2017 он гарснаар 1028 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2017 он гарснаар 1028 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын төр тун ноцтой гэж хэлж болохуйц нэгэн шийдвэр гаргасан юм. Тодруулбал, пүрэв гарагийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 1.11 дүгээр заалтыг хүчингүй болгох асуудлыг шөнөөр хэлэлцэн баталлаа. Энэхүү зүйл заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан байсан юм. Гэсэн ч Валютын сан энэ зүйл заалтаа унагахгүй бол танай улсад зээл олгохгүй гэсэн шахалт дарамт үзүүлж, улмаар МАН-ынхан уг асуудлыг хүч түрэн батлахаас өөр аргагүйд хүрэв. Ажлын цаг дууссан хойно энэ асуудлыг оруулж ирж, улмаар 36 гишүүн дэмжиж баталлаа. Ингэснээр Монголын баялгийг зарсан мөнгө Монгол Улсад огтхон ч хамаагүй хилээр гарахаар болж байна. Дотоодын банкуудаар гүйлгээ хийгдэх эх үүсвэр хаагдах эрхзүйн орчинг тэд бүрдүүлж өгөв.

Лу.Болд: Нэг л аймагт ялагдаж болохгүй юм уу

Чуулганы хуралдааны баасан гарагийн хуралдаанаар хоёр том хуулийн төслийг хэлэлцэж, түүнчлэн Ерөнхий сайд зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын талаар гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Баасан гарагийн хуралдааны эхэнд уг нь хуваарь ёсоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү нараас өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төсөл байсан ч хэлэлцсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Лу.Болд Сүхбаатар аймагт үүсээд буй хууль бус томилгоо, хуулиар ялалт байгуулсан Засаг даргыг томилохгүй байгаа асуудлаар тавьсан асуулгын хариугаа баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар сонсох хүсэлтээ илэрхийлэв.

Тэрбээр, “Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Улмаар УИХ-ын даргад хүсэлт тавиад эцсийн байдлаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар танилцуулахаар та шийдвэр чиглэл өгсөн. Таныг чиглэл өгсөний дагуу Сүхбаатар аймгийн иргэд 20 гаруй приус машинтай 100 гаруй иргэд ирчихсэн чуулганаар хэлэлцэх явцыг сонсоод, мэдээллийг Сүхбаатар аймгийн иргэддээ өгөхөөр ирчихсэн байгаа. Гэтэл асуудлыг дахиад долоо хоногоор хойшлуулах юм бол тэдгээр хүмүүс бүтэн долоо хоног хүлээнэ гэхээр нэлээд хүнд байдал үүсэх гээд байна. Бид уг нь Ардын намд баяр хүргэж байгаа. Та нар гайхамшигтай ялалт байгуулсан, Их хурлын танхимд 65 суудалтай үнэхээр үнэмлэхүй олонхи болсон. Дээр нь 20 аймгийн 19 аймагт нь ялалт байгуулсан. Харин гацхан Сүхбаатар аймагт ялагдсан.

Тиймээс үүнийг л хүлээн зөвшөөрөх асуудал байгаа. Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу” гэлээ. Харин УИХ-ын дарга дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариултыг одоо оруулах боломжгүй. Засгийн газар энэ талаар тун даруйхан тодорхой хариулт өгөөрэй хэмээсэн юм. Хуралдааны эхэнд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

391 хогийн төвлөрсөн цэгт 2.1 сая тонн хог хаягдал цугласан гэв

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн Хог хаягдлын хуулийн төслийн талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцуулга хийсэн юм. Уг нь энэ хуулийг 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан ч Төрийн мэдээллийн эмхэтгэлд оруулаагүй, хуулийг ёсчлоогүй учраас буцаасан аж. Тиймээс хуулийн төслийг дахин өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээс өөр аргагүй болжээ. Монгол Улсад 2016 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн цэг 391 байгаа бөгөөд 2.1 сая тонн хог хаягдал цугласан байна гэх тоон мэдээг салбарын сайд танилцууллаа.

Мөн нийслэлд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байгааг онцоллоо.  Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн аж.

Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулахаас гадна төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд  тавигдах шаарлагыг нарийвчлан тусгажээ  Мөн аюултай хог хаягдлын төвлөрсөн байгуу­лам­жийг байгуулах зорилгоор 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг боловсруулан Засгийн газраар энэ сард багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа анхны хэлэлцүүлгийг дэмжиж мөн л байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулга хийсэн юм. Энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төслийг хэлэлцэх нь зөв ч эргэж харах, нягтлах учиртай хэд хэдэн зүйл заалт байгаа учраас АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага хүссэн юм. УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн авч, энэ хугацаанд нягталж, ирэх долоо хоногт хойшлуулахгүйгээр хэлэл­цээд явах ёстой шүү хэмээлээ.

“Дархан-Улаанбаатар”-ын замыг шинэчлэх ажил тун удахгүй эхэлнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хурал­даанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэ­бат Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бү­тээн байгуулалтын ажлын яв­цын талаар мэдээлэл хий­лээ. Өн­гөр­сөн хугацаанд хэрэг­жүүл­сэн хөтөлбөр, хөрөнгө оруу­лал­тын үр дүнд 2017 оны нэг дүгээр улир­лаас эхлэн цемен­тийн үйлд­вэрүүд дотоодын хэрэг­лээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болжээ.

Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөл­бө­рийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч оны арван­хоёрдугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулах аж. Мөн Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт-Ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлж, улмаар 8717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн энэ оны эхний гурван сарын байдлаар 1028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Харин авто замын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд 2017 онд 21 чиглэлийн 1412.77 км хатуу хучилттай авто зам, 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг улсын төсвийн 5.29 тэрбум, Хөгжлийн банкны 23.84 тэрбум, гадаадын зээл, тусламжийн 509.93 тэрбум, нийт 539.06 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.

Эдгээрээс шинээр долоон чиглэлийн 506.5 км авто замын барилга болон их засварын ажлыг эхлүүлэхээр, он дамжин хийгдэж байгаа 14 чиглэлийн 973.26 км авто зам болон гурван байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна. Авто замын хөдөлгөөний эрчим ихтэй хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгааг хийж, зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр энэ хавраас хэрэгжүүлж эхлэх аж. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нар асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүрэгт, Туул голын эрэг хавиар ажиллаад буй хайрганы карьер тойрсон олон асуудал байна. Үүнийг шийдэх ямар арга хэмжээ авах вэ хэмээн тодруулсан юм. Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт дүүргүүдэд ажиллсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Туул голын эрэг хавиар ажиллаж буй хайрганы карьеруудад газар дээр нь ажиллаад цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргасан байгаа. Засгийн газраас Туул голын эрэг хариар ажиллаж буй хайрганы карьеруудыг бүгдийг нь зогсоох чиглэлийг өгсөн. Цаашид Туул голын дагуу хайрга олборлох карьер ажиллахгүй гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.