А.Цогцэцэг: Хүүхдээ хөхөөр хооллоогүй бол эхэд зөрчил тооцох асуудал байхгүй

А.Цогцэцэг: Хүүхдээ хөхөөр хооллоогүй бол эхэд зөрчил тооцох асуудал байхгүй

“Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно”, “0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ” зэрэг мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс өглөө.

А.Цогцэцэг сайд "Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул мэдээлэл өгч байна.

 Энэхүү хууль нь анх 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль байсан бөгөөд зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томъёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхисон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хүнстэй холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэх шаардлагатай болсон.

            Мөн эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт нь манай улсад 2000 онд 90-ээс дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан, харин хүүхдийн сүүн тэжээлийн импорт 2013 онд 394 тн байснаа 2014 онд 758.2 тн болж хоёр дахин нэмэгдсэн байна. Улс орнууд 40 дээш хувьтай гарвал аюултай гэж үздэг. Хүүхдийг эхийн сүүгээр зургаан сар хүртэл дагнан хооллох үзүүлэлт нь улс орнуудын эрүүл мэндийн чухал үзүүлэлт болдог бөгөөд “Хэрэв хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлийг 30 хувь, суулгалтаар өвчлөх эрсдэлийг 50 хувь, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72 хувь,  хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57 хувь, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд зургаан хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг нотолгоог ДЭМБ-аас тогтоосон.

Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр байна. Ганц жишээ дурдахад өнгөрсөн жилд улаанбурхан өвчний дэгдэлтээр эхний гурван сард 59 хүүхэд нас барсан аймшигт тохиолдол гарсан ба тэдний 76.2 хувь нь 0-8 сартай байсан ба эдгээрийн дийлэнх нь эхийн сүүгээр дагнан хооллодоггүй байсан. Ер нь зургаан сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг.

 Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замын эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолсон ба манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байна” хэмээлээ.

Мөн 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ хэмээсэн нь ташаа мэдээлэл бөгөөд энэ нь Эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай аж. Мөн сүүн тэжээлийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаалахгүй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн А.Цогцэцэг сайд онцлов. Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэнэ гэж тусгажээ. Мөн  сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой юм байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.