"Монгол Мөрөөдлийг биелүүлэгч"

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Өмнөд Солонгосын дундаж түвшиний их сургуулийн багийг хождоггүй түүгээр зогсохгүй Улаан үд, Эрхүү хотын багуудад мөн л хожигддог байлаа. Энэ үйл явдлууд ердөө 10 жилийн өмнөхөн болж өрнөсөн.

2008 оныг санаж байна. Дээд лигт "TLG13" нэртэй ЕБС сурагчид дийлэнхи олонхийг нь эзэлсэн залуухан бүрэлдэхүүнтэй шинэ баг орж ирсэн юм. Тухайн үед би лигийн шимтэн үзэгч, ЕБСсургуулийн сурагч нарын нэг нь байлаа. Надад тоглолтын оргил үеийн тактик болоод шинэ арга боловсруулж, тоглогч нартаа зөвлөгөө өгч байгаа дасгалжуулагчийн яриа гойдын сонин сонсох зүйл ихтэй байдаг тул байнга л дасгалжуулагч нарын яг ард нь суудал олж суухыг илүүд үздэг байлаа. "ТLG13" багийн тоглогчид ихэнх нь миний үеийнхэн байсан болохоор тэднийг үзэх бас урамтай. Үеийн хөвгүүд талбайд гарч ирээд л хувилбар комбинац яриад л шаагиж өгнө. Дасгалжуулагч нь гээд нэг залуухан ах (С.ТУЛГА дасгалжуулагч) надад их сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Үргэлж л "Хэлсэн ярьсанаа зоригтой хий" гэж тоглогчид болгондоо хатуухан хэлэхээс гадна цаг(тайм) аваа л бөөн хувилбар, систем богинохон хугацаанд маш хурдтай сэтгэж багийхандаа тайлбарлаж байгаа нь өсвөр насны надад гоё бас үзэхэд илүү урамтай сэтгэгдэл төрүүлдэг байв. "Пирамид" гэхээс авахуулаад сонин төлөвлөгөөнүүд маш олон сонсогдоно. Сурагч байсан болохоор миний хувьд цагирагт бөмбөг орохыг л илүүд үздэг байж дээ, тухайн үед. Бусдыг нь ч төдийлөн нарийн ойлгохгүй. Гэхдээ "TLG13" багийн тоглолтуудыг хараад "Сагсан бөмбөгт ийм гоё арга техник, зохион байгуулалт байдаг гэж үү?" гэж бодож эхэлсэн. Учир нь тухайн үеийн миний үздэг байсан дээд лигийн тоглогчид өмнө нь тэгэж ихээр хоорондоо ярьж, тоглодоггүй байсан санагддаг. Хувилбар, комбинац тэгэж их хийгээд байдаггүй байлаа л даа. Дасгалжуулагч нарын зарим нэг нь "Энэ пацаануудын тоглох хувилбар гэж юу байсан юм" гэж TLG13 багийг хэлнэ. Дасгалжуулагч нарын яг ард нь суугаад тэрхүү яриануудыг их л сонсоно. Одоо бодоход маш амттай, заримдаа хачир ихтэй хачин сайхан ярианууд санагдана

Манай спортын төв ордоны нэг сайхан нь тэр юм даа. Бүх суудал VIP...

Удсангүй дээд лиг зохиогдолгүй завсарлалаа. Дараа жил нь СУПЕР ЛИГ , ДЭЭД ЛИГ хоёр зэрэг эхэлсэн. Улмаар Супер лиг цааш үргэлжилж явсаар 2016 он болоход хэдхэн жилийн хугацаанд сагсан бөмбөг сонирхогчидын мэдлэг, мэдээлэл тэлээд зогсохгүй сагсан бөмбөгийн фанатууд болон Монголын тоглогчид бүгд хамтдаа хэдэн түвшинд ахин хөгжсөн гэж би боддог...

2014 онд анх С.Тулга ахтай нүүр тулж танилцсан юм. Тухайн үед Тулга ах дандаа хөгжлийн тухай ярьдаг байсан. Түүний хамгийн их хэлдэг үг "Хөгжил" гэсэн үг байсан байхаа.
Тулга ах "Монголд сагсыг яаж хөгжүүлж болохыг бид шигшээ багтайгаа азийн аваргат тоглож харуулна. Өнгөрсөн жил бид Казаны Универсиад наадамд очиж орсон. Бид хувилбар системээ туршиж үзэхэд Японыг хожсон чи мэднэ биз дээ. Сербичүүдтэй гар зөрүүлсэн. Тэнд дандаа ирээдүйн томчууд байсан" гээд л ярьдаг байлаа. Нээрээ ч энэ яриа үнэн байсан. Одоогийн евролигийн Фенербахчэ багийн тоглогч Сербийн шигшээгийн Калинич, манай Т.Санчирыг 1vs1 хамгаалж байсан гээд боддоо. Бас л ...
Энэ хүний зорилго бидний алсын хараа, хэтийн мөрөөдөл мэт бодогдож залуу байсан надад маш их урам өгсөн учраас оюутны лигийг зохион байгуулцаж, хамт МҮСБХолбоонд ажиллаж эхэлсэн.

