Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр байлаа, өчигдөр. Ийм дүгнэлтийг АН-ынхан хийсэн юм. Учир нь өчигдрөөс эхлээд хэд хэдэн татвар нэмэгдэж байгаа юм. Тэр дундаа автомашины татвар нэмэгдлээ. Татвар нэмэгдэх сураг гарснаас хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлээд л автомашины үнэ нэмэгдсэн. Өчигдрөөс бүр ч их нэмэгдэж эхэллээ. Машины ченжүүд өмнө нь татваргүй оруулж ирсэн машинуудаа хүртэл өндөр үнээр зарж байгаагаа нуугаагүй.
Учир нь татвар нэмэгдээд ирэхээр машин оруулж ирээд ч зарагдахгүй, хэцүүдэнэ гээд байгаа юм. Өчигдөр АН-ынхан мэдээлэл хийхдээ Монголд жилд 36 мянган машин зарагддаг. Түүний 80-85 хувь нь хосолсон хөдөлгүүртэй, тэр дундаа приус байдаг хэмээн хэлсэн. Харин татвар нэмэгдэхээр приусны үнэ таван саяар өсөхөөр болчихлоо. Автомашины татварыг нэмснээр МАН-ынхан дундаж давхаргаа ядууруулах бодлого барьлаа гэдгийг ч тэд хэлж байсан. За тэр нь ч арай юу юм. Мэдээж тодорхой хэмжээнд иргэдийн нуруун дээр ачаа ирж байгаа. Гэхдээ түүнийгээ МАН-ынхан зөв тайлбарлаж чадахгүй байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн ам ангайх болгондоо шахам “ОУВС-гийнхан тэг гэсэн. Ийм арга хэмжээ ав гэсний дагуу бид хийж байгаа” гээд л байсан. Бараг л ОУВС-гаас приусны татварыг хүртэл нэм гэж хэлсэн хэмээн хэлэх нь холгүй байлаа. Гэтэл өчигдөр АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд гэдэг залуу ОУВС-гийн төлөөлөгч Нийл Сакерын хэвлэлд өгсөн ярилцлагыг иш татаж, ямар татвар нэмэхээ манайхан өөрсдөө шийдэж буйг ч хэллээ. Ингээд л дотооддоо, гадаадад ч онигоо болоод байна, бид. Хамгийн гол нь МАН-ынхан ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахын тулд татвар нэмэхгүй бол болохгүй гэсэн. Улмаар долоон төрлийн татварын хэмжээг нэмсэн. Өчигдрөөс зарим татвар нь нэмэгдэж байгаа гэдгийг дээр дурьдсан.
...Монголын баялгийг олборлож буй Оюутолгой мэтийн том төслийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээний зарим хэсгийг Монголын банкуудаар явуулах тухай заасан УИХ-ын тогтоол эгдүүг нь хүргэсэн юм байх. Энэ тал дээр АН, МАН гэлтгүй бүгдээрээ нэг байр суурьтай байж, бат зогсох хэрэгтэй гэж АН-ын бүлгээс өчигдөр мэдэгдсэн. Гэвч МАН-ынхан яахыг хэлж мэдэхгүй нь...
Тэгвэл ОУВС-гийнхан манайд хэрэгжүүлэхээр тохиролцсон хөтөлбөрөө хэрэгжүүлэх дээр унжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, хөтөлбөрт хамрагдах Монголын хүсэлтийг хойшлуулчихлаа. Хэвлэлийнхний шуугиад байгаагаар бол “Рио Тинто” л ОУВС-гийнхныг эргэлзэхэд хүргэсэн юм байх.
Монголын баялгийг олборлож буй Оюутолгой мэтийн том төслийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээний зарим хэсгийг Монголын банкуудаар явуулах тухай заасан УИХ-ын тогтоол эгдүүг нь хүргэсэн юм байх. Энэ тал дээр АН, МАН гэлтгүй бүгдээрээ нэг байр суурьтай байж, бат зогсох хэрэгтэй гэж АН-ын бүлгээс өчигдөр мэдэгдсэн. Гэвч МАН-ынхан яахыг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хугацаа тодорхой бус байдалд орчихоод байгаа учраас эрх баригчид татвар нэмэх асуудлаа эргэж харахгүй юм уу. Ядаж тавдугаар сарын 1-нээс эхлээд нэмэгдэж буй автомашины татварынхаа хугацааг хойшлуулах хэрэгтэй юм биш үү. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэхээс өөр аргагүй байсан гэж итгэе, хамаагүй.
Тэгвэл тэр хөтөлбөрт хамрагдах хугацаа чинь ядаж л хойшилчихлоо. Тийм болохоор татвар нэмэх хугацаагаа хойшлуулах хэрэгтэй биз дээ. Автомашинтай болох гэсэн иргэдийнхээ хэрэгцээг шаардлагыг бодсон ч. Автомашин оруулж ирж байгаа хүмүүсээ ч бодсон татвар нэмэхээ больдоггүй юм гэхэд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болох хүртэл хугацааг нь хойшлуулмаар байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.