“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа яамдын харьяа агентлагуудыг онцолж буй билээ. Энэ удаа ХНХЯ-ны харьяа агентлагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нарыг онцлон хүргэж байна.
Туршлага хуримтлуулсан төрийн албан хаагч
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар Б.Нямдаваа ажиллаж буй. Тэрбээр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн бөгөөд боловсролын хувьд сумынхаа 10 жилийн IV дунд сургууль, 2002 онд Их Засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн нэгэн. Мөн АНУ-ын Колорадогийн техникийн их сургуульд төслийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа 2002 онд УИХ-ын гишүүний туслахаар эхлүүлж, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад 2005-2006 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зохион байгуулагчаар ажиллаж байсан хэмээн намтартаа бичжээ.
Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай 2008 оноос холбогдож, дэд даргаар нь томилогдсон аж. Улмаар 2009-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөх, 2012-2013 онд “Монголын алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүнийг энэ албан тушаалд томилогдох үед “УИХ-ын гишүүн Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компани дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдов” гэсэн мэдээлэл гарч байсан.
Төрийн албанд нэг ч жил ажиллаж үзээгүй байж, цахилгаан шатаар гэнэтхэн өгсчихсөн хүмүүсийг бодвол тэр төрийн албанд 10 жил ажилласан туршлагатай гэж хэлж болно. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсрол олгох, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээний талаар төрийн бодлогын хэрэгжилтийг ханган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж бүрдүүлэх зэрэг бодлого чиглэл баримтлан ажилладаг хэмээн Б.Нямдаваа дарга хэлжээ.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг ил тод байлгах үүднээс иргэд, олон нийтэд нээлттэй байна гэдгээ ч амласан байна. Ямартай ч, Н.Номтойбаяр сайдын компанид ажиллаж байсан ч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж байсан болохоор туршлагатай, төрийн албан хаагч хэмээн үнэлж байгаа юм.
Тус газрын иргэдэд үзүүлдэг үндсэн үйлчилгээг дурьдвал, Гадаадаас ажиллах хүч авах, илгээх, Ажил мэргэжлийн тодорхойлолтыг гаргах, статистик мэдээг нэгтгэх, Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийх, ахмад настны нийгмийн халамж үйлчилгээ, Зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамж, зорилтот өрхийн хөгжлийг хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна нийгмийн ажлын арга зүйгээр хангаж, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа, төрөлжсөн асрамжийг ч үзүүлдэг. Ард түмний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг зүйлүүдэд анхаарал хандуулж ажилладаг байгууллага гээд тодорхойлчихвол нэг их буруудахгүй болов уу.
Салбараа сайн мэддэг хүн
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газрын суурин дээр УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Өмнө нь хүүхдийн чиглэлээр 35 хүн ажиллаж байсан бол одоо гэр бүл, хүүхэд, залуучууд гээд хүн амын бараг бүх бүлэгтэй яг энэ бүтэц, орон тоогоор ажиллахыг Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв гэсэн харьяа байгууллагатай, харин салбар байгууллагуудын тухайд 21 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар багтдаг.
Энэ том айлыг удирдаж яваа хүн бол О.Алтансүх. Түүнийг 2016 оны наймдугаар сарын 17-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилсон. Намтраас нь сөхөж үзвэл, тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн ч Увс аймгийн Улаангом сумын II арван жилийг төгсөөд 1996-2000 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Улс төр судлалын ангийг дүүргэсэн ажээ.
Ингээд 2003-2004 онд Ховд аймгийн МАН-ын хорооны Улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Цаашлаад 2005-2009 онд НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, 2009-2010 онд УИХ-ын Тамгын газар, Референт, УИХ-ын гишүүний туслах, 2010-2012 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ үедээ Худалдаа Үйлдвэрийн Дээд Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан ажээ.
Түүнчлэн 2011-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн, 2014-2015 онд “Ус-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2015 онд ИНЕГ-ын Терминалын газрын дарга, 2015-2016 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдсон.
Тэрбээр ерөнхийдөө л хүүхэд, залуучуудын байгууллагад ажиллаж басйан бас ч гэж энэ тал дээр шаггүй туршлага хуримтлуулсан хүн гэдэг нь харагдаж байгаа биз ээ. Түүнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдоод ирэхэд нь “Өмнө нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Туршлагатай, салбараа мэддэг хүн ирлээ” хэмээн баярлаж байсан гэдэг. Тэрбээр ажлаа авснаасаа хойш Хүүхдийн тусламжийн 108 утсыг төв болгон өргөжүүлж, хариу үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн төв болгожээ.
