Монгол Улс эдийн засгаа сэргээж, аврахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар нэгэнт тохиролцоод байгаа. Хөтөлбөрийг эцэслэн баталж, хоёр тал тохиролцооныхоо ард гарч гэмээнэ Монгол Улс ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.долларын зээл авах үүд хаалга нээгдэнэ гэдгийг ч албаныхан хэлсэн. Хамгийн гол нь ОУВС-гаас манай Засгийн газрыг төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулах даалгавар өгсөн.
Тиймдээ ч Засгийн газар 6-7 төрлийн татвар нэмнэ, зарим зарлагыг хасна гэж мэдэгдэж байсан юм. Улмаар төсөв тодотгох гэж хэсэгтээ л гацав. Зарим эх сурвалжуудын мэдээлж байснаар эрх баригч намынхан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх дээр нэлээд маргалдсан гээд байгаа. Цаашлаад, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн олон татвар нэмэх асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн байр суурьтай хүмүүс ч эрх баригчдын дунд байсан гэх мэдээлэл гарч л байсан.
Гэвч эцэстээ эрх баригчид нэгдсэн шийдвэрт хүрсэн бололтой, ямар ч байсан төсвийн тодотголоо өргөн барилаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболд ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана хэмээн мэдэгдэв. Тэгэхдээ төсвийн тодотгол олон хүний хүлээж байсан шиг биш байлаа. Ер нь иргэд арай ч тийм олон татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаж, танаж оруулж ирэхгүй байх. Зарлагаа нэлээд хумих болов уу гэж харж байсан байх. Гэвч яг ачир дээрээ төсвийн орлогыг нэмэхийн хажуугаар зарлагыг ч бас нэмчихсэн тодотгол өргөн барьчихлаа. Орлого бол мэдээж нэмэгдэж таарна.
Хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх сарын 1-нээс татвар авна. Мөн суудлын автомашины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг ирэх сарын 1-нээс нэмнэ. Цаашлаад шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг долоо, аравдугаар сард өсгөнө гээд байгаа. Тиймдээ ч Сангийн яамныхан төсвийн орлого 6.01 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн байна. Энэ нь анх баталсан хэмжээнээс 101.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Дээр дурьдсан олон татварыг нэмэх учраас орлого өсөх нь ойлгомжтой. Бүр тодруулбал, татварын орлого 65.8 тэрбум төгрөгөөр өснө гэсэн тооцоо танилцуулсан байна.
Өөр нэг гэгээтэй мэдээ байгаа нь эрдэс, түүхий эдийн үнэ өсч эхэлсэн учраас Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого 200.4, Ирээдүйн өв сангийнх 45.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол ч гарч. Ямар ч байсан Засгийн газар төсвийн орлого нэмэх зорилтдоо хүрэх нь дамжиггүй байх. Тэртэй тэргүй энэ онд олон татвар нэмэгдэх нь тодорхой юм хойно. Цаашлаад Монгол Улсыг аз ивээвэл зэс, нүүрснээс авахуулаад үнэ нь өсөх байх. Тэгвэл Засгийн газар төсвийн зарлагыг бууруулах чиглэлд яг ямар дорвитой алхам хийв. Яг үнэндээ ямар ч зоригтой, дорвитой алхам хийсэнгүй.
...Ердөө хэмнэлт хийж байгаа царай нь энэ. Уг нь төрийн томчууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх байсан юм. Үргүй зардал маш их гаргаж байгаа, түүнийгээ больчихвол овоо хэдэн төгрөг хэмнэх нь мэдээж. Саяхан Ерөнхий сайд дарга нарыг мөнгөө хэмнэ, гадаад, дотоод руу явахдаа хамгийн хямд тийз ав...
Тэр ч битгий хэл зарлага нэмэгдсэн. Тодруулбал, тодотголын төслөөр төсвийн зарлага, цэвэр зээлийн дүн 8.78 их наяд төгрөг болж, 220.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зарлага нэмэгдэхэд хөрөнгийн зардал 109.5, бараа, үйлчилгээнийх 49.1, татаас шилжүүлгийнх 7.8, эргэж төлөгдөх цэвэр зээл 189.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлаж. Ерөөсөө Засгийн газар зарлагаа чадах чинээгээрээ бууруулж, төсвийн алдагдлаа багасгах гэж дорвитой алхам хийсэнгүй. Төсвийн алдагдал 2.77 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэж ирж. Уг нь өмнө нь 2017 оны төсвийг батлахдаа алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталсан байсан.
