60 тэрбумын асуудал Хуульзүйн байнгын хороог яаралтай хуралдуулахад хүргэв

60 тэрбумын асуудал Хуульзүйн байнгын хороог яаралтай хуралдуулахад хүргэв
АН-ын удирдлагууд өчигдөр Ерөнхийлөгч хуульд заасны дагуу анхдугаар хуралдааны тов зарлах асуудлыг УИХ-д суудалтай нам эвслүүдтэй зөвшилцөхгүйгээр шийдсэн хэмээн мэдэгдэж, энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулах, улмаар хууль бус зөрчил гарсан учраас анхдугаар чуулганыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
 
Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Тодруулбал, Хуульзүйн байнгын хорооны хуралдааныг 15.00 цагт зарласан ч 16.00 цаг өнгөрч эхлэв. Үүнээс өмнө МАН-ын ажлын албаны зөвлөхийн биед УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат халдлаа гэх мэдээлэл гарсан ч энэ нь худлаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх УИХ-ын гишүүнийг хэл амаар доромжилж, чиний цаг дууссан гэсэн утгатай зүйл хэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Юутай ч дуулиан шуугиантай эхэлсэн тус байнгын хороо 52.6 хувийн ирцтэй хуралдав.  
 
Ардчилсан намаас Хууль зүйн байнгын хороонд хандаж мэдэгдэл гаргасан учраас энэхүү хуралдааныг хийхээр болжээ. Тус мэдэгдэлд төрийн албан тушаалыг 60 тэрбумаар худалдсан эсэхийг шалгах, энэ асуудалд хууль хяналтын байгууллага нь анхаарах ёстойг сануулжээ. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Төрийн албан тушаалыг наймаалцах тухай яриа бол эвлүүлэг байсан” гээд завсарлага авах хүсэлт гаргасан. Харин тус байнгын хорооны дарга Д.Ганбат “Маргаашнаас эхлээд төрийн албыг наймаалцаад эхэлбэл яах вэ.
 
Бид хуулийн байгууллагаар шалгуулж, уг асуудалд хяналт тавих ёстой. ЦЕГ, АТГ, ТЕГ болон бусад байгууллагын дарга нарыг дуудаж энэ хуралдаанд суулгах хэрэгтэй. Одоо энэ танхимд хоёрхон мэргэжилтэн сууж байна. Дарга нарыг нь дуудаж ирүүлмээр байна” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Өнөөдрийн хуралдаан бол Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ дагуу зохион байгуулж байгаа хурал юм. Заавал УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх албагүй.
 
Хууль зүйн байнгын хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргаж хуулийн байгууллагаар хянуулах эрхтэй” гэлээ. Энэ мэтээр маргаан үргэлжилсээр МАН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгсөн юм. Гэсэн ч дугаар шилжих мөчид Хуульзүйн байнгын хорооны танхимд нэг ч гишүүн байхгүй, хуралдаан эхлээгүй байлаа. Юутай ч эх сурвалжийн өгсөн мэдээллээр улс төрийн намууд Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөлд хүрсэн учраас байнгын хороог дахин хуралдуулах шаардлагагүй гэж үзэн хуралдааныг цуцалсан гэх мэдээлэл гараад байсан юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.