Хүүхдийн тусламжийн 108 утас өмнө нь хүүхдүүдээс дуудлага хүлээж аваад цагдаагийн байгууллагад дамжуулдаг байсан бол эдүгээ төв болсноор гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж, хамгаалах байранд хүлээж авдаг болсон байна. Тодруулбал, энэ төв өөрийн хамгаалах байранд ирсэн хүүхдийг 72 цаг байлгаж, энэ хугацаанд хүүхдийн талаар ирүүлсэн тодорхой мэдээллийг судалж, цаашид ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэдэг байхаар төлөвлөжээ.
Мөн хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, халамж, сургуулийн нийгмийн ажилтан, асрамж халамжийн төвүүдийг холбосон нэгдсэн бүртгэлийн систем хийж байгаа гэнэ. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн өнгө үзэмжийг засч сайжруулан, тэнд өсч буй хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг хийж, хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тодруулбал, хүүхэд амьдрах таатай орчинг бүрдүүлсэн, асрамж халамжийн төвд байсан 699 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгөө аваагүй байсныг илрүүлж, тэдгээр хүүхдүүдэд тэтгэмжийг нь олгуулахаар ажиллаж байгаа гэнэ билээ.
Тухайлбал, улсын хэмжээнд байгаа нийт асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй 1012 хүүхдээс 180 нь төрөөс сар бүр олгож буй хүүхдийн 20 мянган төгрөгөө аваагүй бол 446 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж, 43 нь бүтэн өнчний тэтгэмжээ аваагүй байсныг илрүүлсэн байна. Тэдгээр хүүхдэд нийт 1.2 сая гаруй төгрөг олгох ёстой ажээ. Мөн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй 18 хүүхэд Олдох гэсэн овогтой, ямар нэгэн бүртгэлгүй байсныг албан ёсны бүртгэлтэй болгож байгаа гэх зэргээр тус газрын хийж, хэрэгжүүлж буй ажлыг дурьдвал багагүй их юм байна.
О.Алтансүх ер нь бол нийгэмд эерэг хандлага төлөвшүүлж, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийнэ гэсэн зорилготой байгаа гэдгээ ч өөрөө хэлж байсан. Одоо Гэр бүлийн тухай хууль болон Залуучуудын хөгжлийн тухай хууль дээр ажиллаж байгаа бөгөөд Залуучуудын хөгжлийн тухай хууль хаврын чуулганаар хэлцэгдэх юм байна. Харин Гэр бүлийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болж байгаа аж. Тэрбээр зөвхөн хүүхэд гэлтгүй, залуучууд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж, хамгийн гол нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, гэр бүл төлөвлөлт цаанаа нарийн учир шалтгаантай гэдгийг залуучуудад ойлгуулахыг хичээн ажиллаж байгаа ажээ.
Олонд танигдаагүй ч ажил нь урагшилж буй хүн
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Д.Зоригт ажиллаж буй. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл үгүй бөгөөд өмнө нь Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг л мэдээлэл байгаа юм.
Тэгэхдээ дарга нь олонд танигдаагүй ч тус байгууллагын ажил тун ч урагштай явж буй. Ерөнхийдөө Монгол Улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 15 гаруй жил болж байгаа бөгөөд энэ тогтолцоо нь иргэд болон ажил олгогч эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл билээ. Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг.
Тухайлбал, хүний амьдралд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болох, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй амьдралын эрсдлээс гадна эдийн засгийн, байгалийн, улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог. Энэ үед тэтгэвэр, тэтгэмж олгох үндсэн үүрэгтэй.
Хамгийн сүүлд хийсэн ажлаас нь дурьдвал, бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр төр төлбөрийг нь хариуцан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээлэн гүйцэтгүүлэхээр 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, ЭМЯ-ны “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан.
Мөн нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд “Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа” аянд нэгдэн ажиллаж байна. Үүнээс гадна элэгний С вирусын оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөхөөр болсон. Энэ мэтчилэн олон ажлыг хийж байгаа болохоор Д.Зоригт дарга ажлаа тэр хэрээр хийж байгаа гэж харагдаж байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.