Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдоход түүнийг “утсан хүүхэлдэй” гэх мэтчилэн элдвээр хэлцгээсэн. Зарим нь “Ж.Эрдэнэбат чинь над шиг Орост дээд сургууль төгсөөгүй юм байна. Худалдаа үйлдвэрийн дээд сургууль чинь дээр үеийнхээр бол техникум шүү дээ. Нягтлан бодогч мэргэжилтэй хүн Ерөнхий сайд болчихлоо гэж үү” гэх утга бүхий зүйлийг бичиж байв.
Мэдээж тэр хүн бусдын захиалгаар бичсэн нь ойлгомжтой. Ер нь түүнийг өндийхөө больтол накаутанд оруулж нам дарж авах сонирхолтой олон хүн байгаа бололтой. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ж.Энхбаяраас өгсүүлээд л. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсоор хичнээн ч удаа буланд шахагдав даа. Намын бүлэг нь ч тэнгэр харуулахгүй балбахыг нь яана. Хамгийн сүүлд, тодруулбал, энэ сарын 17-нд хуралдсан намын бүлгийн ээлжит хуралдаан дээр Ц.Нямдорж “Эрдэнэбат аа ... минь чи бол Ерөнхий сайд биш. Аймгийн дарга л бацаан байхгүй юу “хэмээн дайрч доромжилсон байдаг. Уг нь ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдоход “залуу хүн чадна” хэмээж нам нь цаашлаад дэмжээд явчих юм чинь алзахгүй.
Засгийн газарт итгэл хүлээлгэж болох нь гэцгээж байсан юм. Гэтэл одоо ажил хийх гэхээр нь морь унасан согтуу эрийг хотны нохой боорлодог шиг 65-уулаа нийлж сүйд болно. Телевизийн камер харагдвал дуугаа өндөрсгөн, хүзүүгээ сунгаж ирээд л шударга царайлна. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт алдаатай зүйл байна уу гэвэл байгаа. Гэсэн хэдий ч чадлынхаа хэрээр хүзүүгээ гүрдийтэл зүтгэж л байгаа. Ард түмэн сохор биш. Алдаа оноог нь хэдийнэ дэнсэлж суугаа.
Ер нь ажил хийсэн нь муу нэр зүүдэг л байхгүй юу. Түүнийг эдийн засгийн сайхан орчин угтаагүй. Өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг төлөх хугацаа хаяанд тулсан байсан. Ядаж байх нь ээ, данс нь улайж май гээд гаргаад ирэх 500 сая төгрөг Засгийн газарт байгаагүй. Тиймээс юун түрүүнд Монгол Улс хавтгайрсан халамжаас татгалзах хэрэгтэй гэж үзээд түүнийг цэгцлэхээс эхэлсэн. Мэдээж сонгуулиас сонгуулийн хооронд халамжийн мөнгөөр угжуулж сурсан нийгмийн нэгээхэн хэсэгт тэр нь таалагдаагүй. УИХ ч саналыг нь тас цавчаад буцааж байлаа.
Оруулж ирсэн төсвийн төсөл нь хичнээн ч удаа буцаагдаж гэмээнэ нэг юм батлагдсан билээ. Боловсруулсан, хянасан ажлын хэсгийнхэн лав таниагүй байх. Тойргийн ашиг сонирхлын зөрчил Монгол Улсын ашиг сонирхлоос дээгүүр тавигддагийн жишээ эндээс харагдсан. Түүнчлэн 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийн асуудлыг оруулж ирэхэд УИХ яалаа. Гэхдээ л тэр чадсан.
Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад хандаж, “Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар” хэмээсэн нь хөрөнгө оруулагчдыг тэгнэсэн ачаагаа буулгахад хүргэсэн гэж хэлж болно. Тэр хэрээр гацаанд орсон уул уурхайн болон эдийн засгийн нөлөөлөл өндөртэй томоохон төслүүд хөдлөх нөхцлийг бүрдүүлж чадаж буй. Хамгийн гол нь Монгол Улс 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртэй болсон явдал. Ингэж дуугарснаар Засгийн газрыг өглөө оройгүй магт гэсэн үг биш. Алдаа гаргавал шүүмжил, гагцхүү эхлүүлсэн, санаачилсан ажлынх нь үр дүнг гарахыг хүлээ.
Шүүмжлэл хэзээ ч оройтохгүй. Харин замд нь тээг болж, хөндлөн хэвтэж болохгүй. МАК-ий Ерөнхий сайд юм уу хэмээн сүрдүүлж байх юм. Үнэнийг хэлэхэд, манай улсад МАК шиг бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгж байхгүй л байна шүү дээ. Тэгж яривал Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал өмнөх Засгийн газрын үед яригдаж, гэрээ хэлцэл байгуулсан санагдана. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д. Эрдэнэбат Засгийн газрыг төлөөлж 2015 онд Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгээд ч төрийн бодлогод залгамж гэж байх ёстой бус уу.
