Л.Гантөмөр: Бид хоцрогдсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
/БСШУ-ы сайд асан/
-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ Японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчихнэ шүү дээ. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манайхан дэлхийтэй өрсөлдөнө гэхээр “Үгүй ээ, тэр худал” гэдэг. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгос ямар байлаа. Бусдад байгаа боломж бидэнд ч бий. Бодлого нь зөв байвал гараад л ирнэ.
Ц.Цэнгэл: “Цайны зам”-ын гурав дахь уулзалт манай улсад болно
/БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл энэхүү төсөл манай улс яаж оролцох вэ. Хоёр хөрш улстайгаа ямар хот, тосгодоор хэрхэн яаж холбогдох вэ. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд дэлхий дахинаараа сонирхдог уул ус, ан амьтан, үзэсгэлэнт байгаль, өв уламжлал, соёлын аялалын маршрут гурван улсын уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тиймээс энэ том төслийн хүрээнд “Цайны зам”-ын гурав дахь уулзалт ирэх жил манай улсад зохион байгуулагдах юм. Энэхүү санаачлагад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө. Гэхдээ жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон км газар VIP зэрэглэлээр явж байгаа хэр нь суудал нь ор болдоггүй, босоогоороо зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд гардаг. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноороо ирэхгүй юм билээ.Тиймээс тохилог хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай.
Л.Энхтайван: Татварын орчин тодорхой, тогтвортой байх ёстой
/Эдийн засгийн ухааны доктор, профессор/
-Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манай улс сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засгаа хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх бодлого барьдаг. Нэгэнт бууруулчихсан татварыг буцааж нэмнэ гэдэг амархан биш. Энэ бол буруу жишиг. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж төлөвлөдөг. Тиймээс татварын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Нөгөөтэйгүүр, татваруудыг нэмж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амын орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй. Харин чинээлэг таван хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа бизнест хүндрэл учруулахгүй.
Б.Билэгт: Эдийн засаг богино хугацаанд сэргэвэл хэвийн байдалдаа орно
/УИХ-ын гишүүн/
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон өөрчлөлтийг хүч түрэмгийлсэн, аргагүйн эрхэнд гэдэг байдлаар гаргасан. Түүнээс л алдаа гараад ирж байгаа юм. Гэтэл тэр хооронд “Приус” машин нааш ачуулчихсан, замд явж байгаа хүмүүс хохирох болчихно. Тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих гээд байдаг. Замд явж байсан машинууд ороод ирэхээрээ тодорхой хэмжээний хохиролтой болчихож байгаа биз. Анхнаасаа л тодорхой хугацаа өгөх байсан юм. Гурван сарын хугацаатай байхад л бараагаа захиалах эсэхээ төлөвлөчихнө шүү дээ. Тиймээс хугацаан дээр гаргасан алдаагаа зассан. Долоон татварын өөрчлөлтөөс гадна хүүхдийн мөнгө гэх мэт зүйлс бас бий. Эдгээрийг эдийн засаг богино хугацаанд сэргэвэл буцаагаад хэвийн байдалд оруулах ёстой. ОУВС-гийн хөтөлбөрөөс манай улс гарчихвал буцаад хэвийн байдалд нь оруулна. Үүнийг 2019 он гэхэд хэвэнд оруулна байх гэж найдаж байгаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.