Улны, элгээрээ хэвтсэн амьдралтай иргэд чинь түр ч атуйгай элгээ дэвтээж инээе дээ

Улны, элгээрээ хэвтсэн амьдралтай иргэд чинь түр ч атуйгай элгээ дэвтээж инээе дээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт хоёр сар хүрэхгүй хоногийн дараа болно. Тодруулбал, ирэх зургадугаар сарын 28-нд юм. Тэгвэл  уг сонгуульд оролцохоор улс төрийн 26 нам, хоёр эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ гаргаад байна. Мөн сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зургадугаар сарын 29 хүртэл зогсоолоо. Ерөнхийдөө сонгуулийн бэлтгэл ажил эмхэрч л байгаа аж.  Сонгуульд нэр дэвших сонирхолтой нөхдүүд аль эртнээс л намын даргаа тойлж, намын байраараа гүйдэлтэй болсон л доо. Тэгээд журмын нөхөд, ард иргэдэд маш их хайртайгаа харамгүй илэрхийлж яваа. 

Одоо энэ үйлдэл нь улам л идэвхжиж бүр дээд цэгтээ хүрч яваа гэхэд хилсдэхгүй. Учир нь нэр дэвшихээр горилогчдын элдэв марзан үйлдэл цахим ертөнцөөр тараад эхэлчихсэнийг бид мэднэ. Малчны хотонд очиж хурга, ишигтэй үнсэлцээд өвөртөлж унтах нь холгүй зураг, хуар нэг хэсэг цахим ертөнцийг эзэгнээд л. Ёстой л сонгуулийн жилийн уур амьсгалыг бид мэдрэх шиг болоогүй юу. 

Үүнээс гадна Төрийн ордон эл хуль, бараг эзгүйрсэн гэхэд болно. Ихэнх гишүүд нь орон нутгийн томилолт өвөртлөөд тойргоороо тараад явчхаж. Иймд УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхтэй үгүйтэй байгаа билээ. Хурал зохион байгуулагч, хэдэн туслах нь ийш тийш утас цохиж  байгаа хэдэн гишүүнийг амар заяа үзүүлэхгүй дүр зураг ажиглагдаж буй юм. 

Орон нутгаас сонгогдсон гишүүдийн цахим хуудас уулзалтын зургаар “бялуурч”, хайр зарлаж хүн чанар үнэртүүлсэн уран  үгсийн  чуулган болж хувирчээ. Зарим нь бүр сумын төвөөр мотоцикл унаад сүнгэнүүлж яваа зураг бичлэг ч тавьсан байх юм. Нөгөө нэг нь хувийн онгоц хөлөглөөд орон нутгаар тойрч “шүтэн бишрэгч” нараар  хадган дээр мөнгөн аяга тавиулаад угтуулж ч байх шиг. Ер нь энэ үеэс нэг иймэрхүү тавилттай сонгуулийн синдром удам газар авах төлөвтэй. Бас зарим нэг мэдрэмжгүй гарууд нь орон нутгийн Засаг ноёдод “Намайг хүндэтгэлтэй угтаж авсангүй. Улаан хивс дэвссэнгүй” гэж хуурай агсам тавиад хөөгдөж явсан сураг ажиг ч гарч байх юм. Бас улс төрд ойрхон тул  энэ сонгуулиар нэг нэр дэвшиж  үзээд алдахаар шийдсэн нөхдүүд ч цүнх баригчийн ажил хийгээд дарга нараа дагаад яваа бололтой. Тэгээд зайлуул очсон сум орныхоо нэр усыг ч мэдэхгүй будил давхиад учраа олохгүй яваа зураг, бичвэр ч цахим орчинд тууж явна. Хотын дарга гэж бас хэнхэг нөхөр гараад ирсэн. Гадуур дотуур яваад хүн амьтан загнаад хуушуурын газруудыг шалгаад яваа харагдана. Ер нь л манай УИХ-ын гишүүд дарга нар маань юу юугүй л ажил хэрэгч болж сонгуулийн кампанит ажилдаа ханцуй шамлаад шуудраад  орчихлоо. 

Энэ бүгдийг харсан иргэд тэднийг “Дөрвөн жил гэдийж хэвтчихээд  нэг сар хойноос элддэг” тэр юу вэ гээд оньсого ч юм шиг онигоо ч юм шигээр  хошигнож сууна.  

Хошин урлаг нэртэй хүн доромжилсон маазрааг мөнгө төлж үздэг байсан бид  арай өөр маягаар улс орныхоо удирдагч болохоор “тэмүүлж” яваа “арилгасан сонгино шиг” улс төрчдийнхөө хоржоонтой  тавилттай тоглолт үзээд эхлэв. Тухайлбал, зөвхөн зурагтаар л пэд, пэд үсэрдэг  булцгар гартай, цагаан захтнуудад энэ удаа хонь  малтайгаа,  хүнтэйгээ үнсүүлж үнгүүлсэн  хошин жүжгийн хөшиг нээгдлээ. Өмнөх сонгуулиар арай цөөхөн жүжигчинтэй байсан бол энэ удаа их өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт үзнэ. Удахгүй хэн хэн гэдэг хэдэн жүжигчинтэй тоглолт болохыг  үзэх  буй заа. Ээ дээ нэр дэвшигчид минь хичээж л үзээрэй. Улны,  элгээрээ хэвтсэн амьдралтай иргэд чинь дөрвөн жилд ганц удаа үнэ төлбөргүй хошин шог үзэж элгээ дэвтээж түр ч атуйгай инээе дээ.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны таввдугаар сарын 06. Даваа. №046 (5964)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