Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.24)-ийн хуралдаан 10.50 цагт Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Н.Алтаншагай, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, М.Сарнай, П.Наранбаяр, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Х.Болормаа, П.Ганзориг, А.Ариунзаяа, Ж.Галбадрах, М.Нарантуяа-Нара, Б.Бейсен, Б.Хэрлэн нарын буюу нийт 63.3 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Ганзориг даргалан явуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүний өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж, “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Байнгын хорооны 06 дугаар тогтоолын биелэлт, үр дүнгийн болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонсож, хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын таван гишүүний санаачилсан Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан ч хууль санаачлагч гадаад томилолттой тул хойшлууллаа.

 

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа танилцуулж, тус салбарын багшийн хомсдол, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцолсон юм. Түүний мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгт 508, ерөнхий боловсролын сургуульд 4292, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад 82 багш дутагдалтай байсан бөгөөд 2030 он гэхэд 23 мянга гаруй багшийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Мөн 2026 оны хоёрдугаар улиралд улсын дундаж цалин 3.03 сая төгрөг байхад ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 2.23 сая, цэцэрлэгийн багшийнх 2.34 сая төгрөг байна.

Хуулийн төсөлд багш, боловсролын байгууллагын удирдах болон мэргэжлийн ажилтнуудын үндсэн цалинг улсын дундаж цалингаас доошгүй түвшинд тогтоож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэхээр тусгасан байна. Анги дүүргэлтийн ачааллыг цалинтай уялдуулах, багш мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, амьжиргааны тэтгэлэг олгох, олон жил ажилласан багш нарт эрт тэтгэвэр тогтоолгох сонголт олгох, хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтуудыг шинээр оруулахаар заажээ.

Түүнчлэн хуулийн төсөлд боловсролын санхүүжилтийг ДНБ-ий 7.0 хувь буюу улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй түвшинд төлөвлөх, суралцагчийн хувьсах зардал, үдийн хоол, дотуур байрны хоолны зардлыг инфляцтай уялдуулан шинэчлэхээр тусгасан байна. Эдгээр нь зөвхөн багшийн цалин нэмэх асуудал бус, боловсролын салбарын хүний нөөц, санхүүжилт, засаглал, үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулж, боловсролын тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн шинэчлэл гэдгийг тэрбээр дурдлаа.

Хуулийн төсөлд Засгийн газраас өгч буй саналыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Боловсролын салбарын багш, ажиллагсдын цалин хөлс, эдийн засгийн болон нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн зохицуулалт туссаныг тэрбээр дурдаж, эдгээр арга хэмжээний зардлын нарийвчилсан тооцоог хийлгүйгээр салбарын санхүүжилтийн ДНБ-ий 7-гоос доошгүй хувь, эсвэл улсын төсвийн нийт зардлын 20-оос доошгүй хувьд хүргэхээр тусгасан нь улсын төсөвт ойролцоогоор 2.2 их наяд төгрөгийн нэмэлт зардал шаардагдах тооцоо гарч буйг хэллээ. Мөн Монгол Улсын 2027 оны төсөвт хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалд тусгагдаагүй, Засгийн газар төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг зохицуулсан салбар салбарын хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн Сангийн сайд, боловсролын салбарт 2022 оны төсвийн жилээс эхлэн орцод бус гарцад суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж буйг мэдээлж, салбарын хуулиар ажилчдын нийгмийн баталгааны асуудлыг зохицуулах нь төрийн албаны нэгдсэн бодлогыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжихгүй байхыг Байнгын хорооны гишүүдээс хүсэв. Харин хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Засгийн газар саналаа хугацаанд нь өгөөгүй гэсэн тайлбар өгөв.

