Д.Сумъяабазар: Улстөржсөн байдлаар асуудалд хандвал эгүүлэн татна гэдгийг хатуу сануулъя

Д.Сумъяабазар: Улстөржсөн байдлаар асуудалд хандвал эгүүлэн татна гэдгийг хатуу сануулъя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улс орнуудад суух элчин сайд болон тус улсад суугаа элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Швейцарь, Франц, Герман улсад суугаа элчин сайдуудыг эргүүлэн татаж, Швейцарь улсад Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг, Франц улсад Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөрийг, Герман улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат нарыг тус тус томилох санал ирүүлжээ. 

Мөн Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, АНУ-д суух элчин сайд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Канад Улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөх санал хүргүүлж, одоо чуулганаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Элчин сайдуудын нэр хүнд цэвэр байх ёстой. Гэтэл төрийн элдэв үймээнд оролцож байсан хүмүүсийг элчин сайдаар томилох асуудал нэг биш гарч байна. Зарим нь жагсаал цуглаан хийгээд явж байгаа. Элчин сайдууд зөвхөн Төрийн өндөр айлчлалд хамаг анхаарлаа хандуулдаг. Эдийн засгийн үр өгөөж, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж, хөрөнгө оруулалт татах талаар ажиллаж байх ёстой шүү. Японд ямар ач холбогдолтой төсөл байгаа талаар Г.Тэнгэр ярьж байна. Д.Ганбат гуай өөрөө стратегич хүн учраас ажиллаж чадах байх. Энэ мэтээр улс орондоо ашигтай төсөл хөтөлбөр татах чиглэлд ажиллаарай” гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ихэнхийг нь ажил төрлийн шугамаар танина. Монгол Улсын нэр хүндийг аваад явчих чадвартай хүн гэж харж байгаа. Гадаад харилцаа улстөрждөггүй учраас Ерөнхийлөгч угшил харахгүйгээр оруулж ирсэн байна гэж харж байна. УИХ ч гэсэн улстөржих хэрэггүй байх. Шийдлээ зөв гаргана гэж ойлгож байна. Олон хүмүүс асууж байгаа учраас өөрсдөө сайтар судлаарай. Энэ удаад хариулаад өнгөрөх бус бэлтгэх хугацаандаа гишүүдтэй уулзаарай. Залуу гэж бид голж болохгүй. Тиймээс сайн ажиллаарай” гэв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Иргэндээ хүрч ажиллаарай, Элчин сайдын яам утсаа авдаггүй гэдэг шүү. Иргэн нэг бүртээ хүрч ажиллаарай. Цаашаа гарахдаа бид нэг л Монгол Улс. Тиймээс хэтэрхий битгий улстөржөөрэй. Аль нэг нам гэхгүйгээр засаг төрийн бодлогоо дэмжиж ажиллах ёстой шүү. Ийм зүйл гараад эхэлвэл эргүүлж татна гэдгийг хэлье” гэв. Монгол Улсын иргэн хэн бүхний өмнө Элчин сайдын яамны үүд нээлттэй байх, гадны хөрөнгө оруулалт татах чиглэлд түлхүү ажиллах учиртайг олон гишүүд захиж байлаа. Чуулган үргэлжилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.