УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн юм. Тиймээс Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн билээ.
29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон улсын валютыг нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг УИХ 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ хүргүүллээ. Энэ үеэр О.Алтангэрэл "2017 оны 29 дүгээр тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэхүү тогтоолоор нэлээд олон асуудал зохицуулсан. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг байх заалт байсан. Сүүлийн үед уг заалтыг зөвхөн Оюутолгойтой холбоотой мэтээр тайлбарлаад байгаа. Огт тийм биш. Энэ бол "Бороо гоулд", "Центера Гоулд", "Тавантолгой" гээд бүх том төслүүдтэй холбоотой заалт юм.
Гэтэл энэхүү заалтыг "ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гээд Сангийн сайд байнгын хороо руу албан тоот бичээд явчихсан. Энэ нь нэгдүгээрт, уг асуудлын процесс өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газар хууль санаачлах эрхтэй байдаг. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд нэг албан тоот бичээд, түүнийг нь байнгын хороо хүлээн аваад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан.
Улмаар УИХ-ын 30 дугаар тогтоол гэгчийг гаргаад, 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа ханган" гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл "ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гэдэг зүйлээр монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна" гэлээ. Мөн тэрбээр "Ард түмнийхээ язгуур эрх ашгийг бодоод Монгол Улсын Үндсэн хуулиар асуудлыг харах уу, ОУВС яах бол гэсэн айдсаар асуудалд хандах уу гэдэг хоёр өнцөг л байгаа. Миний өнөөдөр гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргах байх. Хэрвээ "30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна" гэвэл УИХ тэрхүү шийдвэрээ өөрчлөх л ёстой. Түүнээс ОУВС яах бол гэж эргэлзэх учиргүй. Үр дагавар нь ямар ч байсан Үндсэн хуулийн дагуу л явах ёстой шүү дээ" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.