Хууль санаачлагчийн илтгэл болон Засгийн газрын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, М.Энхцэцэг, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Б.Хэрлэн, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлэв. Хуулийн төсөл санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар тодруулж, боловсролын салбарын зардлын хэмжээ одоо ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэж байгаа, 7.0 хувьд хүргэхэд төсөвт жилд хэдэн их наяд төгрөгийн нэмэлт ачаалал ирэхээр байгааг асууж, хариулт авав. Мөн тэрбээр багш нарыг эрт тэтгэвэрт гарах боломжтойгоор зохицуулж буйд шүүмжлэлтэй хандаж, 50-55 насны багш нар хамгийн өндөр туршлагатай, чадварлаг хүмүүс байдаг учир тэднийг эрт тэтгэвэрт гаргах нь боловсролын салбарын оюуны капиталыг алдах эрсдэлтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг ДНБ-ий 6.2 хувийг боловсролд зарцуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа мэдээлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын В.Рэнцэнхандын тайлбарласнаар Монгол Улсад тэтгэврийн насыг 1958 оноос хойш 55, 60 насаар тогтоосон хэвээр байгаа бөгөөд дундаж наслалт өссөн өнөө үед насыг бууруулах бодлого байхгүй юм. Багш нарын тэтгэвэрт гарах асуудлыг салбарын хуулиар бус Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа дурдаад, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхдийг үнэ төлбөргүй сургах зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа, тэтгэвэрт гарсан багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл, хүүхдийн хоолны зардлыг инфляцтай бус хүнсний үнийн өсөлттэй уялдуулах боломжийн талаар тодруулав. Тэрбээр багшийн улс төрийн эрхийг хязгаарласан заалтыг хассан үндэслэлийн талаар лавлаж, хувийн сургуулийн багш нарын цалин урамшууллыг төрийн сургуулийн багш нарынхтай уялдуулах шаардлага байгааг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хуулийн төсөлд тусгасан заалтуудыг нэлээд нь багш нараас шууд ирсэн санал болохыг тодотгож, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн чөлөөлөлтийг зөвхөн “эрэлттэй мэргэжил”-ээр хязгаарлахыг болиулах, эрүүл мэндийн шалтгаанаар эрт тэтгэвэрт гарах боломжтой болох, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг багш нар хамгийн их гаргаж байсныг танилцуулсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийг төслийг дэмжиж, сайн заалт олон ч засах шаардлагатай, эргэж харах хэрэгтэй зүйлс ч цөөнгүй байгааг анхааруулав. Тэрбээр багш нарын улс төрөөс ангид байх заалтыг хасахыг дэмжихгүй гэдгээ хэлж, тэтгэвэрт гарсан багшийн хөдөлмөрийн нөхцөлийг дордуулах эрсдэлтэй заалтыг өөрчлөх, анги дүүргэлтийн ачааллыг цалинтай уялдуулах зэрэг тодорхой саналуудыг хэлсэн юм. Өнөөдөр зарим ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь сургалтын чанарт ноцтой нөлөөлж буйг тэрбээр онцлов.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн зарим заалт санхүүгийн өндөр дарамт үүсгэж болзошгүйг анхааруулж, багшийн цалинг улсын дундаж түвшинд шууд хүргэх, эрт тэтгэвэр тогтоолгох эрх олгох, нийгмийн даатгалын нэгдсэн бодлогыг салбарын хуулиар өөрчлөх нь эрсдэлтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара багшийн цалинг нэмэхгүйгээр боловсролын чанар, шинэчлэлийн талаар ярих боломжгүй гэдгийг онцолж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр улсын сургуулиуд сайн багш нараа хувийн сургуулиудад алдаж буйн гол шалтгаан нь цалин хөлсний ялгаа гэдгийг дүгнэж, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Хуулийн төслийн зорилгыг дэмжиж байгаа гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн мэдэгдээд, зарим зохицуулалтын судалгаа, үндэслэлийг тодруулж, хариулт авсан юм. Тэрбээр төрийн болон хувийн сургуулийн багшийн цалингийн зөрүү ялгаа, түүнийг тэнцүүлэх шаардлага, мөн сургуулийн үйлчилгээний ажилтны цалингийн харьцаа, сургуулийн удирдлагыг хугацаатай томилох зэргийг нарийвчилсан судалгаа, тооцоонд үндэслэх нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, хуулийн төслийн зорилго зөв ч маргаантай заалтуудыг засах шаардлагатай гэлээ. Тэрбээр багшийн цалин, урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой заалтуудыг дэмжиж, харин тэтгэвэр, цалин, хувийн сургуулийн зохицуулалт зэрэг маргаан дагуулж буй заалтуудыг ажлын хэсгийн түвшинд дахин боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авч, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг сонсов

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 06 дугаар тогтоолын биелэлт, үр дүнгийн тайланг дараа нь хэлэлцэв. Уг тогтоолоор НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц, мөн тус байгууллагаас хийсэн Монгол Улсын хоёр болон гуравдугаар нэгтгэсэн тайланд хийсэн ажиглалт, дүгнэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар ГБХНХЯ-ны Төсөв, Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Энхтөр танилцууллаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа талаар дурдаад, хуулийн төсөлд НҮБ-ын конвенцын шаардлагад нийцүүлэн 14 нэр томьёог шинэчлэн тодорхойлж, бие даан амьдрах, хувийн туслах үйлчилгээ, дэмжлэгтэй шийдвэр гаргах эрх зэрэг зохицуулалтыг тусгаж буй талаар тодорхой танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс 2025 онд 5.0 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмжид зарцуулж, улсын гурван эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвүүдээр 2025 онд 635 хүүхэд, 2026 онд 556 хүүхэд үйлчлүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллагуудаас хэдий хэмжээний төлбөр төвлөрүүлсэн болон төрийн байгууллагууд өөрсдөө хууль хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулав. Тэрбээр төрийн байгууллагууд өөрсдөө хуулийн хэрэгжилтээ бүрэн хангаж чадахгүй байгааг шүүмжилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүргээ төрөөс эхэлж биелүүлэх шаардлагатай гэж байр сууриа илэрхийллээ.

