УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаа ярилцах үеэр Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил зарим элчин сайдуудыг томилох, эгүүлэн татах асуудлыг оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг оруулж ирсэн учраас хуулийн хугацаанд багтаж хэлэлцэх эсэхийг шийдэх учиртай аж.
Тиймээс оруулж ирсэн Элчин сайдуудыг дэмжих эсэхээ УИХ-ын гишүүд өөрсдөө шийдэх юм. Гэвч гишүүд хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй асуудлыг эрх ашгийн сонирхолтой оруулж ирлээ хэмээн бухимдлаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд дөхсөн энэ үед асуудлыг яаран оруулж ирсэн нь хардлага төрүүлж байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах хүсэлт ч гарсан юм.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Швейцарь, Франц, Герман улсад суугаа элчин сайдуудыг эгүүлэн татаж ҮАБ-ын Стратегийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат /Герман/, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн /Швейцарь/, Батлан хамгаалахын сайд асан А.Баттөр /Франц/ нарыг суулгахаар шийдсэн бол АНУ-д БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Канад улсад суух элчин сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Чингүүмдарь, Япон улсад суух элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр нарыг тус тус томилуулахаар оруулж иржээ.
Энэ асуудлыг өнгөрөгч тавдугаар сарын 02-нд МАН-ын бүлэг хэлэлцэж улмаар, долоо хоногийн хугацаанд УИХ-д оруулах байсан ч хүндэтгэж үзэх шалтгаантай гэсэн тайлбар өгч долоо хоног хойшлуулжээ. Найман жилийн хугацаанд Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний гадаад бодлогыг хариуцаж байсан гурван хүн, цаашлаад олон улсын харилцааны сургууль төгссөн, бүгд хэл устай, Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай учраас хэлэлцээд явах нь зөв гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар онцоллоо.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуульд хар тамхитай холбоотой заалтыг тусгаагүй гэж байр сууриа илэрхийлсний төлөө Хуульзүй дотоод хэргийн яам, агентлаг, цаашлаад дэд сайд чинь хүртэл намайг ална, баацанхүү гэх мэтээр доромжиллоо. Тиймээс энэ талаар намын дарга та анхаарал хандуулаач. Төрийн түшээ хүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө, бодит зүйлийг үнэнээр хэлсэн гэж ингэж агентлагаараа дайрч доромжилж болох уу. Энэ бол удаа дараа болж байгаа зүйл гэв. Улмаар энэ өдрийн чуулганаар хэлэлцэх асуудлаа ярилцсаны дараа УИХ-аар Статистикийн байгууллагыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.