Намууд доторх “дайн” ширүүслээ

Намууд доторх “дайн” ширүүслээ
Монголын гол хоёр намын дотоод зөрчил ширүүслээ. АН ч байнга ийм байсан. Харин МАН-ынхан олгой хагаравч тогоон дотроо байдагсан. Энэ удаад даравч далдайх нь дээ. Гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын дотоод хагарал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхтэй хамаатай боловч үнэндээ Ерөнхийлөгч, намын дарга, УИХ-ын даргын суудлын төлөөх “дайн”. АН-ын хувьд хамгийн том толхилцоон нь Ерөнхийлөгчийн сонгууль мөнөөсөө мөн. Гэхдээ түүний хажуугаар намын ҮБХ-ны гишүүдийг сонгох сонгууль энэ тэр гээд жижиг сажиг шалтгаан юу эс мундах билээ. Түүний хажуугаар МАХН дотор ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой багахан “тулаан” өрнөөд эхэлж. 
 
МАН-ынхан улсаа бас намаа бодолцохын заагт 
 
МАН 2016 оны сонгуульд олон сайхан амлалт өгч байж ялалт байгуулж, эрх барьж буй. Тэдний сонгуулийн өмнө явуулсан хар пиар нь АН гаднаас баахан зээл авч, улсаа өрөнд оруулсан гэх тархи угаалт байлаа. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр өөрсдөө гаднаас зээл авахаас өөр гарцгүй болчихлоо. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар эхний ээлжинд тохиролцоонд хүрчихээд байна. Гэхдээ энэ мөнгө зүгээр ч нэг ороод ирчихгүй. Эхлээд ОУВС-гийн шаардлагыг биелүүлэх ёстой.
 
Төсвийн орлогоо нэмж, зарлагаа танах. Сангийн сайд эхний ээлжинд 6-7 төрлийн татварыг нэмж, зарим халамжийг танах бодлого барина гэдгээ хэлсэн. ОУВС-гаас бол тийм ийм татвар нэм гэж хэлэхгүй нь тодорхой. Зүгээр л төсвийн орлогоо нэм гэж хэлсэн байх. Манай дарга нарын төсвийн орлогоо нэмэх арга нь баахан татвар нэмэх. Гэхдээ яг энэ дагуу татвараа нэмээд явна гэвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ч нэмэргүй.
 
Тэд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг мэдээж дэмжинэ. Өөр арга МАН-д үлдээгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гагцхүү энэ удаад намынхаа эрх ашгийг хаяад, улсаа бодоод явах уу. Эсвэл Ерөнхийлөгч болох хүсэлтэй ганц хоёрхон хүний эрх ашгийн зөрчлийн төлөө улсаа дампууруулах уу гэдэг л сонголт байна. Нөгөөтэйгүүр ганц нэг татвар нэмээд, өөрсдийнхөө тансаглалыг хасч чадвал өөр харагдана. Хэрэггүй дэд сайдуудаа суудлаас нь буулгаад, олон саяын цалинтай төрийн өмчит компаниудынхаа дарга нарын “амыг татах” гээд сонголт бий. Мөн ашиггүй ажилладаг, төрөөс байнга татаас авдаг компаниудыг хувьчлах ажлыг ч яаралтай хийж болно. Мэдээж энэ хувилбарыг ярьж байгаа нь ойлгомжтой.
 
МАН-ынханд намынхаа нэр хүндийг ч аварч үлдэнэ гэвэл дэд сайдуудаараа “туг тахих”. Нэг их мөнгө хэмнэгдэхгүй ч, гоё харагдана. Ийм зориг энэ намынхнаас гарахгүй байгаа учраас ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй, МАН-ынхан дотроо хэд хэд хуваагдчихаад хөнжилдөө жийлцэж байна.   
 
АН-ынхан шинэ даргаа “буудаад” эхэллээ
 
АН-ынхан ойрын үед шинэчлэл гэдэг үгээр л амьсгалж байна. Намын даргаа бүх гишүүдийн саналаар тодруулсан. Одоо ҮБХ-ны гишүүдээ ч гэсэн багахан сонгуулиар тодруулахаар ажиллаж байгаа. Сонгууль нь ирэх сарын 2-нд болно. Энэ сонгуультай холбоотой, элдэв хураамж, барьцаа авах асуудлаар АН-ынхан “буудалцаж” байна. Шинэ даргаа хайр найргүй шүршиж эхлэв. С.Эрдэнэ дарга болонгуутаа намын аппаратаа өөрийн эзэмшлийн байшинд аваачсанаас эхлээд том гишүүдийнхээ дургүйг хүргэж эхэлсэн. Сайны ёр уу, бүү мэд.
 
Гэхдээ энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөөх “дайн”-ы хажууд зүгээр л нэг жижиг тулаан. Эсвэл халхавч ч байж болох. Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх өрсөлдөөн бол нэлээд газар авчихаад байгаа сураг бий. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд С.Эрдэнэд нэлээд тус болсон юм байх. Тиймээс АН-ын дарга дотоод өрсөлдөөнд Б.Жаргалсайханыг оролцуулж, нэлээд бэлтгэлийг хангаж байгаа бололтой. Түүнээс гадна өөр олон нэр дэвшигчийн нэр яригдаж байгаа.
 
...МАХН УИХ-д суудалтай нам гэсэндээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор багагүй бужигнаж байна. Хамгийн түрүүнд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэхээсээ илүүтэй ганц гишүүн О.Баасанхүүгээ яаж бөөцийлөх вэ гэдэг дээр нэлээд асуудал үүсээд байгаа бололтой юм...
 
Ямар ч байсан АН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ дотоод сунгаанаас сонгоно гэж мэдэгдсэн. Тийм болохоор ганц хүнд бүх давуу тал байгаа гэж хэлэхэд хэцүү. Ямар ч байсан 2-3 хүний дунд хүчтэй өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Ирэх сараас л өрсөлдөөн ширүүсэх болов уу. 
 
МАХН “үнэт эрдэнэ” О.Баасанхүүгээ тойглосоор 
 
МАХН УИХ-д суудалтай нам гэсэндээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор багагүй бужигнаж байна. Хамгийн түрүүнд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэхээсээ илүүтэй ганц гишүүн О.Баасанхүүгээ яаж бөөцийлөх вэ гэдэг дээр нэлээд асуудал үүсээд байгаа бололтой юм. Сүүлийн үеэд О.Баасанхүүг өөр намд орж магадгүй гэсэн явган яриа ч газар аваад байгаа. Магадгүй мань эр намдаа жаахан үнэд орж байж ч болох. Өөрөө бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нас нь болоогүй нь харамсалтай.
 
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаахан “үнэт эрдэнэ” болж, Н.Энхбаярын “сүүл”-ийг шарвагнуулж байж ч болох. Тэгээд ч Н.Энхбаяр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэмээн горьдчихсон яваа гэх ховыг хүмүүс базаж байгаа. Дээрээс нь С.Ганбаатарыг  МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч буй.
 
Гэхдээ энэ мэдээллийг МАХН-аас үгүйсгэсэн. С.Ганбаатар өөрөө хувиараа л ийм мэдээлэл тараагаад байгаа юм гэж мэдээлсэн. Ямар ч байсан МАХН дотор эхний ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь хангаж байгаа О.Баасанхүүгээ тойглох. Дараа нь ямар хүн нэр дэвшүүлэх вэ гэсэн хоёр асуудал үүсчихээд байна. Эсвэл МАН-ын эсрэг АН-тай хүч хавсрахыг үгүйсгэхгүй. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.