Гэвч ийнхүү 1.5 хувиар нэмэгдчихлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2017 оны төсвийн тодотголд Валютын сангийн урьдчилсан нөхцөлийг тусгаснаар төсвийн алдагдал нэмэгдэж байгаа. Гол шалтгаан нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж байсныг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээг Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх ёстой. Ипотекийн хөтөлбөрийг төсөвт шилжүүлснээр үндсэн төлбөрөөс орж ирж байгаа хүүгийн төлбөрт 111 тэрбумыг төсөвт авч, зарлага талдаа бүртгэж байгаа учраас төсвийн алдагдал бага зэрэг нэмэгдсэн.
Хоёрт, Хөгжлийн банкны арилжааны зээлийг ДНБ 0.6 хувь ойролцоогоор 150 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг төсвийн зарлагад тооцсон. Үүнээс шалтгаалан төсвийн алдагдал өсч байгаа. Засгийн газар Валютын сангийнхантай төсвийн бодлогыг огцом хумихгүй гэж тохирсон. 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 15 хувьтай тэнцэж байсныг өнгөрсөн намар 2016 оны төсөвт тодотгол хийж, алдагдлыг огцом бууруулж 9.6 хувь болгосон.
Ингэж огцом бууруулах нь нэг талдаа эдийн засгийг улам сааруулах магадлалтай. Тиймээс төсвийн алдагдлыг үе шаттай бага багаар буулгана гэж Засгийн газар, Валютын сантай тохирсон” хэмээн ярьсан байна. Яах вэ, нэг талдаа төсвийг огцом хумих нь эдийн засгийг сааруулах магадлалтай нь үнэн. Гэхдээ эрх баригчид төсвийн зарлагыг багасгах тал дээр юу ч хийгээгүй. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангахыг болиулсан байх. Түүнээс 50 тэрбум төгрөг хэмнэх юм гэсэн. Хүүхдийн мөнгийг одоо нийт хүүхдийн 60 хувьд нь өгч байгаа. Түүнийг багасгаж, 40хувь болгох асуудал ярьсан. 20 хувиас хэмнэсэн мөнгөө зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон байдлаар тараах юм билээ.
Ингэхээр ямар хэмнэлт болох вэ дээ. Хэдэн хүний дэлгүүрийн орлогыг л нэмэх нь, өөр юм алга. Төсвөөс хэмнэлт гарахгүй. Яах вэ, нэг сайн юм байгаа нь төрийн албан хаагчдын тоог бууруулах. Гэхдээ шууд ажлаас нь халчихаж болохгүй болохоор эхний ээлжинд төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд шинээр ажилтан авахгүй байх замаар асуудлыг шийдэх юм билээ. Ердөө хэмнэлт хийж байгаа царай нь энэ.
Уг нь төрийн томчууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх байсан юм. Үргүй зардал маш их гаргаж байгаа, түүнийгээ больчихвол овоо хэдэн төгрөг хэмнэх нь мэдээж. Саяхан Ерөнхий сайд дарга нарыг мөнгөө хэмнэ, гадаад, дотоод руу явахдаа хамгийн хямд тийз ав. Хөдөө, орон нутагт дарга нарыг очиход хаа холоос тосож, “дүүриймаа” байдлыг хал. Ажлын өрөөгөө тохижуулах, ширээ сандал солих, том машин унахаа боль энэ тэр гээд баахан л ярьсан.
Гэхдээ ердөө л нэг тунхагийн шинжтэй байгаа юм. Тэгж хэллээ гээд дарга нар гадаад руу хамгийн үнэтэй суудалд тухлаад, эхнэр хүүхдээ дагуулаад, таван одтой зочид буудалд буугаад явдаг асуудал цэгцрэхгүй шүү дээ. Уг нь төсвийн тодотголдоо олон саяын цалинтай дарга нарын цалинг, гадаад, дотоодын элдэв томилолтын зардлыг хасаад оруулчихсан бол овоо хэдэн төгрөг хэмнэж болох л байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Олон татвар нэмэхийн оронд дэд сайдын албан тушаалыг халсан бол бас л хэдэн төгрөг хэмнэж болохоор байсан. Бас л тэгсэнгүй. Тэд ард түмнийхээ халаасыг ухаж, төсвийн орлогоо нэмэхээр зүтгэж байгаа хэрнээ зарлагаа улам тэлчихлээ. Тансаглалаасаа бага ч болов татгалзсангүй. Түүнийгээ төсвийг огцом хумих буруу гэж тайлбарлаад л өнгөрөх нь.