Яамны газар, хэлтсийн дарга нар түүнд өгсөн хариултдаа, хуулийн шаардлага хангаагүй 969 аж ахуйн нэгж 2025 онд 10.1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн талаар мэдээлж, энэ оны эхний найман сарын байдлаар 5.57 тэрбум төгрөг ороод байна гэсэн юм. Түүнчлэн 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2694 иргэн хамрагдаж, 1002 хүн ажлын байртай болсон бол 2026 онд тус хөтөлбөрт 2566 хүнийг хамруулахаар төлөвлөснөөс 1170 хүн хамрагдаж, 433 хүн ажилтай болжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал зөвхөн нэг яамны асуудал биш, салбар хоорондын бодлогоор шийдвэрлэх ёстой гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаа шаарддаг иргэд нийтийн тээврийн хөнгөлөлт эдэлж чаддаггүйг дурдаж, энэ төрлийн иргэдэд зориулсан тусгай тээвэр, асаргаа, салхилуулах үйлчилгээний тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хараагүй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд худалдан авах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулав.

Хараагүйчүүдийн үйлдвэрийн шинэчлэлд 2025-2026 онд нийт 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үндсэн цехүүдийг бүрэн шинэчилсэн байна.

Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг цаашдын ажилдаа тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Ганзориг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгов.

 

Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах 59 шийдвэрийн 334 заалтын хэрэгжилт 80.06 хувьтай байна

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд заасан цаглаврын дагуу хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг дараа нь хэлэлцлээ.

Тайланг Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцуулав. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлаас баталсан 59 шийдвэрийн 334 заалт хяналтад байгаагаас 197 заалт буюу 59.0 хувь нь бүрэн хэрэгжсэн бол 128 заалт буюу 38.3 хувь нь хэрэгжих шатандаа, 34 заалт удаашралтай байгааг тэрбээр дурдаж, 202 заалтыг хяналтаас хасах саналтай гэдгийг хэллээ. Байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн хэрэгжилт 80.06 хувьтай байгаа нь Улсын Их Хурлын нийт шийдвэрийн хэрэгжилтийн дундаж үзүүлэлт болох 83.74 хувиас 3.68 нэгжээр доогуур байгааг тэрбээр онцлов.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэт ерөнхий байгааг шүүмжилж, зөвхөн хувь хэмжээгээр бус бодит үр дүнгээр тайлагнах шаардлага тавив. Тэрбээр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэрийн эргэлт зэрэг бодлогын шийдвэрүүд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг тодорхой жишээ, тоон үзүүлэлтээр мэдээлэх шаардлагатай байгааг онцлон дурдсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Батболд гишүүний асуулад хариулахдаа, Улсын Их Хурлын Тамгын газрын болон Засгийн газрын үнэлгээ 17 хүртэлх хувийн зөрүүтэй гарч байгааг дурдаж, хэрэгжилтийг үнэлэх нэгдсэн аргачлал боловсруулахаар ажиллаж байгааг танилцуулсан бол ГБХНХЯ-ны газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Энхтөр тус яаманд хамаарах 184 шийдвэрийн 490 заалтын хэрэгжилт 87 хувьтай байгааг мэдээлж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилт хамгийн өндөр үзүүлэлттэй хэмээн онцолсон юм. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Э.Мөнгөнсүх харьяалах салбарт хамаарах 15 заалтаас зургаа нь бүрэн хэрэгжсэн болон шинжлэх ухааны чиглэлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд зургаан журам батлаад байгааг танилцууллаа. Боловсролын салбарт хамаарах 26 хууль, 121 заалт, Байнгын хорооны 143 заалт хяналтад байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир дурдаж, салбарын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 80 гаруй дүрэм, журам батлах шаардлагатайгаас дийлэнх инь хийгдээд байгааг хэллээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Урьболд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг дагасан есөн журмын тав, Музейн тухай хуулийн хоёр журмын төслийг боловсруулсан бөгөөд үлдсэнийг 2027 онд батлуулахаар ажиллаж байгаа талаараа мэдээлэв.

Тайлан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, жил бүр давтагддаг, агуулгын давхардалтай тайланг хагас жил тутам хэлэлцэж буй энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гээд, хэрэгжиж дууссан, ач холбогдлоо алдсан заалтуудыг хяналтаас хурдан гаргаж, цөөхөн боловч хэмжигдэхүйц үр дүнтэй үүрэг даалгавар өгдөг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн зөвхөн хувь хэмжээг бус өмнөх үетэй харьцуулсан ахиц, саад болсон хүчин зүйл, цаашид авах арга хэмжээ, хариуцлагын асуудлыг тайланд тусгаж байхыг зөвлөлөө.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Ганзориг санал, дүгнэлт хэлсэн Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, тайлангийн бүтэц, аргачлал, үнэлгээний шалгуур, мөн тайлагнах хэлбэрийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг зөвхөн журам баталсан эсэхээр бус бодит үр дүнгээр хэмжиж байх шаардлагатайг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