АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өнөөдөр намын даргын сонгуультай холбоотойгоор хэвлэлийн бага хуралж, мэдээлэл өглөө. Учир нь намын даргын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор тус намынхан гишүүд дэмжигчдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж дуусч байгаа юм. Энэ талаарх мэдээллийг тэд өглөө.
Мэдээллийн үеэр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр 00:00 цагаас хаагдана. Одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд 120-125 мянган гишүүн оролцох урьдчилсан дүн мэдээ гарч байна. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байна. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгааг явуулаагүй байгаа. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг АН-аас албан ёсоор няцааж байна” гэв.
Харин Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогийн байдлаар 8 аймаг 2 дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт АН-ын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.
Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явулах үлгэр жишээг харуулна. Дүрэм журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.