МАН-аас М.Энхболд илүүрхэж, АН нэр дэвшигчээ тодруулж чадсангүй

МАН-аас М.Энхболд илүүрхэж, АН нэр дэвшигчээ тодруулж чадсангүй

Сонгуулийн тухай хуульд зааснаар тавдугаар сарын эхний долоо хоногт буюу энэ сарын 7 гэхэд парламентад суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө албан ёсоор тодруулж, СЕХ-нд мэдэгдэх учиртай. Тэр ч ёсоор өчигдөр улс төрийн хоёр том хүчний нэг болох МАН наймдугаар Бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, нэр дэвшигчээ тодруулсан юм. Харин Ардчилсан намын хувьд өчигдөр намын дотоод сонгуулиар нэр дэвшигчээ тодруулж, улмаар энэ сарын 6-нд буюу ирэх бямба гарагт Төрийн ордонд Их хурлаа хийж, нэр дэвшигчээ баталгаажуулахаар боллоо. Парламентад нэг л гишүүний суудал авсан МАХН-аас нэр дэвшигч өрсөлдөх эсэх нь тун сонирхолтой байгаа. МАХН ямар тоглолт хийхээс АН, МАН нэр дэвшигчдийн санал хуваагдах магадлал өндөр учраас Н.Энхбаярын намын нүүдэл иргэдийн сонирхлын зүй ёсоор татаж буй юм. Ху намаас өчигдөр мэдээлэл хийх зар тараасан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй сэдвээр хийв. Хэрвээ нэр дэвших хүнээ тодорхой болгочихвол хэзээ ч хамаагүй Бага чуулганаа хийх ирц хангалттай гэсэн мэдээлэл өгчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн ч ял эдэлж байсан учраас боломжгүй гэсэн хариулт аваад байгаа юм. Энэ тохиолдолд хоёр намын аль нэгийг нь дэмжиж орохын тулд хэн илүү ашигтай санал тавихыг анаж суугаа гэх бор шувуу ч саарал ордонд нисч эхэлжээ.

М.Энхболд үнэмлэхүй олонхийн санал авлаа

 Тусгаар тогтнолын ордонд Бага хурал 11.00 цаг өнгөрч байхад эхлэв. Хуралдааны өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Удирдах зөвлөлийн шийдвэр болон хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Өнгөрөгч мягмар гарагт хуралдсан намын Удирдах зөвлөлийн хуралдаанд таван нэр дэвшигч нэрсээ бүртгүүлжээ. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар өрсөлдөж гурван нэр дэвшигч нэрээ татсанаар өрсөлдөөн УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын дунд өрнөнө гэдгийг Д.Амарбаясгалан дарга онцолсон. Бага хуралд 330 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 310 гишүүн оролцов. Гэвч “Хэн ялалт байгуулах нь эртнээс тодорхой байсан. Мэдээж ганцаараа торойх нь эвгүй учраас Ц.Нямдорж гишүүн өрсөлдөөнд оролцсон төдий. М.Энхболд дарга Ерөнхийлөгчид өрсөлдсөнөөр УИХ-ын даргын суудал дэд дарга Ц.Нямдоржид очно” гэх таамаг яриа Тусгаар тогтнолын ордонд хэдийнэ гарчихсан байв. Энэ таамаг ч үнэний ортой гэдэг нь Бага хуралд оролцсон гишүүдийн өгсөн “хайрцагласан” саналаас харагдаж байлаа. Ц.Нямдорж гишүүн тийм ч сул өрсөлдөгч биш. Гэтэл хуралдаанд оролцсон 222 гишүүн намын даргадаа санал өгч, 37-хон хүн Ц.Нямдорж гишүүнд санал өгсөн юм. Нийт гишүүдийн 85 хувь нь М.Энхболд даргад итгэл үзүүлсэн гэхээр арай л үнэмшил муутай сонсогдож байсныг нуугаад яахав. Ц.Нямдорж гишүүн ч энэ дүн мэдээг урьдаас таамаглаж байсан гэдгээ хэлж байлаа. Тэрбээр, үнэмлэхүй олонхийн санал авсан М.Энхболд нэр дэвшигчийн духан дээр нь үнсч амжилт хүсээд “Цочирдох юм надад байхгүй. Цайныхаа цацлыг “Төрийн минь сүлд өршөө” гэж тэнгэрт өргөдөг ард түмэн. Ийм ард түмний төрийн тэргүүн байна гэдэг нэг талаас асар их хариуцлага нөгөө талаас аз байдаг. Найман жил болж, одоогийн Ерөнхийлөгчийн хугацаа нь дуусч байна. Шинэ Ерөнхийлөгч орох нь ойлгомжтой болж байна. М.Энхболд дарга энэ сонгуульд ялж, төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж, амжилт хүсч байна. Би та бүхэнтэй хамтарч М.Энхболд даргын сонгуульд чадах ядахаараа зүтгэнэ гэдгийг энэ индэр дээрээс хэлье. Бас “намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, битгий татгалзаарай” гэж дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд хандаж хэлэхэд, Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжиж өгөөрэй. Тэнгэр биднийг өршөөх болтугай, Төрийн сүлд биднийг ивээх болтугай” хэмээлээ. 222 гишүүний саналаар намаасаа Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авсан УИХ-ын дарга М.Энхболд “нам надад асар том үүрэг даалгавар өглөө хэмээн энэ их хүндлэл найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө би бүхий л боломжоо шавхан зүтгэх болно” хэмээлээ. Наймдугаар бага хурлын хоёрдугаар сэдэв нь Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авсан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх байсан. Энэ ёсоор ч үдээс хойшхи хуралдаанаар нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй учраас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хаалттай горимоор хэлэлцэж, 18.00 цагт тус намын Бага хурал өндөрлөлөө.

