Дэлхийн шилдэг гэрэл зураг: Курдын эмнэлэг дэх хэт даврагч
Зураг дээрх битүү түлэгдсэн хүүг Иакоб гэдэг. Тэрбээр 16 настай бөгөөд өөрийгөө хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн дайчин гэж танилцуулжээ. Харин түүний хажууд зогсч, түлэнхийд нь тос түрхэх эрэгтэй бол Сирийн хойд этгээдийн Аль Хасака дахь эмнэлгийн эмч. Эмнэлгийн давчуу өрөөний арын хананд нь Курдын ажилчны намын тэргүүн Абдуллах Окаланы томоос том зураг мөн өлгөөтэй байх ажээ.
Сирийн хойд этгээд дэх Курдын хүчин болон хэт даврагч бүлэглэлийн хоорондын дайны хохирогч болсон өсвөр насны хүү, түүнийг эмчлэх эмч гээд эмнэлгийн нэгэн агшны дүр төрхийг Бразилийн гэрэл зурагчин Маурисио Лима 2015 оны наймдугаар сарын 1-нд дурандаа буулгасан байна. Иакоб хүүгийн хэвтэж буй эмнэлэг Курдын өөрийгөө хамгаалах хүчний хяналтад байдаг байна. 2014 оноос хойш Сири, Иракийн хойд этгээдийн нутгууд руу довтолж, “Халифын вант улс” байгуулснаа зарласан “Лалын улс” бүлэглэл эзэмшил нутгаа өргөжүүлэхээр Курдынхны хяналт дахь тухайн бүс нутаг руу халдаж, улмаар Курдын арми өмнөөс нь сөржээ. Тухайн үед Лалын улс бүлэглэл Сирийн хойд хэсгийн ихэнх нутгийг хяналтдаа авсан байсан бөгөөд Ракка, Алеппо зэрэг хотуудад ч аль хэдийнэ хяналтдаа тогтоогоод байлаа.
Газар нутгийн төлөөх яг энэ тулааны хохирогч нь Иакоб. Тэрбээр Аль Хасака хотын зах хэсэгт гарсан Курдын хүчнийхний отолтод өртжээ. Түүнтэй хамт “Лалын улс” бүлэглэлийн таван дайчин хамт явсан ч, Иакоб ганцаараа амьд үлдсэн байна.
Энэ зураг Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “World press photo-2016” 59 дэх удаагийн тэмцээний “Ерөнхий мэдээ” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Тус наадамд 128 орны 5775 зурагчний шилдэг 82915 бүтээлээс шилдгээр шалгарч, дайны гашуун түүхийг дэлхий дахинаа харуулж чадсан байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.