Нөгөөтэйгүүр Ц.Нямдорж эрчим хүчний тухай хуулийн автор нь. Цагаан суварга хөдлөхөд бэлэн болсон төсөл. Ашиглалтад орж гэмээнэ Монголын эдийн засагт нэмэр болох бус уу. Биднийг ийн хөлөө жийлцсээр, албан тушаалын төлөө улайран тэмцэлдэх зуурт өнөө гаднаас янз бүрийн хугацаатай авсан зээлийн төлөх эхний хугацаа хаалга тогшиж таарна. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Цагаан суварга руу эрчим хүч татахгүй яах юм бэ”. Зээл гэснээс нэгэнт олоод ирсэн, ороод ирсэн зээлийг ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүд рүү татах нь Орост сургууль төгссөн эдийн засагч байтугай дотооддоо техникум төгссөн нягтлан бодогчийн толгойд хамгийн түрүүнд орж ирэх бодол. Эсвэл нягтлан бодогч мэргэжил мэргэжил биш хэрэг үү.
Байшингийн булан бүрт орших найман нэрийн барааны дэлгүүр хүртэл нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаггүй биз дээ. Монгол Улс санхүүчдийн хувьд нэг л өрх, нэг л аймаг. Санхүүгийн сахилга бат хэр сайн байна тэр хэрээр мөнгөн урсгалын хэмжээ нь нэмэгдэж, жилийн эцэст ашигтай ажиллаж чадна. Ж.Эрдэнэбатын тухайд жижигхэн хувиараа эрхлэх аж ахуйн нягтлан бодогчоос аж ахуйн нэгж цаашлаад Сэлэнгэ аймгийн санхүү хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга, Сангийн сайд хүртлээ ажил мэргэжилдээ өсч дэвжсэн нэгэн.
Шинэ цагийн Монгол Улс зах зээлд шилжин хөлөө олохгүй бужигналдаж байх тэр үед Сэлэнгэ аймгийг бусдад илүүчлэх хэмжээний эдийн засгийн чадавхитай болгож чадсан санхүүч юм. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажилласан он жилүүдэд Сэлэнгэ аймаг улсад ажил үйлсээрээ жил дараалан шалгараад зогсохгүй “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлсэн тул Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд Сүхбаатарын одонтой аймаг хэд билээ дээ.
Миний мэдэхийн ганцхан Сэлэнгэ шүү дээ. Үнэндээ түүнийг ажил хүлээж авахад сэлэнгэчүүд эргэлтийн талбайнхаа дөнгөж 30 хувьд нь үр тариалдаг байсан бол дөрвөн жилийн дараа буюу УИХ-д сэлэнгэчүүдээ төлөөлөн суухаар мордоход дээрх үзүүлэлт 100 хувьд хүрсэн байх жишээтэй. Засаг даргаар ажилласан хугацаанд сэлэнгэчүүд халтар нүүрээ зад угаасан хүүхэд шиг л аймгийнхаа төвийг өөд татаж хөгжүүлсэн гэж хэлж болно. Сангийн сайдаар ажилласан богинохон хугацаандаа тэрбээр өөрийгөө төр, ард түмэндээ таниулсан бус уу.
Түүнийг Сангийн сайдаар томилогдоход ч таатай орчин угтаагүй. Энэ талаар эргэн сануулах аваас Монгол Улсын валютын нөөц 2.5 их наяд доллар, банкуудын зээл 2.6 их наяд төгрөг, Юаны зээл гадаад валютаас давсан төдийгүй гадаад зээл тав их наяд болсон нь эцэстээ тулсан тийм л улсын Сангийн сайдаар томилогдсон. Тиймээс ажил хүлээж авсан даруйдаа “Эдийн засгийн хямрал юунаас болов гэдэгт дүгнэлт хийнэ. Дүгнэлтээ үндэслэн хямралыг давж гарах хөтөлбөр боловсруулна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа. Тиймээс төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна.
Монгол Улс 2017,2020 онд том зээл төлнө. Төсвийн чанга бодлого явуулах ёстой. Үүний тулд тодорхой нөөц байх хэрэгтэй”хэмээн гарцаа тодорхойлсон нь бий. Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа ч тэрбээр зүгээр суугаагүй. Чухам улс төрийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж буйдаа л тэр улстөрчдөөс, намынхаа гишүүдээс хатуу үгийг сонсохоороо нэг болж буй. Тиймээс түүнийг зүгээр л ажлыг нь хийлгэ гэж хэлмээр байна. Өөрөө ч УИХ-ын чуулганы танхимаас “Та нар наад улс төрөө хий, би ажлаа хийе” гэсэн буй за.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.