АН-ынхан анай л мөнгө тарааж, саналын маргаан гаргав

АН-аас Ерөнхийлөгчид горилж буй таван нэр дэвшигчээс нэгийг сонгох, намын дотоод сунгаа өчигдөр өглөө 10.00 цагт эхэлсэн юм. 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 намын үүр, хороодоор дамжуулан 180 мянган гишүүнийхээ саналыг авах дотоод сонгууль өмнөхийн адил маргаан мэтгэлцээнтэй өрнөв. Дотоод сонгуульд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Батулга, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Лу.Болд, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар өрсөлдөж, эв нэгдлийн гэрээ хүртэл байгуулав. Дотоод сонгуулийн үеэр намын дотоод журмаа зөрчихгүй байх, нэгнийхээ ялалтыг зүй ёсоор хүндэтгэх, хууль дүрмээс гажууд үйлдэл гаргахгүй хэмээн гэрээнд гарын үсэг зуржээ. Мэдээж дотоод сонгууль учраас сурталчилгааг хаагаагүй. Тэр ч утгаараа сошиал орчинд нэр дэвшигчид нэг нэгнийхээ өмнөх булхайг гаргаж тавих, сурталчилгаагаа ил тодоор хийсээр санал хураалтыг дуусгалаа. Санал хураалт 20.00 цагт дууссан бөгөөд ирц 60 гаруй хувьтай байжээ. Түүнчлэн, зарим нэр дэвшигч ил тод мөнгө тарааж байна гэсэн санал гомдлоос гадна өмнөх сонгуульд оролцож байсан гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ санал өгөхөөр ирэхэд санал өгөх эрхгүй болсон гэх гомдол олон гарав. Тэр ч байтугай АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн санал өгөх эрхийг хассан асуудал ч өчигдөр гарсан юм. Саналын маргааны талаар сонгууль зохион байгуулагчид тайлбар өгөхдөө “Намаас гишүүдийн нэрийг лацдаж ирүүлсэн. Тиймээс намаас ирсэн нэрний дагуу санал авч байна” хэмээжээ. Санал хураалтын эцсийн дүн 22.00 цаг орчим гарна хэмээн эх сурвалж мэдээлсэн ч өнөөдөр хариу гарах боломжгүй гэдгийг АН-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Ерөнхийлөгчид өрсөлдөгч М.Энхболд гэж хэн бэ

Энэ хүний намтар дэлгэсэн тэрлэг шиг. Улс төрийн тогоонд 30 гаруй жил явахдаа сайн, муугаар чамгүй хэлэгдэж явсан учраас улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан он жилүүд нь ард түмний нүдэнд илхэн билээ. Нэр дэвшигч М.Энхболдын дэлгэрэнгүй намтартай танилцана уу.

Төрсөн он:           1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,

Төрсөн газар:      Улаанбаатар хот,

Боловсрол:

  • 1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
  • 1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
  • 1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд    Эдийн засгийн магистр,
  • 2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
  • 2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
  • 2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

 

Ажил эрхлэлт:

  • 1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.

 

Улс төрийн сонгуульт ажил:

  • 1990 онд             Монгол Ардын Намд элссэн,
  • 1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013 оноос        МАН-ын дарга
  • 1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,
  •                              МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  •                              МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • 1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
  • 1997 онд          Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

 

Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:

  • 2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
  • 2008 оноос       Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,
  • 2009 оноос       Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос       “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.