Хүүхэд чинь өвдсөн бол цалинтай чөлөө авч болно

Хүүхэд чинь өвдсөн бол цалинтай чөлөө авч болно

2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд нэлээд хэдэн хууль, журам хэрэгжиж эхлээд байгаа. Тэр дунд хүнд хэрэгтэй, ашигтай хууль, журам ч бий. Хэрэг болохооргүй хууль, журам ч хэрэгжиж эхэллээ. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ оны эхнээс хэрэгжиж эхэлж буй хууль, журмыг танилцуулж байна. Тэр дунд маш хэрэгтэй нэг журам гарсан нь хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүд таван хоногийн цалинтай чөлөө олгохоор болсон явдал юм.

Өвдсөн хүүхдээ асрахдаа цалинтай чөлөө авч болно

Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хүн амьдрахын эцэсгүй болчихоод байгаа. Гэвч монголчууд бид аажмаар “үхэж” буйгаа мэдрэх ч завгүй ажиллаж, амьдарсаар. Хүйтний улирал эхлэхээр л бага насны хүүхдүүдийн ханиад томуу дийлдэхээ больж, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ тулдаг. Сүүлийн 2-3 жил бага насны хүүхдийн ханиад томуу улам хүндэрч, уушигны хүнд хатгалгаа болж хувирч, бүр амь насаа алдаж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ асарч, сувилах, эмнэлэгт хэвтэх болохоор ажлаасаа чөлөө авдаг.

Жаахан яхир даргатай бол бараг л ажлаасаа гарч байж хүүхдээ асрах дээрээ тулж байсан. Тэгвэл Засгийн газраас энэ асуудлыг зохицуулж, энэ сарын 2-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ 3-5  хоног асарсан эцэг,  эхэд цалинтай чөлөө олгохоор болсон. Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллахаар болоод байгаа.  Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн ханиадаа дутуу эдгээснээс болж хүндэрч, хатгалаа болж, амь насаа алдах эрсдэлтэй ч нүүр тулж байгаа.

Ийм үед эцэг, эх гэртээ хүүхдээ ажлын тав хоног, цаашлаад долоо хоног асраад, эмчилбэл ядаж л ханиад нь хүндэрч, хатгаа болох эрсдэл дагуулахгүй шүү дээ. Ямар ч байсан Засгийн газрын журам хэрэгжиж эхэллээ, гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эцэг, эхчүүд ханиадтай хүүхдээ сайтар асарч ав, энэ хугацаанд.

Цалин нэмэгдэхгүй ч торгууль нэмэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороон хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм.

Ингэснээр энэ сарын 1-нээс цалингийн доод хэмжээ нэмэгдлээ. Үндсэн цалингаа доод хэмжээгээр авч, нийгмийн даатгал төлдөг. Ихэнх цалин нь урамшуулал маягаар олгогддог хүмүүсийн үндсэн цалин нь нэмэгдэж байгаа байх. Түүнээс өөрөөр цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээр иргэдэд ашигтай юм болсонгүй. Ингэлээ гээд цалин нэмэгдэхгүй.

Өмнө нь цалингийн доод хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцээд төрийн байгууллагууд цалингаа тодорхой хувиар нэмдэг байлаа. Төрийн байгууллагаа дагаад хувийн аж ахуйн нэгжүүд ч цалингаа бага сага нэмдэг байсан. Тэгвэл энэ жил эдийн засгийн хямралтай, гадаад өр төлөх учраас төрийн байгууллагууд цалингаа нэмэхгүй. Төрийн байгууллагын цалин нэмэгдэхгүй байхад хувийн хэвшлүүд юу гэж цалингаа өсгөх билээ.

Харин цалингийн доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулаад бүх мөнгө торгуулиуд нэмэгдэж байна. Угаасаа цалингийн доод хэмжээний тэдэн хувьтай тэнцэх мөнгө гэж торгодог. Тиймээс бүх торгууль нэмэгдэж таарах нь. Өөрөөр хэлбэл, 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Жолооч нар дүрэм зөрчсөнийхөө төлөө цалингийн доод хэмжээний 10 хувь буюу 19200 төгрөгөөр торгуулдаг байлаа. Тэгвэл одоо 24 мянган төгрөг өгөх юм. Цаашлаад,  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянга байсан бол 480 мянган төгрөг болж өснө.

Харин согтуугаар давтан жолоо баривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 768 мянга байсан бол 960 мянган төгрөгийн торгууль төлнө. Ганц замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн торгууль бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлдэг бүх торгуулийн хэмжээ дээр дурдсан шиг өөрчлөгдөнө. Тэгэхээр юуны өмнө жолооч нарыг дүрмээ ягштал баримтлахыг сануулъя.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэдтэй тэмцэх хатуухан хууль хэрэгжиж эхэллээ

Шинэ оны эхний өдрөөс зүрх зүсэгдэм мэдээ монголчуудыг сэрдхийлгэж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байгаа. Тэр нь Хятадын иргэн гэрлэсэн монгол эмэгтэйгээ болон дагавар хүүхдүүдээ заазуурдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг. Дөрөвхөн настай хүүг заазуурдаж, мал нядалж байгаа юм шиг авирласан Хятад иргэний гарт ээж нь ч бас амиа алдсан. Монголд гэр бүлийн хүчирхийллийг хэн дуртай нь үйлдэж, заазуур эргүүлж байгаагийн нэг жишээ энэ. Тэгвэл энэ сарын 1-ний өдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэлээд хатуу заалттай хууль хэрэгжиж эхэллээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Улмаар энэ сарын 1-ний өдрөөс  хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ. Тиймээс та гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, тийм үйлдэл үзүүлдэг бол хатуухан хууль хэзээ нэг өдөр гэсгээнэ гэдгийг сануулъя.

Зарим аж ахуйн нэгжийн татвар буурна

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж байгаа нэг сайхан хууль байгаа. Тэр нь аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулах тухай хууль.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм.

Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна.

Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Гэвч Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн юм.

Тодруулбал, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, согтууруулах ундаа худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, авто бензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эхүүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйлажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.