2015 оны зун Эрхүү, Улаан үд рүү залуучуудын шигшээ баг бэлтгэлд гарав. Миний бие тоглогчид, дасгалжуулагчидтай хамт явах боломж олдсон бөгөөд 14 хоногийг тэдэнтэйгээ өнгөрүүлсэн. Тэнд бид өдөр бүрийн бэлтгэл дээр хувилбар системээ давтан хоорондоо ярилцана. Бэлтгэлийн сүүлийн хэд хоног Эрхүү, Улаан Үдийн хамгийн том багуудтай нөхөрсөг тоглолт хийж тэднийг талбай дээр нь манай залуус ёстой сэтгэл сэргэтэл хождог байж билээ. Ердөө 5, 6 жилийн өмнө Улаанбаатарт ирээд манай шигшээг хождог байсан багуудын дараагийн үеийхэн манай залуучуудын шигшээд дотроо муухайртал хожигддог байсан даа. Дараа нь бид шууд л Бээжин явж олон улсын нөхөрсөг тэмцээнд орсон. Хятадын СВА лигийн 2 баг, хөгжлийн лигийнх нь 2 баг тэгээд нэг NCAA 1-р дивизоны тоглогчидоос бүрдсэн Америк баг тэнд бэлэн биднийг хүлээж байв. Тухайн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг Монголын сагс ямар болж байгааг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн төдийгүй илүү том зорилгод хүрэх гэж яваа гэдгээ харуулсан. С.Тулга дасгалжуулагчийн бэлдсэн систем тэнд СВА, NCAA тоглогч, дасгалжуулагчидын нүдийг орой дээр нь гаргаж байсан даа. Яг тэр үед л би "Хувилбартай, системтэй сагсан бөмбөг гэж үүнийг л хэлээд байж дээ" гэж илүү ихээр мэдэрч бас ойлгосон. Орос, Хятад хоёр хөрш рүү явсан нэг сар надад сагсан бөмбөгийн том сургалт болсон. Төд удалгүй залуучуудын шигшээ баг маань 2015 оны 8-р сард Дэлхийн Универсиад наадамд орж Америк тивийн Чили , Европ тивийн Швейцарь, Африк тивийн Мозамбик улсын шигшээ багуудыг хожиж сагсан бөмбөгийн спортын түүхэндэх амжилтын нэгэн том товчлуурыг дарж чадсан. Бид анх удаа Америк тив, Африк Тив, Европ тивийн багуудыг хожиж үзсэн нь тэр шүү дээ... Тэр түүхэн мөчөөс хойш нэг жилийн дараа залуучуудын шигшээ баг ОЮУТАНЫ АЗИЙН АВАРГА хэмээх хүндэт шагналыг авч 5х5 төрлөөр азийн тавцанд анх удаа аваргын цом өргөсөн. Энэ гайхамшигт үйл явдал сагс тоглох, үзэх дуртай залуучуудын төдийгүй нийт Монголчуудын сэтгэл дотор сагсан бөмбөгийн төрлөөр "Бид илүү том амжилтанд хүрнэ" гэх хүлээлтийг төрүүлсэн. Хүлээлт болгоны цаана "чадна" гэсэн итгэл байдаг билээ.

Энэ явдлаас хойш нэг жилийн дараа Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг эх орондоо мөн л азийн аварга болж Монголчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулсан. Тэмцээний өмнөхөн С.Тулга дасгалжуулагч "Монгол улс сагсан бөмбөгөөр ДЭЛХИЙН АВРГА-т орно. Энэ бүхэн бүрэн боломжтой" гэж хэлж байсан. Азийн аварга болсны дараа боломж байгааг бид бүхэн ойлгож, харж эхэлсэн. Харамсалтай нь сагсан бөмбөгийн гэр бүлийн гишүүдийн зарим нэг хүмүүс нь "тийм үлгэр байхгүй, бид багийн спортоор хэзээ ч амжилт үзүүлэхгүй" гэж бат итгэсээр, түүнийгээ сошиалаар ч илэрхийлсээр байж билээ. Мөн зарим нь азийн аварга авсан явдлыг "наадах чинь зүгээр азийн цом шүү дээ" гэж хэвлэл мэдээллээр турхиран харлуулах гэж хүртэл үзсэн нь хачин шүү. Энэ бүх үгүйсгэсэн үг болгоны ард атаархалын дуу авиа сонсогдож байсан юм.

