ын дарга нарт баяр тэмдэглэх мөнгө хаанаас олдоод байна вэ. Хүүхдийн мөнгөө ч өгч чадахгүй хөглөж байгаа дарга нарын ширээн дээрх идээ нь аз жаргалтай харагдаж байгаа нь мэдээж. Харин бодит байдал дээр бидний аз жаргал гэвэл хоногийн 24 цаг нүүрсээр амьсгалсан, хотынхоо төвд хальтирч ойчин гэмтэлд хүргэгддэг аз жаргал л байна даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.