2018 онд мөрөөдөл бодит биелэлээ олж Монгол Улс сагсан бөмбөгийн спортоор дэлхийн аваргад орсон. С.Тулга дасгалжуулагчийн өөрөө олж хараад бусдыгаа дагуулсан хүсэл тэмүүллийн зам нь илүү өргөн боломж, бололцоо бидэнд байгаа гэдгийг ойлгуулсан дардан зам болохыг монголын мянга мянган хүүхэд, залуучууд харж мэдэрсэн. Дэлхийн аваргад Монгол улсын шигшээ баг оролцоход сагсан бөмбөгт дурласан олон хүний сэтгэлд нь хадгалагдаж байсан жаахан очнууд хүчтэй гал болж ассан гэж боддог.

2018 оны 6-р сард 3х3 Сагсан бөмбөгийн ДАШТэмцээний үеэр болсон яриа. Тухайн үед би БНСУлсад магистрт суралцаж байгаад ДАШТ тэмцээн үзэхээр Филиппинд очоод байсан юм. С.Тулга дасгалжуулагч бид 2 хамт сууж байлаа. Тулга дасгалжуулагч "Чуу чи хэзээ буцаж ирэх билээ" гэхэд нь "Одоо удахгүй ээ. Энэ намар очино доо" гэлээ. Миний хариултыг сонсоод "Аан. Хэдүүлээ 2020 оны олимпод орноо. Боломж байна. Манай систем ер нь гайгүй, үзнэ шүү. Чи юу гэж бодож байна" гэж нэмж асуулт тавихад нь "Боломж байгаа байхаа. Би 3 жил орчим сагснаас хол байчихлаа. Та надаас илүү сайн мэдэж байгаа шүү дээ" гэж хэлж байлаа. Тулга дасгалжуулагч "Боломж бий бий. Гэхдээ хэдүүлээ дандаа том гүрнүүдтэй тулалдах болно. Япон, Хятад, Америк гээд л...Чи мэдэж байгаа байлгүй дээ" гэж хэлж байсан.

Улмаар 2018 оны 8-р сарын сүүлээр би монголдоо ирж, МҮСБХолбооны гадаад харилцаа, хөгжилийн бодлого хариуцахаар ажилдаа эргэн орлоо.

Тухайн үед бидэнд С.Тулга дасгалжуулагч "Сагсан бөмбөгөөр олимпийн наадамд орно" гэж мөн л ганцаараа итгэл төгс хэлж бүх тоглогчид, арын алба, холбооны удирдлагуудыг гайхшруулдаг байсан.

Нэг өдөр С.Тулга дасгалжуулагч, манай МҮСБХолБооны ЕРӨНХИЙ НАРИЙН оффистоо орж ирээд "За хэдүүлээ Олимпийн эрхийн төлөө дайрнаа" гэж хэлснээр, бүгд хэд хоног баахан тоо бодон Олимпод орох магадлалаа гаргаж аваад хэрхэн ажил хэрэг болгох талаараа бүх төлөвлөгөөгөө боловсруулж билээ. Тэр хэд хоног манайхан тоо бодож ДЭЛХИЙН томчуудыг сагсан бөмбөгөөр дарж авах төлөвлөгөөг хамтдаа боловсруулсан.

Олимп дээрээс нь АМЕРИК, ФРАНЦ, СЕРБИ, ОРОС, ХЯТАД, ЯПОН -той байлдах тактик гэдэг бас л нарийн нягт, гайхамшигтай байхгүй бол болохгүй. Эдийн засаг, хүн ам, хөгжил гээд олон зүйлээрээ биднээс илт илүү улс орнууд шүү дээ.

Хамгийн гоё нь манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд 2019 оны 11-р сарын 1-ны орой, эмэгтэй нь олимпийн эрх авч, нөгөө нь эрхийн тэмцээнд орох эрхээ авсан нь үнэнхүү бахархал төрүүлсэн үйл явдал боллоо. Хэрэв эрх аваагүй байсан бол энэ томоохон түүхэн үйл явдалд хэн ч итгэхгүй дээ.

Гэхдээ энэ бүхэн биелсэн...

Энэ бүх түүх ердөө аравхан жилийн дотор Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд бий болсон их өөрчлөлт хувьсалын өчүүхэн нэг хэсэг.

Дээрх бүхэн бүгд С.Тулга гэх энэ эрхэмээс эхлэлтэй. Тэрээр эхлүүлээд орхисонгүй үргэлжлүүлэн мөрөөдөж, зүтгэсээр л явна. Мөрөөдөлдөө автаж түүндээ хүрч чаддаг хүн танд ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

С.Тулга гэдэг хүний дэлхийн тавцанд гаргасан амжилтуудыг нь бичихийг урьтал болгосонгүй. Түүний хүсэл мөрөөдлөө хэрхэн бодит үйл хэрэг болгож буйг нь л бичихийг хичээлээ.

Заа ингээд ахин HAPPY BIRTHDAY MONGOLIAN DREAM CATCHER 

VIA Munkhchuluun Ulziibayar Tulga Sukhbaatar

ХОЛБООТОЙ МЭДЭЭ